| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00022/Э |
| Дугаар | 00099 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 00099
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.БЭ нарт холбогдох 2032000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Төв аймаг Борнуур сумын Нарт 4 дүгээр баг, Өнжин гэх газарт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бат-Очирын Г. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймаг Баян-Овоо суманд 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2000 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн № 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жил 06 сар хорих ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 03 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бор овогт Басхүүгийн Г. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Эвт өндөр ХХК-д эксковаторын оператор ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн № 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Батаагийн БЭ. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 3-8 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Эвт өндөр ХХК-д эксковаторын оператор ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчу овогт Бтын Бб. /РД:*/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймаг Чандмань суманд 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, * гэх газарт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чандмань овогт Сайннохойгийн Бт. /РД:*/
Шүүгдэгч Б.Г, Б.Бб, Б.Г, Б.БЭ, С.Бт нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн….... 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Борнуурын тээрэм дээр байж байгаад Даваадоржоос хүмүүс алтанд явах гэж байна гэж сонсоод тэр хүмүүсийн араас явсан. Замдаа Бтыг аваад алтан дээр ирэхэд машинууд ирчихсэн байсан. Хүмүүс тэр алтны уурхай руу ороод төмөр аваад байхаар нь дотогш орж 2 ширхэг хуягт төмөр аваад гарч ирсэн. Бид нарыг очиход хаалга үүд нь онгорхой байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн ...... 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Борнуурын тээрэм дээр Зоригоогийн чулууг тэрэмдүүлээд байж байсан чинь хүмүүс алтанд явах гэж байна гэж Бат-Очирын Г хэлэхээр нь бид хэд тэгье гэж зөвшөөрөөд хамт явсан. Өнжин гэх газраас Бтыг аваад миний машинтай Зүүнхараа луу салдаг замаар яваад алтны уурхай дээр ирсэн. Тэгсэн баахан машин ирчихсэн хүмүүс нь дотогш орсон байхаар нь БЭийг машинд үлдээгээд бид дөрөв дотогш орж хуягт төмөр авсан. Би 1 ширхэг төмөр аваад машин дээрээ ирсэн. Тэгээд бид хэд Борнуурт буцаж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.БЭийн өгсөн........ 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын тээрэм дээр байсан. Тэгсэн чинь хүмүүс алтанд яваад байна гэж сонсоод бид нар ярилцаад явахаар болсон. Г ахын машиныг би жолоодож явсан. Замдаа Өнжин орж Бт ахыг аваад явсан. Бид нарыг ирэхэд хүмүүс дотогш алтны уурхай луу орсон байсан. Би машиндаа үлдээд энэ хэд дотогш ороод төмөр аваад гарч ирсэн. Тэгээд бид хэд Борнуур суманд буцаж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ббын өгсөн ........ 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Борнуурын тээрэм дээр байж байхад Бат-Очирын Г хүмүүс алтанд яваад байна гэж хэлэхээр нь бид нар араас нь явсан. Замдаа Бтыг аваад машинуудын араас явсаар байгаад тэр Цагаанчулуутын алтны уурхай дээр ирсэн. Бид нарыг ирэхэд хүмүүс хаалга цонхыг нь эвдээд орчихсон байсан. Би дотогш орж 2 ширхэг төмөр аваад гарч ирсэн. Тэгээд Борнуурт ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бтын өгсөн ....... 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би Борнуурын Өнжин гэх газарт гэртээ байхад Басхүүгийн Г яриад Цагаанчулуут гэх газар алт гарч байна явах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд эд нар хүрч ирэхээр нь нийлээд явсан. Тэгсэн зөндөө машинууд ирчихсэн хүмүүс нь дотогш ороод байхаар нь дагаж ороод 1 ширхэг төмөр аваад эвдэрсэн хаалгаар нь буцаж гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Г.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн……. Би Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын уурхайг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тээрмийн хуяг төмөр 30 ширхэг, тэгээд дээрээс нь хаалга, цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан..... Урьд шөнө уурхайн гүйцэтгэх захирал Г над руу утсаар яриад уурхай руу хүмүүс дайрч байна гэнээ очихгүй бол болохгүй байна гэсэн. Тэгээд би шөнө 02 цагийн үед уурхай дээр ирэхэд уурхайн гадна талд 40 орчим машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би машинтай голоор нь яваад ороход бүх машин номергүй байсан. Би тэгээд зарим машиныг хөөсөн заримыг нь шүргэсэн. Бүх машинууд зугатаагаад алга болсон. Үл таних хүмүүс манай уурхайд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь хар масктай малгай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй бүгд гартаа трубо, хүрз, жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрэмний хуяг төмөрнөөс аваад гарсан байсан.... Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 26-28 дугаар хуудас/
Гэрч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 45 минутанд Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаан чулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байрыг хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Намайг ойртох юм бол ална шүү аминдаа хайртай бол хол байгаарай гээд ойртуулаагүй. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Би уурхайн захирал Г руу нөхцөл байдлыг танилцуулж утсаар ярьсан. Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүс бүгд хар масктай согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа трубо юм уу ямар нэгэн юм барьчихсан байсан. ... Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны үүдэнд паркалж зогсож байгаад бүгд гүйгээд орж ирсэн. 80-90 хүн байсан байх гэж бодож байна. Голдуу приус машинууд байх шиг байсан. Машинууд нь номергүй байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдсэн гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/
Гэрч Ж.Бат-Ирээдүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би маргааш өдөр нь Борнуур суманд очоод Бямбсай, Бүүдүү, Жижгээ, ах Тулгаа нарт Цагаанчулуутын уурхай руу дайрч хуяг төмөр авна хуяг төмөрнөөс алт гардаг тухай цуг явах хүн байвал аваарай олуулаа тусмаа сайн шүү гэж хэлсэн. Гэтэл миний хэлсэн хүмүүс цааш нь хүмүүст тараасан юм шиг байна лээ..... Оройн 21 цаг өнгөрч байхад гэж санаж байна цагийг нь сайн санахгүй байна цахилгаан станцын хажуу талаас нийт 10 гаруй машин хөдлөөд Нартын даваан дээр зогсоод явж байсан машинуудыг тоолоход нийт 17 машин байсан. Би өөрөө тоолсон. Тэгээд нартын даваан дээр уурхай руу яаж орох талаар бүгдээрээ ярилцаад хаалгаар нь орцгооё гэж тохирсон. Тэгээд Нартын даваанаас бүгд хөдлөөд Цагаанчулуутын уурхайн үүдэнд очиж төв замын урд талд машинуудаа зогсоогоод жолооч нарыгаа үлдээгээд бусад хүмүүс бүгд уурхайн хашааны хаалгаар орцгоосон... Би Октябрийн алтан дээрээс тэр тухай сонсоод Борнуурынханд хэлж уриалж өөрөө зохион байгуулсан. Октябрийн алтан дээр Цагаанчулуутын уурхай руу дайрах тухай ярьж байсан хүмүүсээс тухайн өдөр Цагаанчулуутын уурхай руу ирсэн хүн Цэвэгмид л байсан гэх мэдүүлэг /Хх-н 30-31 дүгээр хуудас/
Гэрч Э.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө УлаанБт хотод гэртээ байхад Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг миний менежерээр нь ажилладаг цагаанчулуутын уурхайгаас над руу утсаар ярьж манай уурхай руу хүмүүс дайрлаа гэж ярьсан. Би шууд УлаанБт хотоос Цагаанчулуутын уурхай руу ирэхэд манай баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн дотор нь байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрмийн хуяг төмрөөс ойролцоо 100 ширхэг алга болсон байна. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайны тал соронз шуудайны тал хар шлик алга болсон байна. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байна. Тээрмийн хуягнаас хананд наалдсан алт байдаг гэж яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд алт байлдаггүй юм гэх мэдүүлэг /Хх-н 32-33 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 62-34 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагад 3 сая төгрөгний барьцаанд тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 2369810 төгрөгийн үлдэгдэлтэй явж байна. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс 2369810 төгрөгийг нэхэмжилж байна.... Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь манай байгууллага боловч тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах нь зээлдэгчид байдаг. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /Хх-н 162-163 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 02-06 дугаар хуудас/
62-34 УБТ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 11-13 дугаар хуудас/
62-34 УБТ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг 3000000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /Хх-н 22 дугаар хуудас/
Тээрмийн 30 ширхэг хуяг төмрийг 3120000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /Хх-н 43-44 дүгээр хуудас/
Б.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 98 дугаар хуудас/
Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 99, 102 дугаар хуудас/
С.Бтын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 103 дугаар хуудас/
Б.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 106 дугаар хуудас/
Б.БЭийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 110 дугаар хуудас/
Б.Ббын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 114 дүгээр хуудас/
Дархан-Уул аймаг Дархан сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 115 дугаар хуудас/
Б.Бб Б.Г нар нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 141, 142 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нар нь прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон, шүүгдэгч Б.БЭ нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон санаатай гэмт хэрэг үйлдэхэд Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нарт дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд Дээрэмдэх гэмт хэргийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ .... гэж тус тус заажээ.
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлсэн үеэс уг гэмт хэргийн бүрдэл нь төгсдөг бөгөөд довтлогч этгээдэд саад тотгор болж байгаа зүйлийн эсрэг халдлага эхлүүлж бусдын амь бие , эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруугийн шууд санаатай идэвхтэй үйлдлээр илэрхийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол.... гэж хуульчилсан нь нэгдүгээрт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох, хоёрдугаарт хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэсэн хоёр утга санааг илэрхийлж байна гэж ойлгох бөгөөд зарим тохиолдолд энэ хоёр утга санаа нь бодит зүйл дээр давхцаж илэрч болох ойлголт боловч шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г, Б.Г, Б.Бб, С.Бт нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон, шүүгдэгч Б.БЭийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж хамжигчаар оролцсооор яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хэн нь идэвхтэй ямар үйлдлээр хэнд, юунд хэрхэн яаж хүч хэрэглэсэн, эсхүл шүүгдэгч нар нь тухайн байгууллагын хамгаалагч болон бусад хүмүүсийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хор аюул учруулна гэж үг хэлээр болон гартаа зэвсэг барьж айлган сүрдүүлэх замаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл бид нарыг очиход машинтай хүмүүс ирээд Цагаанчулуутын алтны уурхайн барилгын хаалга цонхыг эвдсэн байсан, бид нар зүгээр ороод хуяг төмөр аваад гарсан гэж тогтвортой мэдүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд шүүгдэгч Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нарын хэн нь хэрхэн яаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тусгагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл: Довтлох гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэх гэсэн шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрхийг хэлнэ.
Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг олох зорилгоор өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгөд халдаж зориуд хор уршиг хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн боловч бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, байгууллагын хамгаалагч болон бусад хүмүүсийн амь нас эрүүл мэнд рүү чиглэсэн, мөн байгууллагын эд зүйлийг эвдэж гэмтээсэн үйлдэл гаргаагүй тул бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.БЭийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх хүлээн авч гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд буюу шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.БЭ нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг шүүгдэгч Б.Г, Б.Бб, Б.Г, С.Бт нар нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн 2032000000059 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Г, Б.БЭ, Б.Г, Б.Бб, С.Бт нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тус тус 06 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх , албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Г, Б.БЭ, Б.Г, Б.Бб, С.Бт нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ Тайгын булаг кредит ХХК-ний өмчлөлд байгаа Тоёота приус 20 загварын 62-34 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч нарын болон иргэний нэхэмжлэгч Б.Булгантамирын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ 3 сая төгрөгийг үндэслэн шүүгдэгч нараас тус бүр 600000 зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Сэргэлэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоргидсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Г, Бор овогт Басхүүгийн Г, Харчу овогт Бтын Бб, Чандмань овогт Сайннохойгийн Бт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг, шүүгдэгч Харчин овогт Батаагийн БЭийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Г, Бор овогт Басхүүгийн Г, Харчу овогт Бтын Бб, Чандмань овогт Сайннохойгийн Бт нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Харчин овогт Батаагийн БЭийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г, Б.Г, Б.БЭ, Б.Бб, С.Бт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г, Б.Г, Б.БЭ, Б.Бб, С.Бт нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г, Б.Г, Б.БЭ, Б.Бб, С.Бт нарт тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. 62-34 УБТ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг /гурван сая/ Б.Г, Б.Г, Б.БЭ, Б.Бб, С.Бт нараас тус бүр 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Энэ хэргийн улмаас 62-34 УБТ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г, Б.Г, Б.БЭ, Б.Бб, С.Бт нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.