Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01794

 

Ч.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1444 дүгээр магадлалтай,

Ч.Сын нэхэмжлэлтэй

С.Год холбогдох

Орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Сын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мядагбадам, хариуцагч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 3 сард С.Гоос 15 000 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 1 хувийн алдангитайгаар зээлж авсан бөгөөд тус мөнгийг төлж чадалгүй үндсэн зээл, хүү, алданги нийлээд 26 500 ам доллар болсон. Тэр үед С.Г миний өмчлөлийн 2 өрөө байрыг нийт 47 500 ам доллараар авна гээд урьдчилгаа байрны төлбөрт дээрх зээл болох 26 000 ам долларыг авсан гэж үзэн үлдэгдэл 21 500 ам долларыг С.Гоос авахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна. Санзайн зуслан дахь гэр байшинг газрын хамтаар миний нэр дээр шилжүүлж өгнө гээд өгөөгүй байна. Үүнээс хойш надад мөнгө өгөхгүй байсаар 3-4 сарын дараагаар хүнээс мөнгө зээлээд өгье гээд 5000 ам долларыг 20 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн алданги төлөхөөр зээлсэн. Удалгүй 25 000 ам доллар болсон гэсээр ажил дээр ирж хүчээр 23 750 ам долларын гэрээ болгон нотариатаар батлуулсан бөгөөд уг хуурамч гэрээгээ шүүхэд өгч бэлэн мөнгө авсан гэж 45 000 000 төгрөг гаргуулахаар 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Би 23 750 ам долларын хуурамч гэрээ хийлгэхээс өмнө С.Гын эхнэрийн дансанд болон бэлнээр 5000 ам долларын хүүд 2 000 000 гаруй төгрөг төлж байсан, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр надтай С.Г худалдах, худалдан авах гэрээний нөхцлийн талаар тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан боловч тухайн жилийн 5 дугаар сарын 9-ний дотор 4500 ам доллар, үлдэгдэл 7500 ам долларыг төлөх, Санзай дах зуслангийн гэр байшинг газрын хамт өгөхөөр тохиролцсон боловч эдгээр мөнгөө өгөлгүй 4 жил миний байранд амьдарч банкны зээлээ ч төлөхгүй миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Санзайн зусланд байгаа гэр байшинг газрын хамт миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч 2012 оны 6 сарын сүүлчээр газар дээр нь очиж үзэхэд газрын гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байсан. С.Г үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас Худалдаа хөгжлийн банкны зээлийг тасралтгүй төлсөөр одоогийн байдлаар 18 560 000 төгрөгийг төлж байна. Би орон сууцны зээлтэй ба энэ зээлийг хааж чадахгүй байгаа учраас дахин орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй тул 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сард 600 000-800 000 төгрөг төлж түрээсийн байранд амьдарч 4 жилийн хугацаанд дунджаар бодоход 28 000 000 төгрөг болж байна. Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат байранд хууль бусаар амьдарч байгаа С.Гыг байрнаас албадан гаргаж, дур мэдэн хийсэн өргөтгөлийг албадан буулгаж өгнө үү. С.Гын байрны урьдчилгаанд төлсөн 26 500 долларыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Байрны үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байдлаас болж түрээсийн байранд амьдарч, түрээсэнд 23 060 000 төгрөг төлсөн. Хэрвээ би С.Гоос байраа авбал ипотекийн зээлэнд төлсөн 23 500 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин түрээсэлсэн 23 060 000 төгрөгийг С.Гоос гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Соос худалдан авсан орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй залилуулсан тухай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэрэг дуусаагүй улсын прокурорын газар шалгагдаж байхад Ч.С удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би Ч.Стой 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний 54А байрны 6 тоотыг 47 500 доллараар худалдан авахаар тохиролцсон.Би тухайн үед нь 26 500 долларыг Ч.Ст бэлнээр өгсөн, удалгүй Ч.Ст 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 4500 доллар, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 7500 долларыг тус тус бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн Ч.Ст Санзайд байрлах газар, гэр байшинг санал болгоход авахгүй байсан учраас 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр оронд нь 9000 доллар өгч, байрны түлхүүрийг нь авч байрандаа нүүж орсон. Тухайн үед Ч.С нь 5, 6 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад цуг өгсөн бөгөөд 2 хоногийн дараа ирээд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд бичиг баримтуудыг авч яваад түүнээс хойш зугтааж эхэлсэн гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ч.Стой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 47 500 ам доллар буюу 62 598 535 төгрөгийг бүрэн төлж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54-А байрны 6 тоот орон сууцанд нүүж орсноос хойш Ч.С нь тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүй, санаатайгаар Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байх тул шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулах шаардлага гаргаж байна. Би худалдах, худалдан авах гэрээнд заасан ёсоор 26 500 ам долларыг гэрээ байгуулсан өдөр төлсөн, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр Ч.Ст өгсөн, үлдэгдэл 9000 ам долларыг 2012 оны 5 дугаар арын 24-ны өдөр бэлнээр өгч байрны түлхүүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад байрандаа нүүж орсон.Ч.С үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2 хоногийн дараа нэр дээр шилжүүлж өгнө гэж буцааж аваад шилжүүлж өгөлгүй банкны барьцаанд байлгаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.Гын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. С.Г надаас байр худалдаж авсан үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Г гэрээний үүрэг болох 4500 доллар, 7500 доллар, Санзайд байрлах газар, гэр байшингаа надад шилжүүлж өгөөгүй бөгөөд санал болгосон үл хөдлөх хөрөнгө нь С.Гын нэр дээрх хөрөнгө биш байсан.Тухайн үед С.Гтой хамт ажиллаж байсан учраас байрны түлхүүрээ өгч, байрандаа оруулсан, 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23 550 долларын гэрээг С.Г надаар хүчээр хийлгэсэн бөгөөд энэ маргаан нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн учраас энэ талаар дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна. Байрны гэрчилгээг С.Г гэртээ 2 хонуулсан гэж яриад байна. Би гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн төлөлт дуусаагүй байхад авах боломж байхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ч.Сын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг С.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг Ч.Ст хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Год үүрэг болгож, Ч.Сын өргөтгөлийн хэсгийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай 45 метр квадрат талбай бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг Ч.Ст даалгах тухай С.Гын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Сын төлсөн 750 800 төгрөгөөс 531 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 219 650 төгрөгийг буцаан гаргуулж Ч.Ст, улсын тэмдэгтийн хураамжид С.Гын төлсөн 474 000 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 333 600 төгрөгийг буцаан гаргуулж С.Год тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1444 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.Сын орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54А байрны 6 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож, сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтад ...нэхэмжлэгч Ч.Соос 70 200 төгрөг гаргуулан хариуцагч С.Год олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.С хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Магадлалын хянах хэсгийн 6 хуудсанд ...гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсний үндсэн дээр уг байрыг хууль ёсоор эзэмшиж байсан байх тул түүнийг эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзнэ гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсөн нотлох баримт 1 хуудас ч байдаггүй. 2012 оны 05 сарын 01 өдөр байгуулсан гэх гэрээн дээр 26 500 ам долларыг бэлнээр төлсөн гэж бичсэн боловч, магадлалын 2-р хуудсанд Ч.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2012 оны 03 сард С.Гоос 15 000 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 1 хувийн алдангитайгаар зээлж авсан бөгөөд тус мөнгийг төлж чадалгүй үндсэн зээл, хүү, алданги нийлээд 26 500 ам доллар болсон гэж хэлсэн нь С.Г болон Ч.С нарын хоорондох үг яриа тэс зөрүүтэй байдаг. 2 хүний хооронд анхандаа зээлийн харилцаа үүссэн, нотлох баримт байхгүй байхад шударга эзэмшигч гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн. Магадлалын 6 хуудсанд иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 зүйлийн дагуу би гэрээнээсээ татгалзаж байгаа бөгөөд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гээд хүлээж авдаггүй байсан. Гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд шударга эзэмшигчийн асуудал бүр ч яригдахгүй. Гэрээнээс татгалзах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.1 дэх заалтын шууд утгын дагуу эзэмшил нь хууль ёсны байх нь эзэмшлийн бас 1 урьдчилсан нөхцөл болдог. Иргэний хуулийн 111 зүйлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, 110 зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 110.1 зүйлд зааснаар ... хэлцлийг эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх талаар зохицуулалт байдаг.Энэ зохицуулалтаар хууль ёсны эзэмшил гэж үзэхгүй. 1. Магадлалын 6-р хуудсанд хэргийн 10 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54 а байр 6 тоотод байрлах 45 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.С болох нь тогтоогдсон байна гэж өмчлөгчийг зөв тогтоосон. Магадлалын 6, 7 хуудсанд гэрээний зүйлийг харилцан буцааж өгсөн тохиолдолд орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэжээ. С.Г мөнгөө өгөхгүй байсан тул ХХБ-ний зээлэнд төлсөн миний 23 500 000 төгрөгийг шүүх үнэлээгүй. Цаашид ХХБ-ний зээлэнд төлөх 25 000 000 төгрөгийг хэрхэн яаж төлөх билээ. Энэ мөнгийг төлөхийн тулд С.Гыг яаж гаргах билээ, шударга эзэмшигч гээд банкны зээл ч төлөхгүй, байрнаас ч гарахгүй бол энэ их мөнгөний алдагдлыг би үүрэхэд хэцүү байна. Гэрээний зүйлийг харилцан буцааж өгсөн тохиолдолд орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэжээ. Өмчлөгч миний эрхийг зөрчиж хууль буруу хэрэглэж шүүх магадлал гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч С.Год холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах, барьсан өргөтгөлийг буулгуулах, орон сууцны зээлийн хүү 23 500 000 төгрөг, орон сууцаа эзэмшиж чадаагүйгээс орон сууц хөлслөсөн зардал 23 060 000 төгрөг нийт 46 560 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцаа буцаан шаардсан гэж нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагаас нэг шаардлагын агуулгыг нь эрх зүйн хувьд зөв тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч С.Год гэрээний урьдчилгаа 26 500 ам.долларыг буцааж өгөөгүй тул харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгосны дараа хариуцагчийг орон сууцнаас чөлөөлүүлэх эрхтэй...” гэж дүгнэж, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсгийг хэрэглээгүй байна.

Хоёр шатны шүүх гэрээнээс татгалзсныг үндэслэлтэй гэж үзсэн боловч, гэрээний дагуу талуудын өгсөн авсан зүйлийг харилцан буцаах үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу бүрэн шийдвэрлэж чадаагүйгээс гадна гэрээний үүргийг нэгэн зэрэг биелүүлэх Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь алдаатай болжээ. Харилцан биелүүлэх хоёр үүргийг нэг дор шийдвэрлэх боломжтой байхад нэг үүргийг биелүүлсний дараа нөгөө үүргийг нь шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, гэрээнээс татгалзсан үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй нь буруу боловч шийдвэрт өөрчлөлт оруулж, залруулах боломжтой байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд зохигчид нь 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54А байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан, гэрээний дагуу   Ч.С нь орон сууцыг С.Гын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа, С.Г нь орон сууцны үнэд 47 500 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн, үүнээс 26 500 ам.долларыг төлсөн, байранд өргөтгөл хийсэн үйл баримтыг зохигчид маргаагүй байв.

Харин орон сууцны үлдэх үнэ 21 000 ам.долларыг төлсөн эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болжээ. Зохигчид нь 21 000 ам.долларт Санзай дахь зуслангийн хашаа, гэр байшин, 4500, 7500 ам.долларыг хэсэгчлэн төлөхөөр тохирсон үйл баримтыг маргаагүй ба уг төлбөрийг биелүүлсэн эсэхийг маргасан байна.

Хариуцагч С.Г нь 2015 оны 05 сарын 03-ны өдөр 4500 ам.доллар, 5 сарын 07-ны өдөр 7500 ам.долларыг, Санзай дахь хашаа байшинг авахгүй гэсэн тул 2012 оны 05 сарын 24-ны өдөр 9 000 ам.долларыг тус тус Ч.Ст өгч, орон сууцны түлхүүрийг авсан гэж маргасан боловч мөнгө өгснөө нотолж чадаагүй, улмаар С.Г нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч С.Гыг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч Ч.С нь гэрээний дагуу авсан 26 500 ам.долларыг, хариуцагч С.Г нь орон сууцыг тус тус буцааж өгөх үүрэгтэй, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч.Сын хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1444 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1..гэснийг “...209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1...гэж өөрчилж,” ...уг орон сууцыг Ч.Ст хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Год үүрэг болгож, гэсний дараа Ч.Соос 26 500 ам.долларыг гаргуулж хариуцагч С.Год олгож, ...гэж нэмж оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА