Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/928

 

2020        10            29                                   2020/ШЦТ/928

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0908/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

улсын яллагч: М.Отгонбаатар,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батболд,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2011013061164 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63 дугаар гудамжны 0998-в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Л.Б /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-наас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслан гэх газраас хууль бусаар мод бэлтгэн 44-69 УБЯ улсын дугаартай “Хьюндай Соната-2” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Чингэлтэй дүүгийн 15 дугаар хороо, Жаргалантын 63-998в тоотод буулгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 631.704х3=1.895.112 төгрөг 136.723х3= 410.169 төгрөг нийт 2.305.281 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...би мод бэлтгэхэд тусгай зөвшөөрөл авдаг гэж мэдээгүй. Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд 3-4 удаа мод бэлтгэсэн. Амьдрахын эрхэнд мод авчирч, борлуулдаг байсан...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батболд мэдүүлэхдээ: “...Тухайн модыг тээвэрлэхдээ хууль бусаар бэлтгэж авсан байдаг. Хажуу айлынх нь хүн Цагдаагийн байгууллагад Л.Б-г мод бэлтгэж оруулж ирсэн талаар мэдэгдсэн байсан. Цагдаагийн байгууллагаас манайд мэдэгдсэн. Одоогоор 2.305.281 төгрөгийн хохирол учирсан, энэ төлбөрийг Л.Б-с гаргуулах саналтай байна” гэв.

Хавтаст хэргээс:  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батболдын өгсөн: “...ойн хэлтсийн мэргэжилтэн Б.Хүдэрийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь ойн сан түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэсэн заалтыг үндэслээд хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна... тухайн зусланд оршин сууж байгаа албан ёсны бүртгэлтэй иргэдэд тухайн газрын байгаль хамгаалагч гоожин бичиж өгч талбай тусгаарлаж биечлэн зааж өгдөг. Иргэнд 1-4 м куб хэмжээтэй ... авах зөвшөөрөл олгодог. Хэрэв байгаль хамгаалагчаас гоожин авсан тохиолдолд зөвхөн тухайн өдрөө л унанги мод авах ёстой байдаг.... Л.Б ямар нэг зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 тал/,

Гэрч Л.Баатаржаргалын өгсөн: “...44-69 УБЯ улсын дугаартай Хьюндай Соната-2 загварын тээврийн хэрэгслийг Баатар-Отгон гэх хүнээс 2020 оны 03 дугаар сард 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлээгүй юм. Одоо уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газарт тээврийн хэрэгсэл утаатай байна гээд хураан авсан.. Миний дээрх тээврийн хэрэгслээр Л.Б жимсэнд явна гээд аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Гэрч О.Жунайгийн өгсөн: “...44-69 УБЯ улсын дугаартай Хьюндай Соната-2 загварын тээврийн хэрэгслийг 2018 онд бусдад зарсан. Гэхдээ одоо ямар хүнд зарсан талаараа би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

Яллагдагч Л.Б-н өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Бага баян гэх зуслангийн ой модноос жимс түүх гэж ганцаараа явах болгондоо газарт унасан хожуул модноос 2 хүний модны төмөр хөрөөгөөр бага багаар нь тайраад 1 метр гарантаа тайрч бэлдэж авто машиныхаа тээшинд ачаад гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 63-998в тоотод зөөж авчирдаг байсан. Ийм байдлаар ганцаараа уг газар луу өглөө яваад орой нь бага багаар Нарс модыг гэртээ авчирдаг байсан. Уг модыг гэртээ авчирч хөрөөдөж хагалаад шуудайнд хийгээд гадуур мод зардаг газар аваачиж өгөх гэж байсан... би унасан байсан хуурай мод авсан  болохоор зөвшөөрөл авдаг гэж мэдээгүй нь миний буруу... “ гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 118-121 тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/,

Ххэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-13 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан модыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 31 тал/,

Хураан авсан модыг Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Л.Дашдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41 тал/,

Модны Экологи-Эдийн засгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Нэгдүгээр  мужийн нэг м3 нарс мод 712,101 төгрөг, / нэгдүгээр мужийн ойд Ойн сангийн хамгаалалтын бүсийн ой/ ... Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ. ... Түлээний модны итгэлцүүр /хуурай/-1,0... 0,8871Ч712,101 төг Ч1,0=631,704 төгрөг /бөөрөнхий мод/, 0,40м өндөр Ч 0,80м урт Ч0,60м Ч 1,0=136,723 төгрөг /шуудайлсан мод/ ... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,1 дэх заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойн сан түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ...”  гэсэн №2020/Х-06 дугаартай үнэлгээ /хх-ийн 57 тал/,

Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 408 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48-49 тал/,

“Дамно” ХХК-ийн 44-69 УБЯ улсын дугаартай Хьюндай Соната-2 загварын тээврийн хэрэгслийг 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 103 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Л.Б нь 2020.6.10-ны өдрөөс 2020.6.30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзайн зуслангийн орчмын Бага Баян гэх уулын амнаас зөвшөөрөлгүйгээр /Түлээний модны итгэлцүүр /хуурай/-1,0... 0,8871Ч712,101 төг Ч1,0=631,704 төгрөг /23ш нарс модны хэрчим+16ш нарс мод+13ш нарс модны богино тайрдас/, 0,40м өндөр Ч 0,80м урт Ч0,60м Ч 1,0=136,723 төгрөг /7 шуудай хагалсан мод/ нойтон нарс модыг хөрөөдөж хагалан бэлтгэж өөрийн төрсөн ах Л.Баатаржаргалын  эзэмшлийн 44-69 УБЯ улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63-998в тоотод байх гэрийнхээ хашаанд зарж борлуулах зорилгоор буулгаж Байгаль экологид 2 305 281 /хоёр сая гурван зуун таван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Л.Б-н хууль бусаар мод бэлтгэсэн дээрх үйлдэл нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлджээ.

Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр нөхөн төлөх зорилгоор завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд, шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулахад шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 2.305.281 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Б-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Бод 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй байгаа зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо  Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчийн байр буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах пост, хашаанд хадгалагдаж байгаа 23ш нарс модны хэрчим+16ш нарс мод+13ш нарс модны богино тайрдас зэрэг бөөрөнхий мод, 7 шуудай хагалсан мод, 128 см-ийн урттай модон бариултай модны төмөр хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний төрсөн ах Л.Баатаржаргалын эзэмшлийн Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 280.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Л.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчийн байр буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах пост, хашаанд одоо хадгалагдаж байгаа 23ш нарс модны хэрчим+16ш нарс мод+13ш нарс модны богино тайрдас зэрэг бөөрөнхий мод, 7 шуудай хагалсан мод, 128 см урттай модон бариултай, модны төмөр хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний төрсөн ах Л.Баатаржаргалын эзэмшлийн Хьюндай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР