Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын  “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 323 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0494/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 131 дэх хэсэгт заагдсан “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Солонго анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

3.1.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль зүйн туслалцаа авах, мэргэжлийн өмгөөлөгч, хуульчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Б.Б+д мэдэгдээгүй бөгөөд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Учир нь хэргийн оролцогч талууд болох хариуцагч, гуравдагч этгээд нар нь хууль зүйн тодорхой хэмжээний мэдлэг бүхий, хуульч эрх зүйч нар байсан бөгөөд манай байгууллагын зүгээс хууль зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцсон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хааж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.1.2. Мөн түүнчлэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх нотлох баримт цуглуулах үүргийг хүлээдэг бөгөөд хэрэгт шүүхийн зүгээс цуглуулсан нотлох баримт нь хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэхэд хангалтгүй байсан гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий захиргааны актаар чөлөөлөхөөр заасан барилга, газар нь 2014 оныг хүртэлх хугацаанд Монгол Ардын намын эзэмшил ашиглалтад байсан бөгөөд Монгол Ардын намын эзэмшилд байсан хугацаанд барилга байгууламжийн хувьд эрх бүхий байгууллагад бүртгэлтэй эсэх талаар нотлох баримт байхгүй, Монгол Ардын намаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор лавлагаа гаргуулж аваагүй байгаа нь шүүх хэт нэг талыг буюу захиргааны байгууллагын гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

3.2. Хууль хэрэглээний тухайд:

3.2.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь зөв боловч хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. 2014 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Монгол Ардын намаас төрийн өмчид шилжүүлэх хүртэлх хугацаанд Монгол Ардын нам нь Газрын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг даргатай байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр газрын эзэмшиж байсан бөгөөд тус гэрээ болон Газрын тухай хуульд газар эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг эрхийг хэрхэх тухай, болон газрын ашиглах эрх авсан этгээд, Иргэний хуульд заасан шударга өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хэрхэн зохицуулах талаар хуульд тодорхой заасан байтал, зөвхөн 2014 оноос хойш олгогдсон газар эзэмших эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн нь шийдвэр буруу гарах, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх бус харин зөрчих шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцжээ.

2.2. Нэхэмжлэгч “И” ХХК “нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 131 дэх хэсэгт заасан “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2.3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 үгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2., 4.1.5., 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30, 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9.4.2-т заасныг тус тус үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан ба уг байршлуудад нэхэмжлэгч “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан Байгалийн түүхийн музейн баруун талын өргөтгөлийн барилга багтжээ.

2.4. Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Монгол Ардын намаас Үлэг гүрвэлийн төв музейд шилжүүлж, тус музейн хүсэлтээр маргаан бүхий 4712 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар 1 жил, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар тус тус сунгаж баталгаажуулсан байна.

2.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж эргэлтийн болон үндсэн хөрөнгийг Байгалийн түүхийн музейд балансаас балансад шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаан бүхий обьект, газар эзэмших эрхийн хамт Байгалийн түүхийн музейд шилжжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/351 дүгээр захирамжаар “Үлэг гүрвэлийн төв музей”-д музейн зориулалтаар 4712 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар баталгаажуулсан ба нэхэмжлэгч ”И” ХХК-аас “А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м.кв талбайг манай байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолоор “...”И” ХХК нь маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулахдаа Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж, эрхээ баталгаажуулаагүй, төрийн өмчийн объекттой давхцуулан барьсан нь хуульд нийцээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.7. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр “И” ХХК-ийн хөрөнгө байрлаж буй газар нь “Байгалийн түүхийн музей”-д шилжсэн нь үндэслэлтэй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нийслэлийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхөөр зохих байгууллагуудад үүрэг болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “манай байгууллага 2004 оноос хойш тухайн үеийн Монгол Ардын намтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хөрөнгөөр өргөтгөл барин ашиглалтад оруулсан ... сүүлд “Үлэг гүрвэлийн музей”-н захиргаатай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан” гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилсан байхад газрыг түрээсээр ашиглаж байсан гэх үндэслэлээр зөвшөөрөлгүй барилга барьсан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй.

2.9. Иймд газар эзэмших эрхгүй этгээд холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй барилга барьсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ