Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0483

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0867/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжиийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Анхан шатны шүүхээс үзэхдээ "Маргаан бүхий дээрх захирамжийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх бөгөөд нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь үндэслэлгүй болжээ”

3.2. “С” ХХК -ийн “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзсэн.

3.3. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамж гарахаас өмнө Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл явуулсан бөгөөд тухайн мэдэгдлийн хариу тайлбараа ирүүлсэн байдаг.

3.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газарт очиж бодит нөхцөл байдалтай холбогдох төрийн захиргааны байгууллагын албан хаагчидтай цуг танилцсан бөгөөд энэ талаар тухай бүр нийтэд мэдэгдэж байсан тул захиргааны акт гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр .зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгдсэн байхад шүүхээс уг ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.5. “С” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасны дагуу бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг баримтлан хүчингүй болгосон.

3.6. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 50000 м.кв газрыг нийтийн эдэлбэрт тогтоосон. Тус шинээр тогтоосон нийтийн эдэлбэр газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай буюу маргаан бүхий газартай давхцалтай байх нөхцөл байдал бий болсон.

Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамж нь нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай , зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газарт очиж бодит нөхцөл байдалтай холбогдох төрийн захиргааны байгууллагын албан хаагчидтай цуг захиргааны гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгдсэн байхад шүүхээс уг ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна...” гэж ээ.

4.2. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-6/4471 дугаар албан тоотыг “С” ХХК-д албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд хөрш газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдүүдийн эзэмшиж буй газрыг хууль зөрчин хүчингүй болгож байна гэсэн мэдээллийг олж аван, уг мэдэгдэл гарсныг мэдэж, мэдэгдэлд дурдсан зөрчил болох Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг зөрчөөгүй болох тухай нотлох баримт болох газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ, архитектор төлөвлөлтийн даалгавар, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, эзэмшил газар дээр барих барилгын эскиз зураг, газрын хянан баталгаа, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө болон холбогдох бусад бичиг баримтыг хүргүүлсний үндсэн дээр нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Газар ашиглах хугацааг сунгах тухай” А/575 дугаар захирамж гарсан.

4.3. Үүнээс 12 хоногийн дараа анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж хүчингүй болсон нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамж гарсан. Энэ захирамж дээрх Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл шиг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж буй “С” ХХК-д мэдэгдэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дахь заалтыг хэрэгжүүлэлгүй гаргасан.

4.4. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 13-27 дугаар заалтыг хэрэгжүүлсэн талаарх нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан, шүүхэд энэ талаарх нотлох баримтыг хариуцагч тал ирүүлээгүй, анхан шатны шүүх хурлын явцад ч нэхэмжлэгч тал хариуцагчийн төлөөлөгчөөс энэ талаарх нотлох баримтыг байгаа эсэхийг асуухад Захиргааны ерөнхий хуулийн 13-28 заалтыг хэрэгжүүлсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах ямар ч ажиллагаа хийгдээгүй гэж хариулсан.

4.5. Мөн түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо ““С” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасны дагуу бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага , албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага , албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан хүчингүй болгосон ...” гэсэн нь үндэслэлгүй байна.

4.6. Нийслэлийн Засаг даргын А/598 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл дээрхээс өөр агуулгатай. Өөрөөр хэлбэл, “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2021 оны А/575 дугаар захирамжаар “С” ХХК-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай ...” гэсэн агуулгатай тул хариуцагч үндэслэлгүй гомдол гаргасан байна.

4.7 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин хариу тайлбартаа “...мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 50.000 м.кв газрыг нийтийн эдэлбэрт тогтоосон. Тус шинээр тогтоосон нийтийн эдэлбэр газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай буюу маргаан бүхий газартай давхцалтай байх нөхцөл байдал бий болсон...” гэсэн нь логик дараалалгүй, анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй, шүүхийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтад тулгуурлан дээрх гомдлыг гаргажээ.

4.8. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох захирамж яахаараа ирээдүйд гарах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор тогтоосон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд олгогдсон 50.000 м.кв газар нийтийн эдэлбэрт газартай давхцах вэ. Энэ заалтаас харахад албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагаа нь үргэлжлэн явагдаж байгаа нь харагдах бөгөөд Монгол Улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарч байж Засаг даргын захирамж гарах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/598 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газар нь шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурваст байхаас гадна Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэж түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 650 дугаар захирамжийн дагуу иргэн Ү.Ганболдоос үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/575 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан үйл баримт тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх хэрхэн үүсч, ямар үндэслэлээр цуцлагдсан, маргаан бүхий актын үндэслэл хэрхэн тогтоогдсон зэрэг үйл баримттай холбогдуулан газар эзэмших эрхийг хамгаалах зарчмын хүрээнд дүгнэлт хийж маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруу биш гэж үзлээ.

5. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах; 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно”  гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 650 дугаар захирамжаар “С” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж, улмаар 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

6. Гэвч хариуцагч нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг сунгаснаас хойш 12 хоногийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

7. Учир нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшлийн газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай 198 дугаар тогтоолын “Шинэ яармаг” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны суурьшлын бүс гэж төлөвлөгдсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч газар эзэмших эрхийг сунгаснаас хойш 12 хоногийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмших эрх олгосон шийдвэр алдаатай байсан гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байх тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн буруу шийдвэрээ хариуцагч хуульд заасан эрхийн хүрээнд зассан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

8. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох зохицуулалттай.

9. Тодруулбал, хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/448 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/393 дугаар албан бичгүүдээр “С” ХХК-ийн 000318535 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар нь цахилгаан, шугам сүлжээний тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй, дулааны шугамын давхардалгүй болохыг тодорхойлсноос үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэл үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Эрчим хүчний тухай хуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчин эзэмшүүлсэн тул “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ