Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/330

 

2020        10         19                                              2020/ШЦТ/330                                        

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Бт холбогдох 2021002530330 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...................овогт Б /РД: .............../.

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван мөнх” дэлгүүрийн гадна иргэн Д.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар шидэж, эрүүл мэндэд “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг Бөмбөгтэй хөшөөний хажуу талд хорооныхоо 3 найзын хамт 3 шил архи уусан юм. Өдөр 15 цагийн орчим би архиа ууж дуусаад нилээн согтуу байдалтай Хэрлэн сумын 2 дугаар баг “Гурван мөнх” дэлгүүрийн гадаа явж байгаад багын найз Б, Э нартай таарсан. Тухайн үед Э, Б хоёр архи уучихсан согтуу явж байсан бөгөөд бид нар хоорондоо тоглоом шоглоом болгож нэгнийгээ албаар мөрлөсөн. Түүнд уурлаж Б миний цээж рүү түлхсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж заамдалцсан. Тэгэхээр нь би Бийн нүүр рүү духаараа мөргөсөн. Тэр үед Б куртикны маань хормойноос татаж толгойн дээгүүр тохож байгаад газар унагаасан. Намайг газар унаад хэвтэж байхад Б миний баруун мөр, бугалга орчимд 2 удаа өшиглөсөн. Тухайн үед Энхтулга бид хоёрын голоор орж салгасан. Би босохдоо газар байсан чулууг аваад Бийг айлгах гээд чулуугаараа далайсан чинь Б миний гарт байсан чулууг булааж аваад толгойд маань 1 удаа цохисон. Тэр үед ухаан балартсан ба хэсэг хугацааны дараа ухаан ороход миний зүүн талын чамархай орчмоос цус гарч байсан. Энхтулга өөрийнхөө зүүж байсан маскаар миний толгойны цусыг арчиж өгсөн бөгөөд тухайн үед Б явчихсан байсан. Тэгээд би толгойгоо боолгох гээд эмнэлэг рүү явсан. ...Миний хийлгэсэн эмчилгээ оношилгооны зардал 346,000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг Б төлсөн. Би өөрт учирсан хохирол болох 346,000 төгрөгийг бүгдийг нь Боос авсан тул одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн” гэжээ. /хх-ийн 14-20/

            Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б Г-д хандаж “Миний ямар хүүхнүүдтэй явах чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад өөд өөдөөсөө хараад духаараа тулаад зодолдох гээд байсан. Тэр үед Б Г-ийг хавирч унагаагаад замын хойшоо гараад явахаар нь би Г-ийг газраас татаж босгосон. Тэр үед Г газраас чулуу шүүрч аваад Бийн араас гүйж байгаад шидсэн. Тэр чулуу Бийг оноогүй юм. Гэтэл Б Г-ийн шидсэн чулууг шүүрч аваад түүний өөдөөс нь шидсэн. Чулуу Гансүхийн толгойг оносон ба тэр хоёр барьцалдаад авсан. Тэр үед би Г, Б хоёр луу гүйж очоод салгасан. Тухайн үед Гансүхийн толгойн чамархай орчмоос цус гоожиж байсан бөгөөд би тэр цусыг өөрийнхөө амны маскаар арчиж өгсөн...” гэжээ. /хх-ийн 23-24/     

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 585 тоот дүгнэлтэд:           

1. Д.Г-ийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн  хугарал, зүүн чамархай хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар тогтоогдсон зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чамархайн язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 34-35/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Г архи уучихсан согтуу явж байсан ба надад тулж ирээд “Чи газрын тосны хүүхнүүд дагуулаад намайг тоохгүй явлаа”  гэж агсан тавих маягтай хэлсэн. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэр үед Г миний хамрыг духаараа мөргөж цусалсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад би Гансүхийн куртикийг толгой дээгүүр нь тохож хойш татаад газар унагаасан. Тэр үед Г чулуу авч над руу шидсэн боловч оноогүй. Тэр чулууг нь би газраас аваад Гансүх рүү шидэхэд түүний толгойг онож зүүн чамархайнаас нь цус гарч эхэлсэн...” гэжээ. /хх-ийн 44-47/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

Гэрч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

Өвчний түүх /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/

Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  .................. овогт Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван мөнх” дэлгүүрийн гадна хохирогч Д.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг чулуугаар шидэж зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай хэсгийн язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Г-ийн над руу шидсэн чулууг би газраас аваад Г рүү шидэхэд түүний толгойг онож зүүн чамархайнаас нь цус гарч эхэлсэн…” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Г-ийн “...Би босохдоо газар байсан чулууг аваад Бийг айлгах гээд чулуугаараа далайсан чинь Б миний гарт байсан чулууг булааж аваад толгойд маань 1 удаа цохисон. Тэр үед ухаан балартсан ба хэсэг хугацааны дараа ухаан ороход миний зүүн талын чамархай орчмоос цус гарч байсан...” гэх, гэрч Э.Э-ын “...Б Г-ийн шидсэн чулууг шүүрч аваад түүний өөдөөс нь шидсэн. Чулуу Г-ийн толгойг оносон ба тэр хоёр барьцалдаад авсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 585 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Д-ын мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Г-ийн биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, чамархай хэсгийн язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 585 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Д.Г-д гэм хорын хохиролд 346,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгч Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г нь “...миний хийлгэсэн эмчилгээ оношилгооны зардал 346,000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг Б төлсөн. Би өөрт учирсан хохирол болох 346,000 төгрөгийг бүгдийг нь Боос авсан тул одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................ овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бт 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА