| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00102/Э |
| Дугаар | 00102 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 00102
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Од холбогдох 2032001120100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймаг Жаргалант суманд 1975 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөгч угсрагч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдрах, *1 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт Сүхээгийн О. /РД:*/
Шүүгдэгч С.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 12-1206 тоотод байрлах иргэн Б.Мжын гэрт Б.Мжтай маргалдан түүний толгой, нүүрэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оийн өгсөн …. ... 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би төвийн гэрээс зуслангийн гэр лүү явж байхдаа Мжын гэрийн хажуугаар гарсан чинь Мж гэртээ орилж хашгираад байж байсан. Би зуслангийнхаа гэр дээр оччихоод Мжыг яаж байгаа бол гэж бодоод буцаад гэрт нь ирсэн чинь Мж согтуу орилж хашгираад хүүхдүүдээ айлгасан байдалтай байхаар нь яахаараа архи уудаг юм чи гэж хэлсэн чинь миний урдаас янхан гичий чамд хамаагүй гэж элдвээр доромжилсон. Тэгэхээр нь би өөдөөс нь хэрүүл хийсэн. Тэгтэл босч ирээд орилсон чинь 6 настай хүүхэд нь Мжаас зуурсан чинь хүүгээ аваад шалан дээр шидсэн. Тэгэхээр нь би чи яагаад хүүхдээ шиддэг юм гээд барилцаж авахад миний баруун талын нүд рүү цохисон. Мжын эхнэр Гч нь босч ирээд Мжыг барьж авахаар нь би гарч явсан. Хашаанаас нь гарч явах гэж байтал Мж араас гарч ирээд намайг барьж аваад пудволкны ханцуйг урахаар нь газраас чулуу аваад толгой руу нь цохисон. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тэгээд би хашаанаас нь гартал манай нохой гинжээ чирээд ирсэн байхаар нь нохойгоо хөтлөөд явж байхад Мж араас ирж хэрүүл хийгээд нохойны гинж булааж аваад нохойг ороолгосон чинь нохой Мжыг хазчих шиг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Мжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би гэр лүүгээ явсан. Тэгтэл гэрт хадам аав эхнэр 4 хүүхдүүд хамт байсан юм. Би жаахан уучихлаа уучлаарай гэхэд манай охин намайг аав унт хоол болохоор дуудъя гэсэн юм. Тэгэхээр нь би охиныхоо үгэнд ороод унтаж байтал 30 минут орчмын дараа охин аав хоол болчлоо хоолоо ид гэж намайг сэрээсэн юм. Тэгээд би хоолоо идээд байж байтал хадам эгч С.О хэзээ орж ирсэнг мэдэхгүй гал тогооны өрөөн дотор энэ нэг юмаа зайлуулаач гээд хашгичаад байсан. Би хадам эгчид чи яахаараа намайг хөөдөг юм би орон гэртээ байна гэхэд би чамайг хөөх эрхтэй хүн гээд босч ирээд гартаа барьж байсан юмаараа толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгээд би хаалгаар гараад явах гэтэл хадам эгчийн нохой манай гадаа ирчихсэн над руу дайраад намайг 3 газар хазаад авсан. Тэгээд би ээжийнхээ гэр лүү яваад өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 25-26 дугаар хуудас/
Гэрч Р.Гчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Аав гараад явсны дараахан манай нагац эгч О гаднаас орж ирсэн юм. Эгч чи яагаад архи уучаад хүүхдүүдээ айлгаад байгаа юм бэ гэхэд битгий хуц муу янхан гичий минь гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан юм. Тэгээд манай нөхөр Мж нь эгч рүү дайраад цохиод авахаар нь би тэр хоёрыг арайхийж салгаад гадаа гаргасан юм. Тэгсэн чинь манай нөхөр араас гүйж гарч ирээд зууралдаад салахгүй байсан. Хэсэг зууралдаж байгаад эгчийг салгаад аваад хашаанаас гаргаад буцаж орж ирээд харсан чинь манай нөхөр Мжын толгойноос цус гарч байсан. Тэгээд манай нөхөр дахиад хашааны гадаа гараад хэрүүл хийж байгаад эгчийн нохой нь манай гадаа гинжтэйгээ сул явж байсан юм. Тэгсэн нохойг нь гинжээр нь цохиж байгаад нохойд нь хазуулсан юм. Тэгээд арайхийж салгаад автал манай нөхөр ээжийнхээ гэр лүү яваад өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн № 111 ...... Дүгнэлт:
1.Б.Мжын биед толгойн хуйх, дух, зүүн чихний урд хэсэгт шарх, дух, баруун хацар, эрүүний зүүн дээд хэсэг, хүзүүний баруун доод хэсэг, цээжинд зулгаралт, өгзөгний зүүн хажуу хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Өгзөгний зүүн хажуу хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь нохойд хазуулах үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 14-15 дугаар хуудас/
Хохирогч Б.Мжын толгойд учирсан шарх болон нохойд хазуулсан шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 18-20 дугаар хуудас/
С.О нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 45 дугаар хуудас/
С.Оийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 48 дугаар хуудас/
Хохирогч Б.Мжын хохирол нэхэмжилсэн тухай баримт /Хх-н 52-56 дугаар хуудас/
Хохирогч Б.Мжаас нэхэмжилсэн 512000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 57-58 дугаар хуудас/
Хохирогч Б.Мжын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан С.Оээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 12-1206 тоотод байрлах иргэн Б.Мжын гэрт Б.Мжтай маргалдан түүний толгой, нүүрэн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч С.Оийн хохирогч Б.Мжын толгой, нүүрэн тус газарт чулуугаар цохиж зодсон үйлдэл нь архи ууж хүүхдүдээ айлгалаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Мж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Баатар овогт Сүхээгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.