Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 258

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  С.Ганчимэг би,

        Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Х.Баттулгын нэхэмжлэлтэй,

       Дорнод аймгийн Баян-Уул сумын 3-р багт орших, ЖВ68011610 регистрийн дугаартай, Дагаанхан овогт Хандсүрэнгийн Баатарцогтод холбогдох,

   Зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Баатарцогт нь Баян-Уул сумын сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 сарын 09-ний өдөр дууссан боловч Х.Баатарцогт нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж албан бичгээр 8 удаа хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иргэн Х.Баатарцогт нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас учирч буй хор уршиг нь дараагийн иргэн ажлын байраар хангагдахгүй, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт удааширч байна. Х.Баатарцогт нь үндсэн зээл 15.000.000 төгрөг, 36 сарын зээлийн хүү 795.205 төгрөг, нийт 15.795.205 төгрөг төлөхөөс 38.210 төгрөгийг төлсөн байна. Иймд иргэн Х.Баатарцогтоос зээлийн үлдэгдэл 15.795.205 төгрөг, хүү алданги 3.151.399 төгрөг, нийт 18.908.394 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Х.Баатарцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баян-Уул сумын сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 сарын 09-ний өдөр эсгийний жижиг үйлдвэр байгуулах зорилгоор 15.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би эсгийний үйлдвэрээ байгуулж дууссан боловч уг бүтээгдэхүүн санаанд хүрэхгүй, шаардлага хангахгүй байсан. Тоног төхөөрөмжөө дахин дахин задалж янзлах болон бусад шалтгаанаар цаг хугацаа маш их алдаж байгаад одоог хүрсэн. 2017 оны 5 сараас эхлэн үйлдвэрлэлээ явуулан 2017 оны 7 сараас 11 сар хүртэл 10.000.000  төгрөг, үлдэгдэл 8.908.394 төгрөгийг 2018 оны 11 сар гэхэд бүрэн төлнө гэжээ.

       Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Баян-Уул сумын Засаг дарга Х.Баттулга нь хариуцагч Х.Баатарцогтоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 төгрөг нэхэмжилжээ.

     Хариуцагч Х.Баатарцогт нь Баян-Уул сумын Засаг Т.Амгалантай 2011 оны 7 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан тус сумын сум хөгжүүлэх сангаас эсгийний үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, “Дулаан үүр” нэртэй төслийн материал зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Баатарцогт нь зээлийн гэрээний үүрэг 18.908.394 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Хариуцагч Х.Баатарцогт нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 /арван найман сая есөн зуун найман мянга гурван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Дорнод аймгийн Баян-Уул сумын “Сум хөгжүүлэх сан”-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Баатарцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 126.246 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ