Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/934

 

 2020        11            03                                   2020/ШЦТ/934                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0934/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч У.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн “2009022461179” дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, мужаан мэргэжилтэй, одоо Хүрэнгийн Хэрвээ ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 13 дугаар гудамж, 220 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 26А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, У.Б  /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамж, 22 тоот хашаанд хохирогч Б.Учрал нь гар утас авах гэлээ хэмээн маргаан үүсгэн улмаар харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдах явцдаа ногоон өнгөтэй 23 см урттай заазуураар хохирогч Б.Учралын зүүн гар орчмыг зүсэж эрүүл мэндэд нь зүүн тохойд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Батжаргалын Учралын өгсөн: "...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд байх найз Г.Санчирынд очиход 3 найз нь байсан, тэднийд архи пиво хольж уусан. Ууж байгаад Г.Санчир унтаад өгсөн, би унтахаар хэвтэж байхад У.Б татаад намайг архинаас   ганц хоёр татчих гээд байсан. Тэгж байхдаа миний гар утсыг халааснаас авсан, тэгэхээр нь яахнав дээ миний хөгшин, хөгшнийхөө утсыг аваад гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд гэрээс заамдалцаж гараад зууралдаж байгаад удалгүй би гэрт буцаж ороод Санчирыг дуудаж сэрээгээд танай найз чинь миний гар утсыг авах гэлээ гэсэн чинь тэгэхгүй дээ гээд найзыгаа өмөөрөөд байхаар нь би бас Санчиртай маргалдсан. Гэрээс гараад гадаа байхад У.Б гэр рүү  орж байсан, гэрээс гарч ирээд нэг юмаар тохойд цохих шиг болсон. Тохойгоо харахад У.Б хажууд байсан бас баруун гарт нь заазуур байсан, маргалдаж байгаад цагдаа дуудах гээд хашаанаас гараад утсаа хартал цэнэггүй болсон байсан... У.Б-тай зууралдаж гудамжны үзүүрт очиход нэг машинтай залуу гудамжнаас гарч ирж таарахаар нь цагдаад дуудлага өгөөд өгөөч гэж дуудлага өгүүлсэн. У.Б гэх залуу заазуураар зүсэж надад гэмтэл учруулсан, эмчилгээний баримт гаргаж өгнө ... " гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-18 тал/,

Гэрч Б.Ганзайдуламын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр найз У.Б, У.Санчир, Учрал, Буржак гэх залуу бид нар Санчирын гэрт архи уусан. Ингээд архи ууж байгаад У.Б бид 2 өөр газар хонохоор болж халуун устай газар хононо гэж ярьж байсан ба нэг мэдэхэд Учрал гэх залуу У.Б руу дайраад чи миний утсыг авах гэлээ гэж хэлээд У.Б-г мөргөөд байсан. Б.Учрал У.Б-г чи миний гар утсыг авах гэлээ гэж хэлсэн, харин У.Б нь чи гар утсаа унагаагаад байна шүү дээ, дахиад газар унах гэж байсан, би халаасанд чинь чихсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Б.Санчирын өгсөн: “...Учрал нь У.Б-г миний утсыг авах гэлээ, хаана байна гээд асуугаад маргалдаад байсан. Утас нь Учралд өөрт нь байсан, тэрнээс хойш үргэлжлүүлээд нэг нэгэнтэйгээ заамдалцаад гэрийн үүдэнд гараад хоорондоо зодолдоод Учрал нилээн  мөргөж цохиж харагдсан. Нэг мэдэхэд Учралын гараас цус гарсан байсан. Тэгээд хашаанаас гарсан, гадаа байхад явж байсан нэг хүнээр дуудлага өгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн №9300 дугаартай: "...Б.Учралын биед зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч У.Б нь согтуугаар 2020.08.11-ний өдрийн 15 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 22 тоот хашаанд Г. Санчир гэгчийнд бусадтай архидан согтуурах үедээ хохирогч Батжаргалын Учралыг “гар утсыг нь хулгайлахаар завдсан гэж гүтгэн өөрийг нь хулгайд сэрдсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний зүүн гарын тохой орчимд заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэн урьд олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан гэмт зан байдал нь сэдэрч үл ялих зүйлээр шалтаглан бусад руу хүйтэн зэвсэг барин довтолж эрүүл мэндэд нь санаатайгаар гэмтэл учруулж байгаа догшин хэрцгий, танхай балмад  зан  байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Б-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Учралын эрүүл мэндэд энэ хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт эмчилгээний зардал болон хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдолтой байна, би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн хариуг өгсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч У.Б-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч У.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний  бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Батжаргалын Учрал нь цаашид гарах эмчилгээний зардал, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч У.Б-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш      14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч   У.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР