| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0147/э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 156
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ч-гийн Б-д холбогдох эрүүгийн 2035000990140 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогтой Ч-гийн Б 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр “Тасархайн өвдөг” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 1 тооны, 2019 оны 11 сарын 08-09-нд шилжих шөнө 2 тооны нийт 3 тооны үхэр хулгайлж хохирогч Б.Бт 2’200’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000990140 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний гэр Тэс сумын 10 дугаар багийн нутаг “Тасархайн өвдөг” гэх нэртэй хаваржаандаа байхад 2019.11.06-ны өдрөөс 2019.11.07-ны шилжих шөнө төөлтэй улаан зүсмийн 4 настай, зөв чих нь цуулбар имтэй 1 тооны үхрээ хулгайд алдсан. 2019.11.08-ны өдрөөс 2019.11.09-ний шилжих шөнө хар галзан зүсмийн 4 настай үхэр зөв чих нь цуулбар имтэй, шарга зүсмийн 6 настай эм үхэр хулгайд алдсан. Би 3 тооны үхрүүдээ хулгайд алдчихаад манай гэрээс 6 км зайтай байдаг 9 дүгээр багийн иргэн Ч.Б гэх залууг хардаж тэдний гэрт очиж Ч.Б-д 3 тооны үхэр хулгайд алдлаа энэ хавиар үзэгдэж харагдвал хэлээрэй гэж захичхаад яваад өгсөн. Удалгүй миний 3 тооны үхрийг Ч.Б хулгайлж аваад манай сумын ченж Н гэх залууд 2’000’000 төгрөгөөр зарсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Ч.Б-ын “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байх ээжийн дээр байдаг хоо галзан зүсний 1 тооны хөгшин үхэр байснаа алж хэрэгцээндээ хэрэглэхээр очиж дүү Б, Т нартай хамт алаад дуусчхаад би малаа эргүүлээд ирэхэд манай дүү Б, Б нар Бийн УАЗ-69 загварын машинтай ирээд миний алсан үхрийн махыг аччихсан байсан тухайн үед Б бас 3 үхрийн мах аччихсан байсан ба ямар учиртай үхрийн мах гэдгийг нь би мэдээгүй... ...Тэгээд бид гурав Н-д үхрийн махаа өгөхөд миний өгсөн үхрийн мах 570’000 төгрөг болсон харин манай дүү Б-ын өгсөн 3 үхрийн мах 2 сая төгрөг болсон юм. Тэгтэл тухайн үед алсан үхрийн мах нь Тэс сумын 10-р багийн иргэн Б.Б гэх хүний 3 тооны үхрийг манай дүү ганцаараа хулгайлаад махыг нь зарсан гэдгийг нь би сүүлд мэдсэн юм. Тэгээд дүүгээс асуухад манай дүү Б-ын 3 үхрийг хулгайлж алаад махыг нь надтай хамт Н-д өгсөн гэдгээ хэлсэн нь үнэн юм...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.О-гийн “...2020 оны 1 сард 1’000’000 орчим төгрөг хийх байсан ба би Тэс сумын 6 дугаар багт өөрийн ээж Б.Ц-ын гэрт байхад манай нөхөр Ч.Б 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цагийн санахгүй байна бид унтаж байхад ээж Б.Ц-ын гэрт ирээд цай уучхаад гарахдаа үхрийн мах өгч банкны зээлээ төлнө гэж хэлээд ээж Б.Ц-ын гэрээс гараад явсан би өөрийнхөө үхрээс алж зарж байгаа юм байна гэж бодсон. Сүүлд манай нөхөр өөрөө надад би Тэс сумын 10 дугаар багийн иргэн Б.Б-ын 3 тооны үхрийг хулгайлж авч алаад махын Тэс сумын ченжид 2’000’000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн. Тэр үед би нөхрөө Б.Б гэх хүний үхрээс 3 тооны үхэр хулгайлж авч зарсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ч.Б-ийн “...Би 17 цагийн үед малаа хотлуулчхаад дүү Ч.Б-ын гэрт өөрийн эзэмшлийн 86-54 УВА улсын дугаартай УАЗ-469 загварын шар өнгийн тээврийн хэрэгсэлтэй очиход ах Б малд явчихсан тул төрсөн дүү Ч.Б бид хоёр ахын алсан хоо галзан үхрийн махыг машинд ачсан түүний дараа дүү Ч.Б надад хандаж зарж банкны зээл хийнэ гэж хэлсэн 3 тооны хөлдөөсөн үхрийн махыг Ч.Б-ын гэрийн гадна байсан жижиг амбаарын хажуу талаас ачсан. Ингээд миний эзэмшлийн 86-54 УВА улсын дугаартай УАЗ-469 загварын шар өнгийн тээврийн хэрэгсэлд ах Б-ын 1 тооны үхрийн мах, дүү Ч.Б-ын 3 тооны үхрийн мах нийт 4 тооны мах ачаад сумын төв рүү явсан. Сумын төвд ирсний дараа мах авах ченж хайж байгаад 23 цагийн үед манай сумын ченж хийдэг Н.Н /Ч/ гэх залууд үхрийн махаа аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Н.Н-ын “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувийн ажлаар хөдөө яваад 23 цагийн орчим сумын төв рүү орж байхад Б над руу залгаж үхрийн мах өгмөөр байна танай гэрийн гадна байна гэж хэлсэн. Би гэрийн гадна очиход Б, Б, Б гэх төрсөн ах, дүү 3 манай гэрийн гадна УАЗ-469 загварын машинтай зогсож байсан. Тухайн үед 1 кг үхрийн мах 5800 төгрөгийн ханштай байсан ба Б 1 үхрийн мах өгөөд 570’000 төгрөг авсан харин Б 3 үхрийн мах өгөөд 2’000’000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг[5],
6. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “...2019 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд 4 настай эр үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 700’000 /долоон зуун мянга/ төгрөг, 6 настай эм үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 800’000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн 237 дугаартай дүгнэлт[6],
7. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “...2019 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд 10 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1’000’000 /нэг сая/ төгрөг, хуучин эдэлж хэрэглэж байсан эмээл болон дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 28’000 /хорин найман мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн 238 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч Ч.Б-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын эхэн үед яг өдрийн санахгүй байна би өөрийн хээр зүсмийн даагаа хайж яваад Их гатлаганы ам гэх нэртэй газарт Б.Б-ын төөлтэй улаан зүсмийн 4 настай эр үхэр байсныг тууж авч яваад гэрийнхээ баруун талд байдаг бургаснаас уяад үлдээсэн. Нэгээс хоёр хоногийн дараа Б.Б-ын хаваржааны гадна хотноос нь хар галзан зүсмийн 4 настай эр үхэр, улаан шаргал зүсмийн 6 орчим настай эм үхэр зэрэг нийт хоёр тооны үхрийг тууж авч яваад гэрийн баруун талд байх эхний үхэр аваачиж уясан байсан бургасанд аваачаад хоёр хөлийн тушиж байгаад бургаснаас уясан. Би 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Б.Б-ын малнаас хулгайлж авсан 3 тооны үхрээ ганцаараа унагааж янзалсан ба уг үхрийн махнуудыг гэрээсээ 800 орчим метр зайнд аваачиж алаг цаасанд боож байгаад цасанд булж нуусан...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр “Тасархайн өвдөг” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө төөлтэй улаан зүсмийн зөв чих нь цуулбар имтэй 4 настай нэг тооны үхэр, 2019 оны 11 сарын 08-аас 09-нд шилжих шөнө хар галзан зүсмийн зөв чих нь цуулбар имтэй 4 настай үхэр, шарга зүсмийн 6 настай эм үхэр нийт 3 тооны үхэр хулгайлж хохирогч Б.Бд 2’200’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байна. Тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт мал гэдэгт үхэр хамаарч байх тул шүүгдэгч Ч.Б-ын хохирогч Б.Б-ын 3 тооны үхэр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хорих ял оноохоор, мөн зүйлийн хуульчилсан тайлбарт нэмэлт өөрчлөлт орохоос өмнө олон тооны мал гэж “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж заасныг “найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б-ын үйлдэлд тухайн зүйлд заасан хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 2’200’000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...миний 3 тооны үхрийн махны мөнгө болох 2’000’000 төгрөгийг өгсөн. Мөн би Боос 3 тооны үхэр хайсан зардалд 1’000’000 төгрөгийг өгөхийг нэхэмжилсэн бөгөөд Б нь үхэр хайсны зардалд нэхэмжилсэн 1’000’000 төгрөгийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан бөгөөд надад учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлсөн, надад одоо нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх хохирогч Б.Б-ын мэдүүлгээр[8] тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ж.А-ны мэдүүлэг[9], гэрч Б.Ц-ын мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б-д улсын яллагч нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан байна. Шүүгдэгч Ч.Б нь анх удаа гэмт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн хээр зүсмийн 10 настай морийг унаж явсан бөгөөд тухайн морийг алга болсон талаар шүүгдэгч мэдүүлсэн байна, мөн хохирогч Б.Б-ын гурван тооны үхрийг зарж 2’000’000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Боос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арван настай морины үнэ болох 1’000’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2’000’000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эмээл нэг ширхэг /хуучин/, тохом нэг ширхэг /хуучин/, хазаар нэг ширхэг /хуучин/, аргамж нэг ширхэг /хуучин/, хар цагаан хосолсон бариултай, ирний урт 15 см хэмжээтэй хутга /хуучин/ нэг ширхгийг гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нь ашигласан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт Ч-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эмээл нэг ширхэг /хуучин/, тохом нэг ширхэг /хуучин/, хазаар нэг ширхэг /хуучин/, аргамж нэг ширхэг /хуучин/, хар цагаан хосолсон бариултай, ирний урт 15 см хэмжээтэй хутга /хуучин/ нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арван настай морины үнэ болох 1’000’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2’000’000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 24-28 дугаар хуудас,
[2] хх-ийн 29-30 дугаар хуудас
[3] хх-ийн 32-33 дугаар хуудас
[4] хх-ийн 34-35 дугаар хуудас
[5] хх-ийн 36-37 дугаар хуудас
[6] хх-ийн 48 дугаар хуудас
[7] хх-ийн 70-72 дугаар хуудас
[8] хх-ийн 27-28 дугаар хуудас
[9] хх-ийн 43 дугаар хуудас
[10] хх-ийн 44 дүгээр хуудас
[11] хх-ийн 76 дугаар хуудас