| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1922/Э |
| Дугаар | 1956 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1956
2020 11 09 2020/ШЦТ/1956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ц.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2544 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
Б. овогт Ц.ийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б. нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Цэндсүрэнг “машинтай тосож авсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед манай нөхөр Ц.Б. утсаар залгаад “би очиж байна, чи тосож ав” гээд согтуу залгахаар нь би гэрээсээ машинтай тосох санаатай гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэнд нөхөртэй таарсан чинь манай нөхөр ямар ч шалтгаангүй газраас том чулуу аваад машины жолооч талын цонхоор миний баруун нүд рүү хоёр удаа цохиод, машины түлхүүр булааж авахаар нь би шууд машинд байсан хоёр настай ачаа аваад буусан чинь манай нөхөр согтуу өөрөө машинаа барьж хөдлөөд 100 метр яваад зогсч байсан машин мөргөсөн. Тэр үед нь машины эзэн 102 дугаарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10343 тоот: “Д.Цэндсүрэнгийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 25-29/,
- Ц.Баттулгын яллагдагчаар өгсөн: “Найз Түвшээ бид хоёр 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Шар дэлгүүрийн хажууд автобуснаас буугаад Улиастайн горхи хүртэл 1 цаг гаруй алхсан. Тэгэхдээ би замд хүний утас гуйгаад эхнэр Цэндсүрэн лүү залгаад “чи машинтай явж байгаа бол намайг тосоод авчих” гэж хэлээд Улиастайн горхины хойшоо “Очир” дэлгүүрийн үүдэнд явж байхад эхнэр машинтай ирэхээр нь би уурлаад, машины түлхүүр булааж аваад, эхнэр Цэндсүрэнгийн баруун нүд рүү гараараа хоёр удаа цохиж, машинаас буулгаад, би өөрөө согтуу машинаа барьж хөдлөөд, 100 метр яваад зогсч байсан машин мөргөж зогссон. Энэ үед эхнэр цагдаад дуудлага өгөөд удалгүй замын цагдаа ирээд намайг барьсан. Би маргааш нь авто осол гаргасан гэж 1 жилээр эрхээ хасуулж, төлбөр төлсөн. Харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Б. нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Цэндсүрэнг “машинтай тосож авсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Б. нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Цэндсүрэнг “машинтай тосож авсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Цэндсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10343 тоот дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Ц.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Баттулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Б. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Ц.ийн Баттулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА