| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1820/Э |
| Дугаар | 1856 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1856
2020 10 26 2020/ШЦТ/1856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Т., Ж.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Д.ын Т., Б. овогт Ж.ы Ө. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2451 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пинк товер бюлдинг” ХХК-д барилгын ажил хийдэг, Ц. овогт Д.ын Т..
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пинк товер бюлдинг” ХХК-д барилгын ажил хийдэг, Б. овогт Ж.ы Ө..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ө., Д.Т. нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн орчим иргэн Б.Ган-Эрдэнийг нүүр толгой хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ар талаас нөгөө 3 залуугийн нэг нь тэвэрч аваад газар унагаад биеийн бүх хэсэг рүү өшиглөн зодож эхэлсэн. Би доошоо хараад хэнийг нь зодож байгааг харж чадаагүй, ойролцоогоор 5-6 минут зодсон ба хажуу талаас Жанчив миний нүүр лүү мөргөсөн залуу болох Билгүүн нар салгасан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
- Гэрч Х.Жанчивын өгсөн: “Эхлээд Ган-Эрдэнэ, Билгүүн нарын хооронд зодоон эхэлсэн. Тэгэхэд хажуу талаас Одонхүү нь Ган-Эрдэнийг салгах гээд түлхэх үед Ган-Эрдэнэ газар унасан. Тэгээд үргэлжлүүлээд Т., Ө. нар нийлээд зодсон. Харин Билгүүн, Одонхүү бид гурав салгах гэсэн боловч чадахгүй байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
- Хохирогч Б.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд 4 дүгээр хавирганы хугарал, 21, 22 дугаар шүдний цөгцний эмтгэл, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зулайн хуйх, баруун дээд зовхины зулгаралт, зүүн хөл, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48 тоот дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Т., Ж.Ө. нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн орчим иргэн Б.Ган-Эрдэнийг нүүр толгой хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Т., Ж.Ө. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Т., Ж.Ө. нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн орчим иргэн Б.Ган-Эрдэнийг нүүр толгой хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч хохирогч Б.Ган-Эрдэнэ, гэрч Х.Жанчив нарын мэдүүлэг, Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т., Ж.Ө. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогчид 440.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Т., Ж.Ө. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц. овогт Д.ын Т., Б. овогт Ж.ы Ө. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Т., Ж.Ө. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т.өөс 220.000 төгрөгийг, Ж.Ө.оос 220.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Вэсүд овогт Батбаатарын Ган-Эрдэнэ /РД:КЮ99113016/-д олгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Т., Ж.Ө. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА