Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2017/0017/З |
Дугаар | 111/ШШ2019/0003 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2019/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ж.Чимэддоржийг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамж нь илт хууль бус тул хүчингүй болгуулах, намайг өмнө нь эрхэлж байсан ******* сумын 9 жилийн сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие *******гийн ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 9 жилийн дунд сургуульд бага ангийн багшийн ажлыг хийж байгаад тус сургуулийн захирал нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч орон гарсны үндсэн дээр тус ажлын байран дээр зарласан зохих сонгон шалгаруулалтанд нь орж тэнцэн 2014 оны 04 сард ******* сумын 9 жилийн сургуулийн захирлын ажилд томилогдон ажилласан юм. Энэ ажлыг би хийж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн тус сургуулийг сайн сайхан байлгахын төлөө цаг наргүй, ажиллаж уралдаан тэмцээнд тогтмол хамруулж зохих шалгууруудыг хангаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 12 сард ажлаа үнэлүүлсэн үр дүнгийн гэрээгээр хнгалттай сайн буюу /80.5/ үнэлүүлж аймгийн төвийн сургууль нийлсэн 30 сургуулиас 10-т жагсаж сургуулийнхаа амжилтыг ахиулж байсан юм.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжаар намайг 2015-2016 оны хичээлийн жилд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, батлагдсан орон тоон дээр дур мэдэн өөрчлөлт оруулсан, хичээлийн хуваарийг өөрчилсөн гэж үзээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би дээрхи захирамжинд заасан зөрчлийг огт гаргаагүй юм.
Миний хувьд орон тооны хувьд дур мэдэн өөрчлөлт оруулсан асуудал байхгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй. Манайх жил болгон ажиллах орон тоогоо батлаж түүндээ нийцүүлсэн зохих зардал, үйл ажиллагааг явуулдаг юм. Мөн хичээлийн хуваарь өөрчилсөн гэх зүйл байхгүй бөгөөд өөрчилсөн гээд байгаа өдөр нь манай сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсныг тухайн өдрийн ирцийн бүртгэл, бусад зүйлсүүд нотлох юм. Дараагийн шалтаглаж байгаа нэг зүйл нь санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа ч санхүүгийн ямар зөрчил гаргасан, яагаад үүнийгээ ноцтой гэж үзэж байгаагаар барахгүй, намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар надаас ямар нэгэн тайлбар авалгүйгээр намайг халж, хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгааг би зөвшөөрөхгүй байгаа юм.
Би боловсролын салбарт 28 жил ажилласанаас сүүлийн 3 жил тус сургуулийн захирлаар ажилласан, ажиллаж байх хугацаандаа салбарын шагнал болох Ардын боловсролын тэргүүний ажилтан, зохих чиглэлээр аймгийн олимпиадад оролцон хошой мөнгөн медаль авч байсан, 2016 онд шилдэг захирлын шагнал гэх зэрэг амжилтуудыг удаа дараа гаргаж байсан. Миний бие тус сургуулийнхаа сайн сайхны төлөө аль хийж чадах бүхнээ хийхийг хичээж явдаг байсан. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс намайгямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж илт хууль бус шийдвэр гаргасанд би үнэхээр гомдолтой байгаа юм. Би захирамжийг 2017 оны 02 сарын 07-ны өдөр бичиг хэргийн ажилтнаас гардаж авсанаар мэдсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар миний хөдөлмөрлөх эрхэд халдах, намайг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл байгаагүй. Тус захирамжыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандсан, мөн төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 сарын 06-ны дотор тус тус хандсан билээ. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн ******* тоот захирамж нь илт хууль бус тул хүчингүй болгуулах, Намайг өмнө нь эрхэлж байсан ******* сумын Захирлын ажилд буцаан тоггоолгох, Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******-гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ******* нь ******* сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2015-2016 оны хичээлийн жилд батлагдсан орон тоо бүтцэд дур мэдэн өөрчлөлт оруулсан, Боловсрол шинжлэх ухааны яамнаас тогтоосон хичээлийн хуваарийг өөрчилсөн нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын шалгалтаар тогтоогдсон. Мөн Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн хэмжээний сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааны тайланг сонсож, үр дүнг хэлэлцсэн бөгөөд тус хурлаар тус сургуулийн захирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэн хангалтгүй гэсэн хамтын шийдвэр гарч 2017 оны хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулах боломжгүй гэж үзсэн.
Дээрх шийдвэрийг гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн явуулахад ******* нь “Захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. *******аашид бага ангийн багш буюу мэргэжлээрээ тухайн сургуульдаа багшаар үлдэх хүсэлттэй байна” гэсэн санал тавьж түүнтэй тохирлцсоны үндсэн дээр одоо тус сургуулийн багшаар ажиллаж байгаа юм.
Иймээс аймгийн Засаг даргын 2017 оны 130 дугаар захирамжийн нэгдүгээр заалтын дагуу захирлын албан тушаалаас чөлөөлж ******* сумын сургуулийн мэдэлд шилжүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар *******-г бага ангийн багшийн ажилд томилсон бөгөөд ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бага ангийн багшийн ажил гүйцэтгэж байгаа болно.
Иймд *******тэй тохиролцож захирлын албан тушаалыг өөрчилсөн тухай аймгийн Засаг даргын захиргааны акт гарсан тул Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамж нь илт хууль бус тул хүчингүй болгуулах, намайг өмнө нь эрхэлж байсан ******* сумын 9 жилийн сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь тарийн албан хаагч болох нь 2016 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн Баянхонгор аймгийн засаг дарга ******* нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 02 ны-өдрийн Баянхонгор аймгийн засаг дарга ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/739 дүгээр тайлбартаа: ...”нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчил гаргасан мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тогтоосон хичээлийн хуваарийг өөрчилсөн нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын шалгалтаар тогтоогдсон 2016 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн Баянхонгор аймгийн засаг дарга ******* нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн мөн ажлаас чөлөөлж өөр ажилд томилоход татгалзах зүйлгүй гэж санал гаргасан бид нэхэмжлэгчтэй тохиролцсон”... гэжээ.
Хариуцагч ...” нэхэмжлэгчийг 2016 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн Баянхонгор аймгийн засаг дарга ******* нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн зөрчил гаргасан мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тогтоосон хичээлийн хуваарийг өөрчилсөн нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын шалгалтаар тогтоогдсон”... гэсэн үндэслэлээр Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02 ны- өдрийн ******* тоот *******-г ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нэг талаас санхүүгийн зөрчил гаргасан нь санхүүгийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19-05 тоот “Хүүхдийн хүнсэнд илүү мөнгө нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн актаар тогтоогдож байгаа боловч, нөгөө талаас Үндэсний Аудитын газрын харьяа Баянхонгор аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/144 дүгээр ...”******* сумын дунд сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар санхүүгийн байдал,санхүүгийн үр дүн зөрчилгүй санал дүгнэлт авсан”... гэсэн албан бичгээр санхүүгийн зөрчилгүй болох нь тогтоогдож байна. Гэвч эрх ,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн санхүүгийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19-05 тоот “Хүүхдийн хүнсэнд илүү мөнгө нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт болох захиргааны актад гомдол гаргаагүй учир санхүүгийн зөрчил гаргасан гэж дүгнэлээ.
Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тогтоосон хичээлийн хуваарийг өөрчилсөн нь ******* сумын дунд сургуулийн дунд ангийн хичээл нөхөн орсон тухай тус сургуулийн сургалтын менежер *******ийн тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч ...” нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн”... гэж тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг үнэлэхдээ хангалттай буюу 80,5 оноотой ” В” үнэлсэн болох нь Аймгийн боловсролын газрын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр *******-г 80,5 үнэлсэн үнэлгээ , Аймгийн засаг даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулсан атлаа ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа “Төрийн албаны” хуулийг баримтлаагүй нь хууль зөрчсөн байна.
Мөн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасан...”хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлнө”... гэсэн заалтыг баримталсан нь буруу байна. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө нарийвчилсан хуулийн заалт болох Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан ...”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө”... гэсэн хуулийн заалтыг хэрэглэх байсан байна гэж дүгнэлээ .
Нэхэмжлэгч *******-г ажлаас чөлөөлөхдөө аймгийн боловсролын газрын саналыг авсан эсэхийг тодруулахаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 111/аб 2017/0070 албан бичгээр ,Засаг даргын тамгын газарт, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 111/аб 2017/0093 албан бичгээр ,Боловсрол соёлын газарт , 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 111/аб 2017/00102 албан бичгээр, Засаг даргад, мөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 111/аб 2017/00102 албан бичгээр, *******г томилохдоо аймгийн боловсролын газрын санал авсан эсэхийг тодруулахаар нотлох баримтыг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй байх бөгөөд нотлох баримт шаардсан албан бичгийн хариуд ирүүлсэн аймгийн боловсролын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаар албан бичигт ...“Засаг даргын зөвлөлийн гишүүдийн саналаар 2017 онд гэрээ байгуулж ажиллах боломжгүй болсон”... гэжээ .Иймд хариуцагч *******-г ажлаас чөлөөлж,*******-г томилохдоо аймгийн боловсролын газрын санал аваагүй байна гэж үзлээ. Энэ нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан ...”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө”... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа мөнгөн илэрхийлээгүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх жиллагааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түдгэлзүүлсэн ,2017 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын газрын прокурорын тогтоолоор *******-г холбогдох хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хүсэлт ирүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 111/Ш32019/0017 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамж гарсан болхохыг дурьдах нь зүйтэй.
Мөн хэргийн оролцогч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан, уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хүсэлтээр түдгэлзүүлсэн байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан , мөн хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн урд өдөр болох 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан захирамжийг үндэслэн шүүх хуралдааныг хoйшлуулах хүсэлт гаргасныг хангаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 , Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02 ны-өдрийн ******* дугаар “*******-г ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгож, *******-г Баянхонгор аймгийн ******* сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй, болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай .
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ