Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 247

 

                                                           А.Ж-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор З.Энхжаргал,

шүүгдэгч А.Ж-,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор З.Энхжаргалын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Ж-д холбогдох эрүүгийн 1709020200216 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт А-гийн Ж-, 1983 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            А.Ж- нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байгаад хохирогч Б.Мөнхчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас А.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор З.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос А.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан түүнд тухайн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Ж-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйлд зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан, прокурорын түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг зөвшөөрсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг заасныг биш, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан ял оноосон нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч А.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос А.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тухайн зүйлд зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, 510 дугаар шийтгэх тогтоолоор /хх-ийн 55/ “Шүүгдэгч А.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж” шийдвэрлэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-ийн 50/, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтөгөлдөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж” гэж тусгасан байна.

Уг шүүх хуралдааны дуу-дүрс бичлэгийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн судлаж үзэхэд, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас илт зөрүүтэй байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд А.Ж-ын нэрийг “Б.Энхтөгөлдөр” гэж, мөн шүүгдэгч А.Ж-д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн мэтээр ташаа бичсэн болох нь тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилжээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ж-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хууль хэрэглээний талаар маргасан прокурорын эсэргүүцлийг шийдвэрлээгүй болохыг дурьдав.