Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 155

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогт Л-ын М-д холбогдох эрүүгийн 2035000980136 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Л-ын М, 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.М нь Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000980136 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.М-ын “...Тэгэхэд тэр охидууд чи энэ яриаг хамгийн анх эхлүүлсэн, чи хүмүүст тараасан тийм болохоор чи хэргээ хүлээ гэж шаардсан юм. Тэгэхээр нь би үүнтэй огт санал нийлэхгүй та нар энэ яриаг эхлүүлсэн тарааж эхэлсэн хүмүүсээ ол гэж хэлсэн юм. Ингэх явцад М миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан юм. Түүний дараа Энхтунгалаг чи яагаад худал яриад байгаа юм бэ? гэж хэлээд Энхтунгалаг бас миний зүүн талын хацар луу надтай маргалдаж байх явцдаа 2 удаа алгагдсан юм. ...Тэр үед М бас миний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа алгадсан юм. Тэгэхээр нь би бид нар ингэж зогсоод энэ асуудлыг шийдэж чадахгүй тийм болохоор цагдаагийн хэсэг дээр очиж шийдүүлье гэхэд тэр охидууд хүлээн зөвшөөрөөд машины хаалга надад онгойлгож өгөөд намайг суулгасан юм. Машины жолоог Энхтунгалаг барьж явсан харин М чамайг хол гаргаж байгаад өнөөдөр заавал ална гэж маш олон удаа хэлсэн М ингэж хэлж байх явцдаа миний цээж рүү 2 удаа чичсэн юм. Тэгээд бас миний үснээс зулгаасан юм. Тэгээд хиймэл нуур явах зам дагуу явж байхад хажуугаас Э одоо энд зогсоо цаашаа эргээд явах юм бол хүн байгаа гэж хэлээд машин зогсоосон юм. Тэгэхэд машин зогсох үед М машинаас буугаад миний хаалгыг онгойлгоод намайг татаж газарт унагааж байгаад М миний нүүр болон толгой хэсэг рүү олон удаа гараараа цохисон намайг цохиж байх явцад бусад охидууд машин ирж байна гэж хэлэхэд М чи намайг цохисон гэж хүнд хэлээд үзээрэй, хүнд хэлэх үү гэж олон удаа намайг дарамталж заналхийлж үснээс татаж асуусан юм... ” гэх мэдүүлэг[1],

“...намайг машинд суулгаж сумын төвийн дээд тал буюу хиймэл нуур явах замаар явж байгаад зогсоод М миний толгой болон баруун, зүүн талын хацар луу, чих рүү олон удаа гараараа цохиж зодсон юм. Тэгэхэд миний зүүн, баруун талын чих шуугиад явчихсан. М-гийн цохилтын улмаас миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[2],

“...Надад гэмт хэргийн улмаас Баруунтуруун сумаас Улаангом суманд ирж нэгдсэн эмнэлэгт эмч нарт үзүүлж анхан шатны эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Улаанбаатар хот руу явж толгойны зураг авхуулсан зэрэг нийт зардал 2’387’100 төгрөгийн хохирол учирсан би хохирлын тооцоогоо гаргаж өгсөн бусад баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө Л.М надад учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл огт байхгүй бөгөөд надтай уулзаж надаас уучлалт гуйсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

2. Гэрч Б.Б-ийн “...М энэ асуудлыг цагдаагийн хэсэг дээр очиж шийдүүлнэ гэж хэлээд М зөвшөөрөөд Энхтунгалагийн машины арын суудалд М, Э эгч хоёр суугаад харин жолоог Энхтунгалаг бариад жолоочийн эсрэг талын суудал дээр М суугаад явсан. Тэгээд цагдаагийн байр луу эргээд явж байтал М эгч ийшээ эргээд зогсчих үүнийг холхон гаргаж байгаад өнөөдөр заавал чамайг ална гэж хэлээд М эгчийн үснээс татсан юм. Тэгээд сумын төвийн дээд талд байх лагар гэх хорооллын дээд талд очоод зогсоход М эгч буугаад М эгчийн цамцнаас татаж машинаас унагасан чинь М эгч босоод ирэхэд М эгч дахин М-ын хоёр мөр лүү гараараа түлхээд газарт унагааж байгаад хоёр хацар луу хоёр гараараа ээлжлээд 2-3 удаа цохиод байсан юм. Цохиж байх явцдаа М эгч чи яахаараа ийм олон охидуудын нэр төрд халдаж байгаа гэж хэлээд цохиод байсан...” гэх мэдүүлэг[4],

3. Гэрч Д.О-ийн “...Ямар ч байсан намайг харах үед М манай найз охины зүүн хацар луу нэг удаа гараараа цохисон юм. ...би машинаа очиж аваад тэд нарын араас яваад очиход М уйлсан байдалтай хувцас нь шороо болчихсон, үснээс татсан байдалтай үс нь арзайсан зүүн талын хацар хүзүү хөхөрсөн байдалтай газарт сууж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад М миний үснээс татаж машинаас унагаагаад толгой, нүүр, хацар луу олон удаа цохиж зодсон гэж хэлэхээр нь би М-ыг өөрийнхөө машины ард суулгаад явах гэтэл араас М намайг чамайг цохисон гэж хүнд битгий хэлээрэй чамайг хүнд хэлэх юм бол дараа нь ална гэх зэргээр орилоод байсан юм...” гэх мэдүүлэг[5],

4. Гэрч Э.Э-гийн “...Машин зогсох үед би жолооч талын арын хаалгаар буугаад цаашаа эргээд утсаар ярьчхаад эргээд машин дээр очиход машины зүүн талын хойд талд М М хоорондоо маргалдаж байсан юм. Тэгэхэд М хоёр гараараа хацар дээрээ тавьчихсан зогсож байхад М М-ын зүүн талын хацар луу нэг удаа гараараа алгадаж цохиод түлхээд газарт унагаачихсан чинь хажуугаас Булганзаяа ирээд М эгчээ одоо боль гэж хэлээд салгаад зогсож байтал М-ын найз залуу болох О ирээд М-ыг босгоод аваад явах гэтэл М чи дахин ийм олон юм ярьж яваад үзээрэй чамайг ална шүү гэж хэлээд орилоод байсан юм...” гэх мэдүүлэг[6],

5. Гэрч Б.Энхтунгалагийн “...М, Э, Булганзаяа нар арын суудалд суугаад М жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад цагдаагийн байр луу явж байтал М эгч хойшоо эргэж хараад чамайг заавал ална гэж хэлээд Мыг цохиод байсан юм. Тэгэхээр нь одоо боль цагдаа дээр очиж энэ асуудлыг шийдүүлнэ гэхэд М эгч миний машины салон өшиглөөд ийшээ эргээд зогс энэ новшийг энд ална гэж хэлээд над руу уурлаад байхаар нь би нуур явдаг замаар явж байгаад зогсоход М эгч буугаад М-ын үснээс татаад машинаас буулгаж ирээд цээж рүү түлхэж унагаагаад гичий, янхан гэх зэргээр янз бүрийн хараалын үгээр доромжилж баруун хацар, зүүн талын хацар луу хэд хэдэн удаа гараараа цохиод байсан юм...” гэх мэдүүлэг[7],

6. 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.М-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал цоорол, хүзүү, зүүн хацарт цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хүзүү, зүүн хацарт цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Харин зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал цоорол гэмтэл нь шинэ, хуучин эсэхийг, хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Тархи доргилт, зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал цоорол гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 492 дугаартай дүгнэлт[8],

7. Шүүгдэгч Л.М-гийн яллагдагчаар өгсөн “...машин зогсох үед би машинаас буугаад М-ын цамцнаас татаж буулгахад газарт уначхаад нүүрээ дараад уйлаад суугаад байхаар нь чи яах гэж ингэж хэлж байгаа юм бэ? гэж хэлээд М-ын үснээс татаад түүний баруун, зүүн талын хацар хэсэг рүү 2-3 удаа гараараа алгадсан юм...” гэх мэдүүлэг[9] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь Увс аймгийн Баруунтуруун сумын 02 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.М-ын нүүр болон толгой хэсэг рүү гараараа цохиж хохирогчийн биед тархи доргилт, зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал цоорол, хүзүү, зүүн хацарт цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан тархи доргилт, зүүн чихний хэнгэрэг хальсны урагдал цоорол гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 1’256’100 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 1‘248’100 төгрөгийг шүүгдэгч Л.М-гээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь цаашид чихний хэнгэрэг нөхүүлэх шаардлагатай болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Би 500’000 төгрөг Б.М-ын данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Н /хх-ийн 32 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Л.Т /хх-ийн 33 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багт эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байна.

Улсын яллагч шүүгдэгчид 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850’000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан, шүүгдэгч Л.М нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д 453 /дөрвөн зуун тавин гурав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирон гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Л-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д 453 /дөрвөн зуун тавин гурав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гээс 1‘248’100 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 


[1] хх-ийн 13-14 дүгээр хуудас

[2] хх-ийн 15 дугаар хуудас

[3] хх-ийн 16 дугаар хуудас

[4] хх-ийн 19-20 дугаар хуудас

[5] хх-ийн 23-24 дүгээр хуудас

[6] хх-ийн 27-28 дугаар хуудас

[7] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[8] хх-ийн 38-40 дүгээр хуудас

[9] хх-ийн 62-63 дугаар хуудас