Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 145

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Б-гийн Д-д холбогдох 2035000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-гийн Д, 1991 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн улаан загалмайн хороонд арга зүйч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 11-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:...............,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 30-ны орой эхнэр Л.О-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000123 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Л.О-ийн “...тэр үед миний нөхөр Б.Д нь би өлсөж байна, чи ямар удаан хоол халаадаг юм бэ? гээд надад уурлаад ууж байсан лаазтай пиво над руу цацчихаад манай гэрийн шар өнгөтэй модон сандал барьж босож ирээд миний хоёр талын гарын шуу хэсэгт, хоёр хөл рүү цохиод гараараа миний толгой, нүүр, нүд, хамар  луу цохисон юм. Тэр үед миний хамраас цус гараад бас миний амнаас цус гарч байх үед миний хажууд байсан миний нөхөр Б.Д нь би үг хэлээд дуусаадахъя чи зогсож бай гэж надад хэлээд миний амнаас гарч байсан цусыг тухайн үед хаяулахгүй байсан юм тэгээд арваад минут орчим нуршиж, үглэж байгаад намайг одоо гарч цусаа хая гээд явуулж гэрээс гаргасан юм. Тэгээд дахиад замдаа дэлгүүрээс авсан нэг пивыг надаас нэхсэн юм уг пиво нь гэрийн үүдэнд унаад хагарчихсаныг би аваад цааш шидчихсэн юм. Тэгтэл уг пивыг олж ир, эсвэл шинэ пиво авч ирж өг гэж надад хэлэхээр нь би тэр пиво чинь цоорчихсон юм, асгараад дуусчихсан байх гэж би хэлэхэд миний гэдэс рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

2. Гэрч Г.Ц-ий “...Миний хүү Б.Д-ыг эхнэр Л.О нь манай хамаатны Э гэдэг эмэгтэйтэй харддаг юм байна лээ. Тэр эмэгтэйтэй миний хүү хамаатны хүн болохоор энгийн харьцаад явахад эхнэр нь хардаад байдаг юм. ...Миний хүү Б.Д-ыг эхнэр нь хардаад байж миний хүү огт архи дарс уудаггүй байсан одоо аймаар муухай ааш зантай, хааяа нэг архи уудаг болсон юм шиг байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

3. Гэрч О.Э-ын “...Би 2017 оны 6 дугаар сараас би Б.Д-тай танилцаад байж байгаад 2017 оны 9 дүгээр сараас эхэлж үерхэж эхэлсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сард би жолооны курст сурах гэж байгаад Б.Д бид хоёр ургийн овог нэг Х овгийнх хамаатны хүмүүс болоод түүнээс хойш үерхэхээ болиод бид хоёр хааяа нэг нэгэнтэйгээ чат бичдэг болсон. ...2020 оны 6 дугаар сард над руу нэг танихгүй хүний дансны дугаар явуулсан байсан юм тэр ямар учиртай хаан банкны дансны дугаар байсныг түүний дараа би Б.Д ахаас асуухад надад уг дансыг андуураад явуулсан байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “...Үзүүлэгч Л.О-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 орчим талбайг хамарч байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 515 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн “...тэгээд би надад цай хийж өг, миний ам цангаад байна гэж хэлэхэд миний эхнэр Л.О нь чи өөрөө гар хөлтэй юм бол чи өөрөө хийж уухгүй юу гэж надад хэлээд тэгээд миний эхнэр Л.О нь над руу манай гэрийн шар өнгийн модон сандал авч над руу шидсэн юм. Тэр модон сандал миний зүүн хөлийн өвдөг орчим газарт онож цохисон юм, тэгээд миний эхнэр Л.О нь чи намайг дарамталдаг хэн бэ гээд над руу ирээд миний үснээс болон чихнээс мушгисан юм, би тэр үед эхнэрийгээ чи одоо болилдоо гээд нүүр лүү би гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед миний эхнэр Л.О уйлаад цааш хараад суучихсан юм...” /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 11-10 тоотод байрлах гэртээ 2020 оны 7 дугаар сарын 29-ний орой эхнэр Л.О-ийг зодож, хохирогчийн зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д хохирогчийг жирэмсэн болохыг мэдэж байсан болох нь хохирогч Л.О-ийн “...би тэр үед чи хүүхэдтэй гэдгээ мэдэж байна уу гэж нөхөртэй хэлэхэд наадах чинь яадаг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, даргалагчийн “Эхнэр чинь зодуулж байхдаа жирэмсэн гэдгээ хэлсэн байдаг” гэх асуултад “Тухайн үед үр хүүхдээ бодооч ээ гэж байсан” гэх хариултаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Б /хх-ийн 21 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Г.Ц /хх-ийн 22 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 637 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 637’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 637 /зургаан зуун гучин долоо/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 637’000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Д  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА