Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1869

 

 

 

 

 

 

   

  2020        10           27                                      2020/ШЦТ/1869

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч П.М,

Өсвөр насны шүүгдэгч Т.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт П-н Б, Б овогт Т-н Э нарт холбогдох эрүүгийн 2006 03622 2406 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч П.М, Т.Э нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөнийн захын худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр иргэн А.Оюунбилэгийн мартаж орхисон Ай Фон 11 про макс загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж улмаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Батмөнхөд 1.000.000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн С.Оюунбилэгт 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн үед би гар утсаа АТМ-ийн мөнгө авдаг хэсгийн хажуу талд тавьчихсан байсан ба дансаа шалгачихаад явахдаа гар утсаа мартаад явчихсан байсан. Тэгээд тэндээс яваад 3 орчим минутын дараа гар утсаа мартсанаа санаад буцаад очиход гар утас маань байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19 дүгээр хуудас/,

Гэрч С.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим өөрийн ажиллуулдаг Теди худалдааны төвийн 4 давхарт байрлах гар утас засварын лангуун дээрээ ажилаа хийж байх үед гаднаас 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд I phone 11 pro max загварын гар утас зарах гэсэн юм гэхээр нь хулгайн гар утас биш биз гэхэд үгүй гар утас манай ээжийн гар утас байгаа юм ID кодыг нь мартчихсан хэрэглэж чадахгүй байгаа гэсэн бөгөөд би уг гар утсыг 1.000.000 төгрөгөөр зарна гэж байсан бөгөөд надаас авчих гээд гуйгаад байхаар нь би уг залуугаас өөрийн бичиг баримтын хуулбарыг аваад дансруу нь 1.000.000 төгрөг шилжүүлж худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 50/9320 дугаартай албан бичиг /хх-ийн 08 дугаар хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.М, Т.Э нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шөнийн захын худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр хохирогч А.Оюунбилэгийн мартаж гээгдүүлсэн I Phone 11 pro maks загварын гар утсыг мэдсээр байж завшсаны улмаас 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Т.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн үед би гар утсаа АТМ-ийн мөнгө авдаг хэсгийн хажуу талд тавьчихсан байсан ба дансаа шалгачихаад явахдаа гар утсаа мартаад явчихсан байсан. Тэгээд тэндээс яваад 3 орчим минутын дараа гар утсаа мартсанаа санаад буцаад очиход гар утас маань байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19 дүгээр хуудас/, гэрч С.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим өөрийн ажиллуулдаг Теди худалдааны төвийн 4 давхарт байрлах гар утас засварын лангуун дээрээ ажилаа хийж байх үед гаднаас 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд I phone 11 pro max загварын гар утас зарах гэсэн юм гэхээр нь хулгайн гар утас биш биз гэхэд үгүй гар утас манай ээжийн гар утас байгаа юм ID кодыг нь мартчихсан хэрэглэж чадахгүй байгаа гэсэн бөгөөд би уг гар утсыг 1.000.000 төгрөгөөр зарна гэж байсан бөгөөд надаас авчих гээд гуйгаад байхаар нь би уг залуугаас өөрийн бичиг баримтын хуулбарыг аваад дансруу нь 1.000.000 төгрөг шилжүүлж худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 50/9320 дугаартай албан бичиг /хх-ийн 08 дугаар хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч П.М, өсвөр насны шүүгдэгч Т.Э нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

           Шүүгдэгч нараас гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх С.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг хураан авч хохирогч А.Оюунбилэгт хүлээлгэн өгсөн, С.Батмөнхөд учирсан 1.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн баримт хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч П.М, өсвөр насны шүүгдэгч Т.Э нарын хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч П.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон байдал, дээд сургуульд сурч байгаа, цагийн ажил хийдэг гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар,  

          Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар  сургуульд сурч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, дээрх хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий албан ташаалтанд мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э нь тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, түүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохзаяад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.М-н орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэв.

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М, өсвөр насны шүүгдэгч Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт П-н Б, Б овогт Т-н Э нарыг “Гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Мт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Эд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий албан ташаалтанд мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Т.Э, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М-т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э-г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т-д даалгасугай.

7. Шүүгдэгч П.М, өсвөр насны шүүгдэгч Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М, өсвөр насны шүүгдэгч Т.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                        

 

 

            ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ