Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э

            улсын яллагч Б.Э,

   шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ц-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-5, ээж, дүү, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Б.Ц (РД:............).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим урьд хамтран амьдарч байсан М.Б-г хайж очин, “ах чинь хаана байна, утасны дугаарыг нь өг” гэх шалтгаанаар иргэн Б.Б-тэй маргалдаж, улмаар гэрээс гарч уг тоот хашаанд байсан иргэн Э.Ж-н эзэмшлийн ....... улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, зүүн, баруун хойд  талын хаалга, зүүн хаалганы шил, баруун урд хаалганы борооны хаалт зэрэг эд ангийг хүрзээр цохиж, эвдэн, мөн иргэн М.Б-н гэр лүү буцаж ороод зурагны тавиур дээр байсан М.Б-н эзэмшлийн 32 инчийн Монел загварын ЛСД зурагт нэг ширхэгийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас иргэн Б.Б-д 300.000 төгрөгний шууд хохирол, иргэн М.Б-д 350.000 төгрөгний шууд хохирол буюу бусдад нийт 650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

- Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал)

 

- Хохирогч  Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Уг тээврийн хэрэгсэл нь нөхрийн эзэмшлийнх юм. 2020 оны 07 дугаар сард хүнээр малаа харуулаад нөхөр Ж-н хамт хотод ирж Чухал амжилт сургалтад хамрагдсан. Улаанбаатар хотод байх хугацаанд ээжийн төрсөн дүү болох Б ахын гэрт байсан. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б ахтай хамтран амьдарч байсан Ц эгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээд “танай ах чинь хаана байна” гэж асуухад “би мэдэхгүй” гэхэд “яагаад та нар мэдэхгүй байгаа юм. Мэдэж байх ёстой” гэж маргалдсан. Манай нөхөр Ж, Б ахыг гэрээс гаргаад цоожилсон. Тэгсэн хашаан дотор байсан манай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шил болон машиныг хүрзээр цохиж хонхойлгосон байсан. Ц эгч хойморт байсан 32 инчийн телевизорыг хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Манай машинд учирсан хохирлыг Ц эгч бүрэн дүүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал)

 

  • Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “... 2013 оноос 2019 он хүртэл хамтран амьдарч байсан...Ц ирж ийм үйлдэл гаргасан талаар сүүлд надад хэлж байсан..Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)

 

  • Гэрч Б.Н-н өгсөн:

 “... манай эгч Ц согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай Б-н гэрийн гадаа байсан. Хашаан дотор байсан автомашины баруун хойд талын хаалга хонхойсон байсан, цонхны шил нь хагарсан байсныг би анзаараагүй. Тэгээд гэрийн хаалгыг онгойлгон гэр лүү эгч Ц-н хамт орсон. Ц тухайн үед гэрийн хойморт байрлах зурагтыг эвдэж байхыг харсан. Тэгээд Ц-г гэрээс авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

- “Т.Э ” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2225 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монел маркийн 32 инчийн зурагт /LCD/ 350.000 төгрөгөөр тогтоосон.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)

 

- “А.Э” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17323 дугаар авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: ” Т.Приус-11 маркийн  ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 530.000 төгрөгийн хохирол” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Сонгинохайрхан дүүргийн ....... хороо, Алтан-Овоогийн ............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хамтран амьдарч байсан Б-тэй уулзахаар очсон. Тэгтэл Б гэртээ байхгүй гэрт нь хамаатны хоёр дүү байсан. Тэр хоёроос “Б хаана байна гэж” асуухад “мэдэхгүй” гэж хэлж байсан... Тэгээд би Бя-тэй маргалдаж хашаан дотор байсан Приус-11 маркийн автомашины урд салхины шил, зүүн, баруун, хойд  талын хаалга, зүүн хаалганы шил, баруун урд хаалганы борооны хаалт зэргийг хагалж гэмтээсэн. Мөн гэр дотор байсан 32 инчийн зурагтыг гэмтээсэн. Би уг үйлдэлдээ харамсаж байгаа...Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим М.Б-г хайж очин, “ах чинь хаана байна, утасны дугаарыг нь өг” гэх шалтгаанаар иргэн Б.Бя-тай маргалдаж, уг тоот хашаанд байсан иргэн Э.Ж-н эзэмшлийн ....... улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, зүүн, баруун хойд  талын хаалга, зүүн хаалганы шил, баруун урд хаалганы борооны хаалт зэрэг эд ангийг хүрзээр цохиж гэмтээн, иргэн М.Б-н гэрт орж 32 инчийн Монел загварын /LCD/ зурагтыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 650.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- хохирогч  Б.Б-н мэдүүлэг (хх-13), хохирогч М.Б-н мэдүүлэг (хх-19), гэрч Б.Н-н мэдүүлэг (хх-27), “Т-Э” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2225 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-35), “А-Э” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17323 дугаар авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-39) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ц-н үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Ж-н эзэмшлийн .................. улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашиныг гэмтээсэн, хохирогч М.Б-н эзэмшлийн 32 инчийн Монел загварын /LCD/ зурагтыг хагалж,  улмаар  хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг агуулсан байх тул Шүүгдэгч Б.Ц-г тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бя, М.Б нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийг өгсөн тул шүүгдэгч Б.Ц-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

 Шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-82) гаргасныг прокурор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 287 дугаар тогтоолоор шийдвэрлэн 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008023421276 тоот хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.