Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э,

            улсын яллагч Т.О,

   шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 000 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл ганцаараа оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял,

- Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 6 сарын баривчлах ял,

- Багануурийн дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Мовогтой Г.М /РД:............../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-г “Миний дэргэд тамхи татлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн 2020 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 87 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-г “бусадтай хардсан”-ны улмаас түүний нүүр, толгой, дал, гуя тус газруудад гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “Би М гэх залуутай 2018 оны 6-р сард танилцсан. Бид хоёр 2019 оны 7-р сард нэг гэрт орж хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 44-р байрны 87 тоотод 2020 оны 2-р сарыг дуустал хамт амьдарсан. 2020 оны 5-р сарын 25-ны өдөр би аавындаа унтаж байхад М над руу шөнө 23 цагийн үед утсаар яриад ...шөнийн 01 цагийн үед М манай гэрт орж ирээд намайг дуудаад гаръя ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд манай гэр рүү хамт явъя гээд дагуулаад явсан. Би шөнө М-н гэрт хамт хоносон. Тэгээд 2020 оны 5-р сарын 26-ны өдөр 11 цагийн үед М бид хоёр 4,5 л том пиво хувааж уугаад юм яриад сууж байхад би тамхи асаагаад татахад М уурлаад чи миний хажууд тамхи татлаа гэж хэлээд гараа атгаж байгаад нүүр рүү 2 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. М надаас уучлалт гуйхаар нь би уучлаад хамт унтаж амарсан. Маргааш нь би босоод нүүрээ толинд харахад дээд үүдэн нэг шүдний тал эмтэрсэн байхыг мэдсэн. Би М-д шүдээ үзүүлэхэд янзалж өгнө гэсэн. Нүдний хавдраа буулгах гэж М-тай 5 хоног хамт байсан. М шүд янзлуулж өгнө гээд удаад байхаар нь утсаар ярихад надад хамаагүй чи цагдаад өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),

“2020 оны 9-р сарын 05-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 44-87 тоотод очиход М гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид 2 юм яриад сууж байхад миний гар утас руу манай найз болох Батдорж залгахад М намайг ярь гэсэн. Тэгээд ярьж дуусаад М намайг шууд гараа атгаж байгаад миний толгой руу хүчтэй цохиж, үс зулгааж, зүүн талын нүд рүү гараараа цохисон. М 2020 оны 5-р сарын 26-ны өдөр намайг гэрээс очиж аваад зодсон, 2020 оны 9-р сарын 05-ны өдөр намайг гэртээ хардаж зодсон. Б бид 2 бол зүгээр найзууд байсан. М ганцаараа амьдардаг, архи уухаараа агсан зантай...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7794 дугаар: “ Хэсэг газрын үзлэгт зүүн дээд 1-р шүдний хазах гадаргуу урд хэсгээр  ташуу 0.6х0.4см орчим талбайд хугарсан, хугарлын ирмэг хурцавтар, биед өөр ил харагдах  гэмтэлгүй,

1. Б.Б-н биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрйн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10219 дүгээр: “Хэсэг газрын үзлэгт баруун гуяны урд дээд хэсэгт 10х1.5см, зүүн өвдөгт 4х2см, баруун бугалганд 6х2см, зүүн даланд 4х2см хөх өнгийн цус хуралттай, зүүн өвдөгт 3х2см, хүзүүний урд хэсэгт 3х0.2см, зүүн хажуу хэсэгт 3х0.2см 3 ш, зүүн хацарт 2х0.2см, духны зүүн хэсэгт 2х0.2см, баруун нүдний дээд зовхинд 3х0.2см зулгаралттай, баруун чамархайн хуйх овойж хавдсан, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан, 2 шанаа эмзэглэлтэй, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ГССҮТөвийн эмчийн үзлэгт тархи доргилт, нүүр, хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал,

1. Б.Б-н биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөг, баруун бугалга, зүүн дал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн өвдөг, хүзүү, зүүн хацар, дух, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас)

 

- Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн:

“Г.М нь миний том хүүхэд ...”Энх дэлгэр зам констракшн” ХХКомпанид ачигч ажил хийдэг. Сардаа 700-800.000 төгрөгийн цалин авдаг. Манай хүү найз бүсгүй гээд Б-г танилцуулж байсан. Б-тэй 5-6 cap л хамт амьдарсан байх. Бид тусдаа амьдардаг болохоор тэр хоёрын талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

 

  • Шүүгдэгч Г.М  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би Батхишигтэй 5-6 cap хамт амьдарсан. Энэ хугацаанд 2020 оны 05-р сарын 26-ны өдөр гэрт тамхи татлаа гэх шалтгаанаар, дараа нь 2020 оны 09-р сарын 05-ны өдөр Батхишигийг хүнтэй хардаж зодоод биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)

 

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),

 

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 13-21 дүгээр хуудас),

 

- Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 165 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 184-185 дугаар тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 186 дугаар тал),

 

- Шүүгдэгч Г.М-н хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 141 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дугаар тал), урьд ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 112-133 дугаар хуудас), Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 169-183 дугаар хуудас), “Энх дэлгэр зам констракшн” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 136 дугаар тал)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-г “миний дэргэд тамхи татлаа” гэх шалтгаанаар,  

мөн 2020 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ Б.Б-г “бусадтай хардсан”-ны улмаас түүний эрүүл мэндэд тус тус халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Б-н: “...2020 оны 05-р сарын 26-ны өдрийн 11 цагийн үед би тамхи асаагаад татахад М уурлаад чи миний хажууд тамхи татлаа гэж хэлээд гараа атгаж байгад нүүр рүү 2 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Маргааш нь босоод толинд харахад дээд үүдэн нэг шүдний тал эмтэрсэн байхыг мэдсэн”, “2020 оны 09-р сарын 05-ны орой 22 цагийн үед бид 2 юм яриад сууж байхад гар утас руу манай найз Батдорж залгахад М намайг ярь гэсэн. Тэгээд ярьж дуусаад М миний толгой руу хүчтэй цохиж, үс зулгааж, зүүн талын нүд рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг (хх 30-32, 60-61),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7794 дугаар: “Б.Б-н биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх40-41),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10219 дүгээр: “Б.Б-н биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөг, баруун бугалга, зүүн дал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн өвдөг, хүзүү, зүүн хацар, дух, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн  дүгнэлт (хх65-66), шүүгдэгч Г.М  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-76) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж ... хамтран амьдрагч…этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч Г.М, хохирогч Б.Б нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2018 онд танилцаж, 2019 оны 07 дугаар сараас гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийг мэдүүлгээр тогтоогдож байна. 

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б-г хоёр удаа буюу үргэлжилсэн үйлдлээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Г.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнга чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалттай. 

Харин “Байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эсрэг чиглэсэн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг үйлдэх байх ба энэ нь дадал зуршил болсон, хэвшмэл, тогтмол байх шинжийг агуулж буй нөхцөл байдлыг ойлгох тул прокуророос шүүгдэгч Г.М-г дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх үзэж, шүүгдэгчид тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч Б.Б нь хэрэгт ирүүлээгүй бөгөөд “...хохирлын мөнгө нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй” гэх хүсэлтийг (хх167-168) гаргасан байх тул шүүгдэгч Г.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-165) гаргасныг прокурор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 283 дугаар тогтоолоор шийдвэрлэн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008023231317 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоногүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.