Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 33

 

Т.Отгонцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой Т.Отгонцэцэгт холбогдох 201625021214 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Отгонцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Т.Отгонцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын дээд шүүхэд гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн “Самсунг Галакси Эс-5” загварын гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх хэргийг Б.Оюунтуяа, Т.Отгонцэцэг нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Г.Ану, гэрч О.Одцэцэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Болормаа, яллагдагч Т.Отгонцэцэг, Б.Оюунтуяа нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж шалгасан болно.

Гэтэл яллагдагч Т.Отгонцэцэг нь “2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Болдбаатарын “Самсунг Галакси Эс-4” загварын гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад “...эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс ...хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол ...гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн” гэж зааснаар шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн. Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Отгонцэцэгт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.

Т.Отгонцэцэгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Болдбаатарын “Самсунг Галакси Эс-4” загварын гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Дээрх хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө Т.Отгонцэцэг нь бусадтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн “Самсунг Галакси Эс-5” загварын гар утас, 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэргийг хулгайлж, 486.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал буюу хүнд ялтай зүйл, хэсэг хэрэглэх үндэслэл болж байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Отгонцэцэгт холбогдох 201625021214, 201625012353 тоот хэргүүдийг нэгтгэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

                               ДАРГАЛАГЧ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН