Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 159/2022/0010/З |
Дугаар | 221/МА2022/0468 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2022/0468
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын
ахлах прокурорын дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Прокурор А.А болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А нар
Дүгнэлт гаргагч: САПГАП А.А
Хариуцагч: САДГГГУАБ Н.Т
Гуравдагч этгээд: Н.З
Прокурорын дүгнэлтийн агуулга: “САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: САПГАП А.А, хариуцагч САДГГГУАБ Н.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 159/2022/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. САПГАП А.А нь “САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Мөнгө угаах болон террорикзмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай САПГАПын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн хүчинтэй байх шаардлагыг хангахгүй талаар,
3.1.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ...валют ,..-ыг ойлгохоор заасан, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн” хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч нь энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж зорчигчийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үүргийг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үндэслэлүүдийг тодорхойлсон” гэжээ.
3.1.2. Дээрхээс үзэхэд валют нь бараа гэдэг ойлголтод хамаарна гэж шүүх дүгнэсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн, барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан үйлдлээс ямар шинжээр ялгагдах талаар дүгнэлт хийгээгүй.
3.1.3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун дарагдуулсныг”, мөн зүйлийн 3.1.2-т ““терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, уйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг” тус тус ойлгохоор заасан.
3.1.4. Материалд авагдсан холбогдогч Н.З-ын мэдүүлэгт “...рублийг дайж өгсөн, гаалийн байгууллагад мэдүүл гэж хэлээгүй, гаальд мэдүүлдэг хууль, журмыг мэдэхгүй, мөн рублийн тоог мэдэхгүй болохоор мэдүүлээгүй” гэж дурдсан байдаг ба эрх бүхий албан тушаалтан нь гаалийн мэдүүлэг бөглөх үед нь Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан зохицуулалтыг тайлбарлаж өгөөгүй, валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг, гаальд мэдүүлснээр ямар нэг татвар ногдуулахгүй зэргээр Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам”-ын 2.1-т “Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө егөх үүрэгтэй”, 2.4-т “Энэ журмын 2.1-2.3-т заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, үүргээ бодитой биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, шүүх үүнийг анхаарч үзээгүй байна.
3.1.5. Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийдвэрт тамга дарж баталгаажуулаагүй нь Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 226 дугаар тушаалаар батлагдсан “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын Хоёрдугаар зүйлийн 2.1 дэх хэсэг “Дараахь байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээд албан хөтлөлтийн үйл ажиллагаандаа тамга хэрэглэнэ”, 2.1.8-д зааснаар бүх шатны шүүх тамга хэрэглэх заалтыг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэр хүчинтэй байх хууль, журмын заалтыг хангахгүй байна.
3.2. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байна. Тухайлбал;
3.2.1. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Н.З-ын биед үзлэг хийхээс өмнө эрх, үүргийг нь тайлбарласан эсэх нь хэргийн материалаас тодорхойгүй байна.
3.2.2. Улмаар үзлэг хийж, хураан авсан 2.400.000 рублийг гаалийн байгууллагын орлогын няравт хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна” гэснийг зөрчсөн.
3.2.3. Зөрчлийн материалд хавсаргасан дуу-дүрсний бичлэг нь Н.З-ын биед үзлэг хийж, валютыг авч байгаа үйлдлийг нотлох боловч урьдчилан эрх, үүргийг танилцуулсан байдал тогтоогдоогүй, зорчигчийг айлган сүрдүүлсэн байдал илэрхий байдаг ба эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно” гэснийг зөрчсөн байх боломжтой байна.
3.2.4. Н.З-т шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан хуулийн дараах шаардлагууд хангагдсан эсэхэд анхаараагүй байна. Тухайлбал:
-Холбогдогчийн биедээ явсан 2.400.000 рубль нь түүний өөрийн мөнгө биш, Д.Т, А.Б гэх хүмүүсийн мөнгө байсан, уг мөнгийг цалингийн зээл, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсны орлого, тэтгэмжийн мөнгөнөөс бүрдсэн, эх сурвалжийг тогтоолгох талаар Д.Т гаргасан удаа дараагийн хүсэлтүүдэд дурдсан байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-д дүгнэлт хийж, зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй байна.
3.2.5. Өөрөөр хэлбэл, Н.З-ын биедээ авч явсан валют нь дээрх хуульд заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэсэн ойлголтод хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу хийжээ.
3.2.6. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан нь торгох шийтгэл оногдуулахдаа 2.400.000 рубль хэдэн төгрөгтэй тэнцэх талаар тухайн өдрийн Монгол банкны ханшийн лавлагааг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй, оролцогчид танилцуулаагүй нь холбогдогчид оногдуулсан торгох шийтгэл үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байна. Хавтас хэрэгт Гаалийн газрын цахим бүртгэлийн системээс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ханшийн лавлагааг гаргуулан авч хавсаргасан байх боловч энэ нь шүүхээс баримт бичигт үзлэг хийх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан баримт байна.
3.2.7. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр буюу шийтгэлийн хуудсанд байгууллагын тэмдэг, өөрийн дардасны аль нэгийг дарж баталгаажуулаагүй нь Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 135 дугаар тушаалаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэг журам”-ын Хоёр дугаар зүйлийн 2.7-д заасан “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэснийг, мөн журмын 2.5-д заасан “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4.1. САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаартай шийтгэлийн хуудас нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй тухайд:
4.1.1. САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Н.З-ын биедээ авч явсан 2.400.000 рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10.090.800 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
4.1.2. Н.З-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар гаалийн байгууллагад худал мэдүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.1.3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““мөнгө угаах” гэж... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч эд хөрөнгийн хийг нуун далдалсныг...”,
мөн зүйлийн 3.1.2-т ““терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг” тус тус ойлгоно гэсэн байна.
4.1.4. Гэтэл Гаалийн байгууллагаас холбогдогч Н.З-ын биедээ авч явсан валют нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй ямар хамаарал, болон шалтгаант холбоотойг шалган тогтоогоогүй, зөвхөн гаалийн байгууллагад худал мэдүүлсэн гэх шинжийг шийтгэлийн хуудас үйлдэх үндэслэл болгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т заасан “худал мэдүүлсэн” гэдэг нь тус хуульд заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийг зөрчихдөө хэрэглэгдэх арга, шинж учраас дангаараа гаалийн мэдүүлэг хөтлөөгүй гэсэн хариуцагчийн тайлбартай хуулийн агуулгаараа нийцэхгүй гэж үзэж байна.
4.2. Хариуцагч САДГГГУАБ нь зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тухайд:
4.2.1. Зөрчилд холбогдогч Н.З-ын биедээ авч явсан валют нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө мөн эсэх, террорист үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр үйлийн 1-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, мөн зүйлийн 2-т заасан баримт !ичиг, мэдээлэл гаргуулан авах, зэрэг ажиллагааг хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрсөн байна.
4.2.2. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр холбогдогч Н.З-аас анх мэдүүлэг авсан ба түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан...
-зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах,
хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах,
-нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах ...гэх мэт эрх, болон үүргийг танилцуулсан байна.
4.2.3. Гэтэл дээрх эрхийг эдлэх боломж хугацааг олгохгүйгээр тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 0090087 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
4.2.4. Холбогдогч Н.З-ын хувьд тухайн авч явсан гэх гадаад валют нь өөрийн хөрөнгө биш гэдгийг мэдүүлдэг ба түүнийг мэдүүлэг өгөхөөс өмнө нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь гаалийн газарт тухайн валют нь өөрийн шилжүүлсэн мөнгө болохыг баталж бичгээр удаа дараа тайлбар болон мөнгөний эх үүсвэрийн талаарх баримтуудыг өгсөн нөхцөл байдлыг тодруулах, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаануудыг хийгээгүй нь эрх бүхий албан тушаалтан нь хэргийг тал бүрээс нь нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр ба материалд авагдсан баримтыг хянахгүйгээр шууд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан Мөнгө угаах олон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тухайд: Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт... дээрх валют нь өөрийнх нь хөрөнгө учраас буцааж олгуулах тухай гомдлыг иргэн Д.Т-ын зүгээс гаргасан ба Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаар захирамжаар Н.З-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
4.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
4.3.2. Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд зөрчлийн хэрэгт холбогдогч Н.З- тухайн гадаад валютыг захиран зарцуулах эрх бүхий этгээд буюу өмчлөгч нь биш учраас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гэж үзэхэд учир дутагдалтай ба харин гаалийн байгууллага болон Прокурорын газарт удаа дараа хүсэлт гаргаж байгаа, өөрийн хөрөнгө мөнгөө автомашин авах зорилгоор ОХУ руу шилжүүлж рубль худалдаж авсан Д.Т-ын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг утгаараа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биш харин өөрийнх нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэдэг утгаараа гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай байсан гэж үзэж байна.
4.4. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Т-ыг оролцуулсан тухайд:
4.4.1. Н.З-ын хувьд шүүхэд төлөөлөх эрхийг Д.Т-д итгэмжлэлээр олгохдоо /нотариатаар батлуулсан/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл буюу нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцуулахаар заасан байна.
4.4.2. Өөрөөр хэлбэл 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0569 дугаартай итгэмжлэлд Н.З-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Гаалийн байгууллагад холбогдох “зөрчлийн шийтгэл хүчингүй болгох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох... эрхийг олгосон байна.
4.4.3. Үүнээс үзэхэд Н.З- нь тухайн хэрэгт аль оролцогчийн байр сууринаас оролцож байгаа эсэх, бие даасан шаардлага гаргах эсэхээ ойлгосон эсэх, эрх үүрэгтэйгээ сайтар танилцсан эсэх нь эргэлзээтэй байна.
4.5. Шүүхийн шийдвэр нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:
4.5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан.
4.5.2. Гуравдагч этгээд нь тухайн валютыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор бус, өөрийн танил нь ОХУ-д өгсөн гэж мэдүүлдэг ба үүний дагуу тухайн рублийг шилжүүлсэн гэх Д.Т-г өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан.
4.5.3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-аас гаргасан болон шүүхээс явуулсан албан бичгийн дагуу тухайн мөнгөний эх үүсвэр болох холбогдох банкны дансны хуулга, бусдаас болон банкнаас авсан зээлийн гэрээ, мөнгө зээлсэн иргэн П.Б, А.Б-ийн тайлбар, санхүүтэй холбоотой бусад баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Т нь дээрх баримтуудаар мөнгө цуглуулсан гэж мэдүүлсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ асуудлыг дурдаагүй, нотлох баримтаар үнэлсэн, үнэлээгүй эсэх нь тодорхойгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг” зөрчсөн гэж үзсэн нь шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хангаж өгнө үү.” гэжээ
5. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад прокурор болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. САДГГГУАБийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.З-ыг “улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан” болохыг тогтоож, 2.400.000 рублийг хурааж авч, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу 10.090.800 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, үүнийг эс зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокуророос “...тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зөрчлийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох, Н.З- нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх эрхтэй субъект мөн эсэх, мөн уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулаагүй, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй” хэмээн тайлбарлан маргажээ.
3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж зааснаар зорчигч нь 15 сая төгрөгөөс дээш хэмжээний валютыг биедээ авч яваа бол гаальд заавал мэдүүлэх ёстой.
4. Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг” ойлгохоор заасан, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч .../-ийн/ хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж тус тус заасан.
5. Түүнчлэн, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг журмын 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ”, 5.5.2-т “15 сая төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют” хэмээн журамлажээ.
6. Үүнээс үзвэл, зорчигч нь 15 сая төгрөг, түүнтэй тэнцэх болон дээш хэмжээний валютыг биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлэх үүрэгтэй, хэрэв гаалийн мэдүүлэг бичээгүй бол түүнийг гаальд мэдүүлэх бараа авч яваагүй гэж мэдүүлсэнд тооцохоор байна.
7. Гэтэл холбогдогч Н.З нь 2.400.000 рубль валютыг биедээ авч явсан атлаа Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хөтлөөгүй төдийгүй гаальд мэдүүлэх боломжтой байхад авч яваа валютын хэмжээг худал мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх тул түүнийг их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийж, худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль, журмын дээрх заалтуудад нийцсэн байна.
8. Хэдийгээр гуравдагч этгээд Н.З- “рублийг дайж өгсөн хүн гаалийн байгууллагад мэдүүл гэж хэлээгүй, гаальд мэдүүлдэг гэдэг хууль, журмыг би мэдэхгүй мөн рублийн тоог мэдэхгүй болохоор мэдүүлээгүй”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-аас “би ОХУ-аас машин авах гээд мөнгө шилжүүлсэн ... гэвч Ковид-19 цар тахлын улмаас машин оруулж ирэх боломжгүй болсон тул Н.З-ыг гуйж мөнгөө буцааж авахаар болсон ... уг валют нь Н.З-ын өөрийн валют биш учир мэдүүлээгүй” гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал нь зөрчлийг үгүйсгэх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.
9. Харин Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “...зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, ...зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, заасан байхад хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 2.400.000 рублийг бүхэлд нь хурааж, уг дүнгээс торгуулийн хэмжээг тогтоосон нь дээрх хуультай нийцээгүй байна.
10. Өөрөөр хэлбэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж ямар нэгэн урьдчилсан нөхцөл заалгүйгээр, өөрөөр хэлбэл зорилгоос үл хамаарч зорчигч 15 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг мэдүүлэхийг үүрэг болгосон нь улсын хилээр нэвтрүүлж буй их хэмжээний мөнгө, гадаад валютын урсгалыг хянах, улмаар уг хуулийн 15.2-т зааснаар мэдүүлсэн бэлэн мөнгөний мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж, сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх зорилготой байх тул “...хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгөтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болох бөгөөд “мөнгө угаах”, “терроризмыг санхүүжүүлэх” гэм буруу, зорилго тогтоогдсон байхыг шаардахгүй, харин зорчигч 15 сая төгрөг хүртэл хэмжээний бэлэн мөнгийг мэдүүлэхгүй байх эрхтэй гэж үзэх бөгөөд 2.400.000 рублийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 67,272,000 төгрөгөөс 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг мэдүүлээгүй нь зөрчилд тооцогдохгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
11. Зүй нь зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 52.272.000 төгрөгийг /67.272.000-15.000.000/ тооцон хураах, уг үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 7.840.800 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т заасантай нийцэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй байна.
12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дүгнэлт гаргагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан САПГАПын дүгнэлтийн зарим хэсгийг хангаж, САДГГГУАБ Н.Т-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаартай шийтгэлийн хуудсын 2.400.000 рублийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 67.272.000 төгрөг хураасныг 52.272.000 төгрөгөөр, 10.090.800 төгрөгөөр торгосныг 7.840.800 төгрөгөөр тус тус тогтоон хэмжээг нь багасгасугай” гэж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ