Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2019/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн, нэхэмжлэгч “ ” ХХК-ийн өмгөөлөгч А, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “ ” ХХК-иас Баянхонгор аймгийн сумын байгаль орчины улсын байцаагч -д холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч -ын 2018 оны 11 сарын 13-ны өдөр гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч -ын 2018 оны 11 сарын 13-ны өдөр гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудас нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Байгаль орчны хяналтын Улсын байцаагч -ын шийтгэлийн хуудас гаргах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох тухай

А. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа 1.1. “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3. тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг тогтоосон байх тухай заажээ.

Дээрх тохиолдолд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас оногдуулахдаа манай компанийг зөрчил үйлдсэн эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагуй буюу зөвхөн БОАЖЯ-ны 06/6779 дугаартай албан бичигт үндэслэсэн байдаг. Гэтэл уг албан бичгийг илт үндэслэлгүй болохыг мэдсээр байж (мөн манай компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн) бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр субьектив дүгнэлт хийж бидний үйл ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоохоор улайрч байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “хууль дээдлэх”, “хуульд үндэслэх” зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч ямар нотлох баримт, мэдээлэлд үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэж, улмаар шийтгэх хуудсаар “ ” ХХК-г торгосон нь тодорхойгүй бөгөөд зөрчлийн хэрэг нээсэн шийдвэр болон шийтгэх хуудаст энэ талаар дурдагдаагүй буюу нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан байна.

В. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.” гэж заажээ.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор зөрчлийн хэрэг нээж, 2018 оны 11 сарын 13-ний өдөр манай компанид шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх буюу 10,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд энэ хугацаанд буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд манай компанид хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцах боломжийг олгоогүй буюу огт энэ талаар мэдэгдээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

 C.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрх бүхий албан тушаалтан ... зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан.

Гэтэл Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БОАЖЯ-ны 06/6779 тоот бичгийг үндэслэл болгон “ ” ХХК-ийн 2 эко, 10 хово, 1 юмког лацдсан шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн дагуу явуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажиллагааны явцад гаргасан акт бөгөөд уг актыг хүчингүй болгуулахаар холбогдох дээд шатны байгууллагад нь гомдол гаргаад байгаа билээ.

Гэтэл байгаль орчны улсын байцаагч захиргааны албан тушаалтан болохынхоо хувьд гаргасан уг захиргааны актаа үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан “эрх бүхий албан тушаалтан”-ы үйл ажиллагааг явуулж 2018 оны 10 сарын 24-ний өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол” гаргасан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай хольж хутган хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журам дарааллуудыг ноцтойгоор зөрчжээ. Мөн дээр дурдсанчлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан 3 хоногийн дотор шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна.

Б. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д Эрхбүхий албан тушаалтан 14 хүртэлх хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, ... шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Гэтэл Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн хэрэг нээснээс 19 хоногийн дараа буюу 2018 оны 11 сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудас ногдуулсан шийдвэр гаргасан бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан шийдвэр байхгүй байгаа нь мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил билээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүргээ зөрчөөгүй болох тухай:

Компани нь ******* *******” ХХК гэх оноосон нэрээ өөрчилж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “ ” ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэнээс хойш “ ” ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “******* *******” ХХК нь (хуучин нэрээр) 2017 онд “ ” ХХК-тай гэрээ байгуулан Баянхонгор аймгийн сумын нутаг дахь “Их *******” нэртэй газар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хийлгүүлсэн, мөн “ ” ХХК-иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгүүлж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч , Байгаль орчин аялал жуулчлалын яамны шинжээч нараар батлуулсан байдаг.

Иймд манай компанид байгаль орчны үнэлгээ хийлгээгүй гэж зөрчлийн хэрэг нээж, шийтгэл хуудсаар шийтгэл ногдуулсан нь огт үндэслэлгүй юм.

Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.14 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тодотгол хийх нөхцөлүүдийг заасан байх бөгөөд уг зохицуулалтаас харвал Төсөл хэрэгжүүлэгч оноосон нэрээ өөрчлөх нь ТЭЗҮ-ийг тодотгох, шинэчлэх үндэслэл болохгүй нь тодорхой байна.

Ашиглалтын талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа гэх үндэслэлийн талаар:

А. Манай компанийн ашиглалтын талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа талаар эрх бүхий байгууллагын ямар нэгэн тодорхойлолт, шийдвэр гараагүй байхад Байгаль орчны хяналтын улсын байцаагч дур мэдэн ХХК-ны ашиглалтын талбай нь “******* *******” гол мөрний урсац ******* шандтай давхцаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь төслийн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Уул ажпын төлөвлөгөө зэрэг үндсэн баримт бичгүүд бүгд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тодорхойлолтод үндэслэн хийгддэг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 066/1105 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэсэн тодорхойлолтод үндэслэн холбогдох зөвшөөрлүүдийг журмын дагуу авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Иймд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч -ын 2018 оны 11 сарын 13-ны өдөр гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* овопгой Д би, 2018 оны 09 дүгээр сарын 30 ны өдөр Сумын Засаг даргын баталсан 13 дугаар удирдамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сумын Баян******* 1 дүгээр багийн нутаг Их *******т МV-012197 дугаартай 283,3 га талбай бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “ "/РД:/ ХХК-ны талаар Баян******* багийн БИНХ-ын Дарга Б.*******, Улаанбаатар хот дахь нутгийн уугуул иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч // нарын гаргасан өргөдөл гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж, " " ХХК нь Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон нь "Газрын тухай хуулийн" 56 дугаар зүйлийн 5 дахь заалт, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл БОАЖ-ын Яамны архивын мэдээллийн санд байхгүй байгаа нь “Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дахь заалтыг “******* *******" гол мөрний урсац ******* шандтай давхцаж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус, “хэрэгжүүлээгүй байгаа учир, экскаватор 2, хово 10, түлшний сав юмкос 1 ширхэгт лац тавьж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасний дагуу мөн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д" “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч би “ " ХХК- ны Кемп менежэр *******-д илэрсэн зөрчлийн дагуу бүрдүүлсэн хэргийн материалыг танилцуулсан. ******* нь “ " ХХК-ны тэрэг техник болон манаач нарыг хариуцсан хүн, миний хувьд ямар нэгэн түвшиний шийдвэр гаргах, гарын үсэг зурах хууль дүрэмд заасны дагуу хэргийн материалд тайлбар мэдүүлэг өгөх хүн биш тийм умраас шийдвэр гаргах түвшний хүнтэй холбоё гэснээр /*******/ утсаар ******* гэх хүнтэй утсаар холбогдож тэмдэглэл үйлдсэн. Илэрсэн зөрчлийн талаархи хэргийг танилцуулхад уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн учир “ " ХХК-нд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг" 35.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. 35.3 дахь заалт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь бичиг баримтыг уурхай дээрээ байлгана. Үүнд: Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар; Ашигт малтмал ашиглах техник. эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө;  35.3.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;  35.3.4 байгаль орчны менежментийн төлөвлөгөө; 35.3.5.хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ; З5.3.6 уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт;  35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ гэж заасан байдаг Улсын Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018 оны 09 дүгээр гарын 26-ний өдрийн 06/6779 тоот албан бичигт тус “ " ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл БОАЖ-ын Яамны архивын мэдээллийн санд байхгүй байгаа нь, Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.3, Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5 дахь заалт газар ашиглах гэрээ байгуулаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.7 дахь заалтыг, “******* *******" гол мөрний урсац ******* шандтай давхцаж байгаа нь “Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус хэрэгжүүлээгүй байгаа учир 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дахь заалт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүрэг биелүүлээгүй хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн тоот шийтгэвэрийн хуудсыг гаргасан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 2018 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар “ ” ХХК-д 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Уг шийтгэлийг оногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг" гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй гэж үзсэн байна .

Хариуцагч тайлбартаа 1." " ХХК нь Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон нь "Газрын тухай хуулийн" 56 дугаар зүйлийн 5 дахь заалтыг,

2.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл БОАЖ-ын Яамны архивын мэдээллийн санд байхгүй байгаа нь “Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дахь заалтыг,

 3. “******* *******" гол мөрний урсац ******* шандтай давхцаж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж тайлбарласан байна.

Шүүх дээрх тайлбарыг дүгнээд:

1. " " ХХК нь Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон нь "Газрын тухай хуулийн" 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт... “ Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”... гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн байх бөгөөд Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон талаар шүүхэд нэг ч нотлох баримтыг хэргийн оролцогч нар ирүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй тул " " ХХК нь Сум орон нутагт мэдэгдээгүй кемп байгуулж, суурьшлын бүс тогтоосон эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Гэхдээ Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 2018 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэлийг оногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл... “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг” ...гэсэн заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Ашигт малтмал эрж, хайж, ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэгт сум орон нутагт мэдэгдэж, кемп байгуулж, суурьшлын бүс тогтооно гэсэн заалт байхгүй байхад буруу хуулийн заалтыг баримталсан нь хууль бус байна гэж үзлээ.

2. “ ” ХХК-ийн MV -012197 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл БОАЖ-ын Яамны архивын мэдээллийн санд байхгүй байгаа нь “Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зйлийн 7.11 ,2.1 дахь заалтыг зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн байна. “******* ******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр оноосон нэрээ “ “ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 003071321 дугаартай албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/7093 дугаар албан бичгээр тогдоогдож байна. Эндээс дүгнэхэд “ ” ХХК, “******* ******* ХХК-иуд нь нэрээ өөрчилсөн нэг ХХК байна гэж үзлээ. Иймд 2017 онд “ ” ХХК Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн болох нь “******* ******* ХХК-ийн 2017 оны Баянхонгор аймгийн сумын нутагт орших ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн “Их ******* 1” алтны шороон ордны байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан тайлан, Баянхонгор аймгийн сумын нутаг дахь “Их ******* “ нэртэй газар ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна гэж үзлээ.

3. “ ” ХХК-ийн ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь гол мөрний урсац ******* шандтай давхцаж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус зөрчсөн гэж тайлбарласан байна.

“ ” ХХК-ийн МV-012197 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар зүйл, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу... “усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай байгаа нь”... улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 068/7548 дугаар “Уул уурхай ,хүнд үйлдвэрийн” яаманд хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...” Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”... гэсэн заалтыг зөрчсөн байх боловч Баянхонгор аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 2018 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэлийг оногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг” гэсэн заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн нь буруу хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн сумын байгаль орчины улсын байцаагч -ын 2018 оны 11 сарын 13-ны өдөр гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ