| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0103/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.Ч-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт хаягтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх, Г овогт Э.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Ж-н эзэмшлийн монетон ээмгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 08 цагийн орчимд босоод хоол цай идэж уугаад гэртээ амарч байсан. 10 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар баг Үүдийн гудамжинд байрлах өөрийн хашааг очиж цэвэрлэж, янзалж дуусаад 17 цагийн орчимд гэртээ ирээд гар нүүрээ угааж хувцсаа сольж өмссөн. 18 цагийн үед гэрээсээ гараад Соёмботой хөшөөтэй талбай орж багын хоёр найз болох Е, Э нартай уулзаад бид гурав 0,75 граммтай С нэртэй архи 3-г хувааж уугаад нилээд согтсон байдалтай байж байхад 23 цаг 30 минутын үед Э-н эхнэр М машинтайгаа ирээд бид гурав машинд нь суугаад гэртээ хүргүүлэх замдаа дахин 2,5 литрийн пиво бид гурав хувааж уугаад машинаас буугаад аав, ээж дүүгийн амьдардаг тус сумын 1 дүгээр багт орцны хаалгаар 01 цагийн орчимд ороод ... дугаар байрны нэг давхарт амьдардаг байрны айлын хаалга нь хагас нээлттэй хаалгыг нээж дотор талын цагаан модон хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирээгүй би дотогшоо ороод ширээн дээр нь байсан 0,5 граммтай архинаас 2 татаж, ширээн дээр байсан навчин хэлбэртэй 1 ширхэг ээмгийг аваад буйдан дээр унтаж байсан 40 орчим настай эмэгтэй хүний зүүн талын чихэнд байсан нөгөө өрөөсөн ээмгийг нь тайлж аваад өмдний халаасандаа хийгээд ширээн дээр байсан үлдсэн архийг нь уугаад хэсэг ширээг нь дэрлэж унтаж байгаад өглөө 08 цагийн үед гэрээс нь гарсан. Би аав, ээжийн гэр лүү ороогүй шууд байрнаас гарч яваад гэр хороололд байдаг өөрийн гэртээ очсон. Тэгээд би гадуур явж байгаад гэртээ ирж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,
- Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... байрны ... давхарт ... тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Э.Т 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн “З” ХХК-д ажиллахаар явсан. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орой 20 цаг 40 минутын үед найз Ш манай гэрт орж ирээд хоол цай хийж өгөөд бид хоёр, хоёр 0,5 граммтай пиво уугаад юм ярьж сууж байгаад манай найз Ш 01 цагийн орчимд гэртээ харьж амрахаар болж би гэрээс коридор луу гаргаж өгөөд буцаад гэртээ ороод хаалгаа хаагаад том өрөөний буйдан дээр унтаж амарсан. Тэгээд нэг мэдсэн чинь манай гэрт нэг хүн ороод ирчихсэн миний толгой чих хавиар юм оролдоод байхаар нь сэрсэн чинь шар царайтай, намхандуу нуруутай гартаа шивээстэй нэг залуу байхаар нь би айгаад чи юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь нөгөө залуу “Би шивээс хийдэг хүн шивээс хийж өгье” гэж хэлэхээр нь би айгаад гар зайл гээд хөөгөөд гэрээс гаргаж явуулсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг цоожлоод хүүхэдтэйгээ хамт унтаж амарсан. Маргааш өглөө сэрээд 08 цагийн орчимд ариун цэврийн өрөөнд орж нүүр гараа угаагаад шүдээ угааж байхдаа толинд нүүрээ харсан чинь миний чихэнд байсан манай нөхрийн худалдаж авч өгч байсан монетон ээмэг байхгүй болсон байсан. Тэгээд би тэр өдөр цагдаагийн байгууллагад энэ талаар өргөдөл бичиж өгсөн... Надад учирсан хохирол болох навчин хэлбэртэй хос 1 ширхэг ээмгээ бүрэн бүтэн хүлээж авсан тул хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/,
- Гэрч С.Ш мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа тараад Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байрны ... тоотод оршин суух найз Ж-н гэрт хоол идэхээр очсон. Тухайн үед 21:00 цаг болж байсан. Бид хоёр Ж-н гэрт 0,5 литрийн пиво хоёр хоёрыг уугаад юм ярьцгааж сууцгаасан. Тэгээд 23:00 цагийн үед пиво дуусаад харихаар болж гарахад Ж намайг гаргаж өгсөн. Тэгээд би тэндээс шууд гэрүүгээ алхаад харьсан. Намайг орцноос гарч байхад дунд зэргийн нуруутай, туранхай залуу хажуугаар өнгөрч байсан... би сая Э.Ч-н зургийг харлаа. Тухайн үед Ж-н орцны үүдэнд намайг гарахад зөрсөн залуу мөн байна, би сайн царайг нь харсан, яг мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 28-31/,
- “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49-51/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-57/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Э.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод орж иргэн Д.Ж-н монетон ээмгийг авсан үйл баримт болсон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Э.Ч-г 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Ж-н эзэмшлийн монетон ээмгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Ж-н монетон ээмгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Д.Ж-н “...Манай гэрт нэг хүн ороод ирчихсэн миний толгой чих хавиар юм оролдоод байхаар нь сэрсэн чинь шар царайтай, намхандуу нуруутай гартаа шивээстэй нэг залуу байхаар нь би айгаад чи юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь нөгөө залуу “Би шивээс хийдэг хүн шивээс хийж өгье” гэж хэлэхээр нь би айгаад гар зайл гээд хөөгөөд гэрээс гаргаж явуулсан... нүүр гараа угаагаад шүдээ угааж байхдаа толинд нүүрээ харсан чинь миний чихэнд байсан манай нөхрийн худалдаж авч өгч байсан монетон ээмэг байхгүй болсон байсан...” гэсэн, гэрч С.Ш “...Намайг орцноос гарч байхад дунд зэргийн нуруутай, туранхай залуу хажуугаар өнгөрч байсан... би сая Э.Ч-н зургийг харлаа. Тухайн үед Ж-н орцны үүдэнд намайг гарахад зөрсөн залуу мөн байна, би сайн царайг нь харсан, яг мөн байна ...” гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ч-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э.Ч-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г овогт Э.Ч-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н