Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1855

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        10         26                                         2020/ШЦТ/1855

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Б.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Б.ийн С.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 2611 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Ш. овогт Б.ийн С..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С. нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” төвийн голын зам дээр “эгнээгээрээ явж байхад машинаараа шахсан” гэх шалтгааны улмаас А.Амар-Эрдэнэтэй маргалдан, улмаар нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж, биед нь зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Амар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” төвийн голын зам дээр би баруунаас зүүн зүг рүү явж байсан чинь Тоёота Акуа 58-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэл дохио өгөлгүй шууд миний урдуур дараад ороод ирсэн. Би хажуугаар нь тойрч гараад гэрлэн дохион дээр зогстол миний араас ирж зогсоод, бууж ирээд миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Миний хамарнаас тухайн үед цус гараад хавдсан. Би тэр хүнээс 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Надад бодит 193.800 төгрөгийн хохирол учирсан ба үлдсэн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь миний сэтгэл санааны хохирол гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

- Гэрч Б.Ганбатын өгсөн: “Бид хоёр эгнээгээрээ явж байхад тухайн тээврийн хэрэгсэл дахиад урдуур дайрах гэхээр нь тулсан байсан тул зайлуулаад хажуугаар нь тойроод гарсан. Тэгээд цааш явж байгаад зогсоход хойноос ирээд машины хаалга онгойлгоод 40 орчим насны махлагдуу өндөр ах манай Амар-Эрдэнийн шанаан тус газар нэг удаа цохиод, яаж байгаа юм, лалар минь гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11280 тоот: “А.Амар-Эрдэнийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Б.С.ын яллагдагчаар өгсөн: “Машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод жолооч талын хаалгыг онгойлгоод эрүү хавьцаа нь нэг удаа гараа зангидаж байгаад цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Б.С. нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” төвийн голын зам дээр “эгнээгээрээ явж байхад машинаараа шахсан” гэх шалтгааны улмаас А.Амар-Эрдэнэтэй маргалдан, улмаар нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж, биед нь зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Амар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ганбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны  10 дугаар сарын 06-ны өдрийн 11280 тоот дүгнэлт, Б.С.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Б.С.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогчоос баримтаар 120.000 төгрөг нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.С.од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт Б.ийн С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА