Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 00109

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Г.Дгаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Дгаад холбогдох 2032000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн № 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар

- 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн

-2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг мандал сум дахь сум дундын шүүхийн № 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Дгаа. /РД:*/

 

           Шүүгдэгч Г.Дгаа нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн № 85 тоот хашааны гадна иргэн Х.Гстэй маргалдан түүний зүүн гуя болон хэвлийн тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дгаагийн өгсөн …. ... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед хамтран амьдарч байсан Сч гэх хүүхний утас руу нь залгасан чинь Гс гэдэг хүн аваад чи муу пизда яах гээд байгаа юм хаа таарсан газар чинь чамайг ална шүү би олон жил шоронгоор явсан атаман хүн шүү гэхээр нь утсаар янз бүр юм яриад яахав уулзаж байгаад ярилцъя гэсэн. Тэгээд би Ширхэнцэгийн гудамжинд тэр хоёрын байгаа айлд очсон. Гс эхлээд гэрээс гарч ирж уулзаад айлын хашаанд маргалдаад намайг барьж аваад түлхээд хувцас хунар ураад байхаар нь би гарыг нь тавиулаад түүнтэй ярилцсан. Айлын хашаанд маргалдаад яахав гээд хашааны гадна гарсан чинь намайг түлхэж унагаагаад босч ирэхэд боож унагасан. Би босч ирээд айлгах санаатай хутга гаргаж ирээд гуянд нь хутгалсан. Эргэж хараад намайг дахин барьж авахад нь гэдэс орчимд нь бас нэг удаа хутгалсан. Тэгсэн Гс Счийг аваад таксинд суугаад яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Х.Гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Дгаа гэрт ороод Счтэй уулзахад эхнэр нь би чамтай амьдарч чадахгүй энэ хүнтэй амьдарна гэдгээ хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би ер нь эндээс явъя гээд гарч такси дуудсан. Удалгүй такси ирэхээр нь Сч бид хоёр гараад таксинд суух гэхэд Нямаа цуг явна гээд суух гээд байхаар нь би Дгааг татаж арагш нь унагасан. Дгаа газар унахдаа надтай зууралдаад хамт унасан. Энэ үед машин эргэж хараад зогссон. Тэгээд би босоод машин руу явах гэхэд Дгаа миний араас зүүн хөлийн гуя руу хутгалахаар нь би эргээд хартал миний зүүн бөөрний орчим дахин хутгалсан. Тэгэхээр нь би зугатаад тэр чигээрээ таксинд суугаад явсан. Таксин дотор хутгалуулсан шархнаас цус гараад байхаар нь шууд эмнэлэг явсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/

Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр таксинд 87-85 УНО улсын дугаартай аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал 99615883 дугаарын утаснаас 20 цаг 25 минутанд залгаад Ширхэнцэгийн гудамжинд дуудсан. Би яваад очтол танихгүй эмэгтэй хүн машины хойно суусан. Хамт явсан эрэгтэй хүн нь намайг хүн хутгалчихлаа гээд машины урд суугаад хаалга түгжээд эмнэлэг оръё гэж хэлэхээр нь би шууд хөдлөөд Мандал сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын гадаа ирэхэд уг эрэгтэй хүн өөрөө буугаад эмнэлэг рүү орсон гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Гэрч Б.Счийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Гадаа гудамжинд эхлээд би таксинд суусан чинь ард Гстэй Дгаа барилцаад зууралцаад байсан. Тэгж байгаад Гс салаад машинд орж суух гэхэд нь Дгаа Гсийг хутгалсан. Тэгэхээр нь би машинаас буугаад очсон чинь Гсийн зүүн хөлний гуяны ар хэсэг болон зүүн бөөрний орчим тус бүр нэг нэг удаа хутгалсан байсан. Тэгээд би Гсийг аваад машинд суулгаад шууд эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн № 138...... Дүгнэлт:

1.Х.Гсийн биед хэвлий, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдсон.

 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 20-21 дүгээр хуудас/

Г.Дгаагийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын Г.Дгаагийн оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 32 дугаар хуудас/

Хохирогч Х.Гсийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 63 дугаар хуудас/ зэрэг болно.

         

Шүүгдэгч Г.Дгаа нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн № 85 тоот хашааны гадна иргэн Х.Гстэй маргалдан түүний зүүн гуя болон хэвлийн тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Дгаагийн хохирогч Х.Гсийн зүүн гуя болон хэвлийн тус газарт хутгалсан үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Дгаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Х.Гс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Дгаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Дгааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Дгааг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дгаа нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Дгаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Дгаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Дгаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.