Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0477

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч Л.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: ““И” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-015521 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Э.Э, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь ““И” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-015521 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хууль заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “И” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-015521 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/138, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/200, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тушаалаар тус тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулагдаад байна.

3.2. Хүсэлт гаргасан 17 аж ахуйн нэгжийн холбогдох материалуудыг хүлээн авч, урьдчилсан байдлаар судалгаа хийж хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулж талбай дүйцүүлэн авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдсэн байдлаар уулзалт зохион байгуулж ажлын хэсгийн чиг үүрэг, зорилго хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хүсэлт болон түүнд хавсарган ирүүлэх шаардлагатай холбогдох баримт материал, мэдээллийн агуулсан албан бичгийг компани тус бүрд гардуулан өгсөн. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ирүүлсэн 17 аж ахуйн нэгжийн 18 тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, холбогдох баримтуудыг ирүүлсэн дэс дарааллын дагуу хүлээн авсан. Хүсэлт ирүүлсэн 17 аж ахуйн нэгжийн 18 тусгай зөвшөөрлийн 198,004.5 гектар талбайд давхцал үүсэж, тусгай зөвшөөрлийн талбайд 4,049,988,583 төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан байна.

3.3. Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан аргачлал, шалгуур үзүүлэлтийн төслийг батлуулахаар газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 1/6250 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлэхэд “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2816 дугаар албан бичгээр “Албан бичигт дурдсан аргачлалыг төрийн захиргааны байгууллага батлах нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

3.4. Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг судлан үзэхэд нөхөх олговор олгох журам болон аргачлалыг батлах эрхийг төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт хуулиар тусгайлан эрх олгоогүй байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс дараах байгууллагуудад хандаж хариуг хүлээн аваад байна.

3.5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-332 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт энэ аргачлал болон нөхөх олговор олгох журам батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдээр батлуулахаар хуулийн төсөлд яаралтай оруулах саналтай байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр уламжилсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2021 оны 03 дугаар сард ажлын хэсгийн үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэлийн талаар танилцуулга хийсэн.

3.6. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шилжүүлэх тухай” ХЭГ/843 дугаар албан бичгийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/903 дугаар албан бичгийг ирүүлсний дагуу тус газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг 1/1815 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандсаны дагуу сайд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж, ирүүлсэн хариуг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1420 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

3.7. Улсын дээд шүүхэд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрхэн нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тайлбар авахаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/56 дугаартай албан бичгээр хандахад Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/252 дугаартай албан бичгээр “ямар журмаар хэрхэн хэрэгжүүлэх талаарх хуулийн тодорхой зохицуулалт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

3.8. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу хууль хэрэглээний албан ёсны тайлбар авахаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/898 дугаартай албан бичгээр дахин хандахад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1289 дугаар албан бичгээр “хуулийн энэхүү зүйл заалтыг тайлбарлах шаардлагагүй” гэсэн хариуг ирүүлсэн.

3.9. Урт нэртэй хуулийн хязгаарлалтад орсон 2 аж ахуйн нэгжийн нөхөх олговрын асуудлаар нэхэмжлэл гаргасан захиргааны хэргийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу холбогдох байгууллагад уламжлахыг даалгаж шийдвэрлэсэн байх тул Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хуулийн тайлбар гаргуулах тухай” 1/1793 дугаартай албан бичгээр хандсан.

3.10. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлуулах тухай саналыг судлаад шаардлагатай нэмэлт баримтууд ирүүлэх тухай” 4/2100 дугаартай албан бичгийг ирүүлсний дагуу “шүүхийн шийдвэр, албан бичгүүд, холбогдох баримтууд болон уг баримтуудтай холбоотой тайлбар болон нэмэлт тайлбар хүргүүлэх тухай” 358 хуудас хавсралттай албан бичгийг тус газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/2615 дугаартай албан бичгээр хүргүүлээд байна.

3.11. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлуулах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1793 дугаартай хүсэлтийг хэлэлцээд хуулийн албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан тогтоолын төслийг хэлэлцэх байсан боловч тус хуралдаанаар хэлэлцэх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “...үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан.

3.12. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;” гэж заасан чиг үүргийн хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар уламжлуулан Засгийн газраар шийдвэрлүүлэх ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрхэн нэг мөр зөв ойлгож хэрэглэх талаар “Чиглэл хүсэх тухай” албан бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/55 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандахад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/297 дугаар албан бичгээр “Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

3.13 Улсын Их Хурлын Тамгын газарт 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/1185 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан тус зохицуулалтын зорилго, үзэл баримтлалын талаар холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан ирүүлэх талаар хандахад Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ТГ-02/269 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг хуулбарлан ирүүлсэн.

3.14. Ажлын хэсгийн зүгээс 1:1 буюу нэг тусгай зөвшөөрлийн талбайд 1 талбай дүйцүүлэх чиглэлийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсээр ирсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Аж ахуйн нэгжүүд нэгдсэн хүсэлт ирүүлсний дагуу /Хүсэлтийн гол агуулга нь: ...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт дүйцүүлэх тусгай зөвшөөрөл олгохдоо зөвхөн нэг тусгай зөвшөөрөл олгон гэж хуульчлаагүй байхад ажлын хэсгийн зүгээс 1:1 буюу нэг тусгай зөвшөөрөл авах эрхтэй мэтээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай уулзан хэлэлцэн тохиролцохгүйгээр шийдэж байна. Засгийн газраас энэ ажил анх удаа явагдаагүй 2017 оны 256 дугаар тогтоолоор нэг компанид 2-8 тусгай зөвшөөрөл олгож одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд өөрийн эзэмшлийн талбайд гектарт тулган дээд тал нь 2 тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтээ гаргаж байна.../ ажлын хэсгээс хамтарсан уулзалт зохион байгуулж уулзалтаар 1:2 буюу аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын хил заагтай давхцал үүссэн га хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр 2 тусгай зөвшөөрлийн талбайд талбай дүйцүүлэн авахаар гаргасан хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.8 дахь хэсэгт заасан зарчмуудыг баримтлан хэлэлцэн тохиролцож Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжлан хүргүүлсэн.

3.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан.

3.16. Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шинээр нэмэгдсэн зохицуулалт юм.

3.17. Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргажээ. Энэ хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан.

3.18. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчин 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3.19. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

3.20. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж нөхөх олговор олгох боломжийг бий болгосноор төрийн нийтийн өмч үнэгүйдэж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан хуулийн зарчим алдагдах юм.

3.21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна"” гэх шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”,

4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

4.1. Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргажээ. Энэ хуулийн 2 дугаар зүйлд “ Энэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан.

4.2. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчин 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

4.4. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж нөхөх олговор олгох боломжийг бий болгосноор төрийн нийтийн өмч үнэгүйдэж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан хуулийн зарчим алдагдах юм.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”. 106.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”,

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан.

5.2. Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шинээр нэмэгдсэн зохицуулалт юм.

5.3. Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргажээ. Энэ хуулийн 2 дугаар зүйлд " Энэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан.

5.4. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчин 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэтэл хариуцагчаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулж нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлан шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа” гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “...Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9/4366 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлэлгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулахыг ойлгоно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг судлан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байхад шийдвэрлэлгүй харьяа байгууллага руу шилжүүлж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна ... өөрөөр хэлбэл, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нөхөх олговор олгох хүсэлтийг авч судлан үзэж Монгол Улсын Засгийн газарт уламжлах, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрлийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар олгож болох байтал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хөндөгдөхөд хүрчээ...” гэж үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан, холбогдох материал, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа:

6.1. Хариуцагч гомдолдоо “Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчин 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалтыг буцаан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэжээ.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нөхөх олговор авах өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгахаар шийдвэрлэсэн болохоос нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохыг даалгасан шийдвэрийг гаргаагүй, хэрэв нөхөх олговрыг олгохгүй гэж хариуцагч үзэж байгаа бол нөхөх олговрыг олгохоос татгалзах нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал тул анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

6.3. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн ХV-015521 дүгээр тусгай зөвшөөрлийн Ховд аймгийн Алтай сумын нутагт “Шовгор уул” нэртэй газрын 33948.31 гектар талбайгаас 2667.91 гектар талбай давхацсан. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг тодорхой зорилгоор төрийн мэдэлд шилжүүлсэн авсан харилцаа нь одоо буюу 2022 онд хэвээр үргэлжилж байна. Анхан шатны шүүх одоо хэвээр үргэлжилж буй харилцаанд хуулийн заалтыг хэрэглэсэн тул хариуцагч нарын энэхүү гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6.4. Хариуцагч гомдолдоо “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, уг ажлын хэсэг нь төрийн зарим байгууллага руу албан бичиг явуулж, тодорхой хариунуудыг авсан, шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг хуулийн тодорхой заалтуудыг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжлаад байгаа захиргааны үйл ажиллагааны талаар анхан шатны шүүх огтхон ч дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй” гэжээ.

6.5. Хуулиар “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан, уг ажлын хэсэг нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс бусад зарим аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрыг сайдад уламжилсан бол нэхэмжлэгчийн нөхөх олговор авах өргөдлийг шийдвэрлэхээс татгалзах эрхийг хариуцагч Монгол улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт олгоогүй тул тэдний энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

6.6. Харин нөхөх олговор авах эрх бүхий 17 компанийг шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй гэдгээр нь ялгаварлаж зөвхөн шүүхийн шийдвэртэй компанийн нөхөх олговор авах өргөдлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжилж, шүүхийн шийдвэргүй аж ахуйн нэгжүүдийг өргөдлийг элдэв хууль зүйн үндэслэлгүй тайлбар хэлж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхгүй нь Монгол улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр дүгээр зүйлийн 1-т заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчиж байна. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчээс “И” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын “Шовгор уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-015521 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзал хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

5. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбарын хүрээнд байна уу, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих шийдвэр гаргахгүй байна уу гэсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөх учиртай.  

6. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 171820 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” хэмээн тодорхойлж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заажээ.

7. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг хуульд заасан хугацааны дотор заавал төлөх үүрэгтэй, харин Засгийн газар хуульд заасан тодорхой зорилгоор газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон, хуулийн дээрх заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын талбайтай холбоотой нөхөх олговрын асуудлыг нээлттэй ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна ... нөхөх олговорт тооцох аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах саналтай байгааг бичгээр уламжлан ажиллаж байна” гэж хариу өгснөөс өөрөөр нөхөх олговрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд заасан журмын дагуу бодитой ажиллагаа хийгээгүй, мөн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлаагүй нь хууль бус байна.

8. Нэгэнт дүйцэх талбай олгох эрхийг Засгийн газарт, хайгуулын ажлын зардлыг нөхөн олгох шийдвэр гаргах эрхийг тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байгууллагад олгохдоо “тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцох”, “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар эсхүл нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр хуульчилсан, Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хэсэгчлэн давхацсан энэ тохиолдолд хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын XV-015521 тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд “...үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэсэн дүгнэлт хийж, нөхөх олговор олгох асуудлыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/20, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/28, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21/33 дугаар албан бичгүүдээр тус тус нөхөх олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч хуулийн этгээд нөхөх олговор авах асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хүсэлт гаргаагүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн байх тул бичиглэлийн хувьд өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “И” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын Шовгор уул нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-015521 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгох өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА

    

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ