| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00114/Э |
| Дугаар | 00113 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00113
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн пкрокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Сд холбогдох 2003000000288 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1993 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, ээж, хойд эцэг, дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын замын 1 дүгээр ангид сэв шалгагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хасгууд овогт Батнасангийн С. /РД:*/
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 07 дугаар вагоны 1 дүгээр тасалгаанд зорчин явж Түнхэл өртөөнд буухдаа 02 цаг 40 минутын орчимд тус тасалгаанд зорчин явсан иргэн Г.Лхын Iphone-Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1186000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сгийн өгсөн ......... 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд галт тэргэнд зорчин явахдаа бусдын эзэмшлийн айпоне Х маркийн гар утсыг зөвшөөрөлгүй авч буусан нь миний буруу. Энэ буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Г.Лхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс 20 цаг 55 минутанд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэрэгний 7 дугаар вагоны 1 дүгээр местэнд сууж Улаанбаатар орохоор явсан. Тухайн местэнд Сүхбаатар өртөөнөөс суухад 11 настай эрэгтэй хүүхэдтэй хоёулаа хөдөлсөн юм. Тэгээд шөнө Дархан өртөөн дээр манай местний 2, 3, 53 дугаар суудлуудад 3 хүн нэмэгдэж суусан. Дарханаас цааш хөдлөөд унтаж байгаад 2 цаг 38 минутанд дэрэн дороо хийчихсэн байсан утсаа гаргаж ирээд цаг харчихаад буцаж хийчихээд цаашаа харж унтаад 2 цаг 55 минутаас 03 цагийн хооронд Түнхэл өртөөн дээр зогсоход нь сэрээд утсаа харах гэтэл байхгүй болчихсон байсан. Мөн 3 дугаар местний хүн солигдчихсон байсан. Тэгээд шууд босоод вагоны үйлчлэгчид очиж гар утас алга болсон талаар хэлээд галт тэрэгний үйлчлэгч бид хоёр цуг хайгаад олоогүй. Олдохгүй болохоор нь 03 цаг 10 минутанд цагдаагийн өрөөнд очиж мэдэгдсэн. ... Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Теди худалдааны төвийн 2 дугаар лангуунаас 1350000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан.Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна. Цагдаагийн албан хаагч нь түргэн шуурхай миний гар утсыг олж өгсөнд баярлалаа гэх мэдүүлэг /Хх-н 09-13 дугаар хуудас/
Гэрч Б.Бхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Удалгүй Үнэгт өртөөн дээр дохио өгөөд зогсож байхад 3 дугаар местний төмөр замын цэнхэр хувцастай залуу сандарч гүйж ирээд энэ хаана явна гэж асуухаар нь Үнэгт гэж хэлсэн. Тэгээд тэр залуу дараагийн өртөө болох Түнхэл өртөөн дээр буусан. Түнхэлээс хөдлөөд удаагүй байж байтал 1 дүгээр местний охин гүйж ирээд миний утас алга болчихлоо саяны буусан залуу аваад буучих шиг боллоо гээд хүрээд ирсэн. Тэгээд би дохиогоо өгчихөөд буцаж ороод тухайн зорчигч охинтой хамт вагон дотор гар утсыг нь хайгаад олоогүй. Тухайн утас нь нь хайгаад олдохгүй болохоор нь галт тэрэгний цагдаа дуудсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/
Айпоне Х загварын 1 ширхэг гар утсыг 1186000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /Хх-н 33-34 дүгээр хуудас/
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 52 дугаар хуудас/
Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Төмөр зам дахь Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 54 дүгээр хуудас/
Б.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 58 дугаар хуудас/
Iphone-Х загварын гар утсыг хохирогч Г.Лхд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 07 дугаар вагоны 1 дүгээр тасалгаанд зорчин явж Түнхэл өртөөнд буухдаа 02 цаг 40 минутын орчимд тус тасалгаанд зорчин явсан иргэн Г.Лхын Iphone-Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 1186000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.С нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх, тэнссэн хугацаанд гэмт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоох, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Лх нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хасгууд овогт Батнасангийн Сг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сд тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.