Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00104

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Бд холбогдох 2032000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан

-1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар

- 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Таван ханхар овогт Гонгорын Б. /РД:*/

 

           Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн №123 тоотод байрлах иргэн Двгийн гэрт Х.Датай маргалдан түүний толгой хэсэгт аягаар, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн …. ... 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Дв ахын гэрт ороход Дв ах Б ах хоёр архи уугаад сууж байсан. Надад хоол хийж өгөхөөр нь идээд сууж байтал гаднаас Да ах орж ирээд архи ууж байгаад намайг тахиа хулгайлсан гэхээр нь би уурлаад хоол идэж байсан аягаа авч шидэхэд толгой орчимд нь оносон. Да ах босч яваад канистртай ус татаж асгаад тэрэн дээрээ хальтирч савж унасан. Босоод ирэхээр нь би гараараа уруул орчимд нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Х.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрт хадгалж байсан архинаас ганцаараа уучхаад хөрш айл болох Двгийнд орсон. Тэнд Б, Дв, Б нар архи уугаад сууж байсан. Бид нар хамт архи ууж байгаад Быг өнгөрсөн жил чи миний 6 тооны тахиа хулгайлсан сураг дуулдсан. Гадуур хүмүүс тэгж ярьж байна гэтэл Б чи юу яриад байгаа юм гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл Б босч ирээд миний нүүрэн тус газар цохиж унагааж байгаад намайг дэвсэж зодсон. Би тухайн үед өөрөө нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдсэн хажуу талын айлын хүн Баярмаа намайг гэрт оруулаад эхнэр Алтанхуягийг дуудсан. Тэгээд эхнэр цагдаа дуудаж эмнэлэгт үзүүлж анхны тусламж авсан... Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Юм шидэх шиг болсон сууж байсан сандал дээрээсээ арагшаа савж унасан. Тэгтэл Б миний дээрээс цохиж зодох шиг болсон. Эмчилгээний мөнгө хиймэл шүд дахин тааруулж хийлгэхэд шаардлагатай 795000 төгрөг нэхэмжилнэ. Өөр санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 06-07 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн № 119 ...... Дүгнэлт:

1.Х.Дын биед толгойн хуйх, дээд урууланд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Г.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын Г.Бын оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 28 дугаар хуудас/

Хохирогч Х.Дын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал байхгүй, хохирол төлбөр барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

         

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн №123 тоотод байрлах иргэн Двгийн гэрт Х.Датай маргалдан түүний толгой хэсэгт аягаар, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Бын хохирогч Х.Дын толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон  үйлдэл нь тахиа хулгайллаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Х.Да нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Таван ханхар овогт Гонгорын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Боолдбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.