Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1116

 

        2020        10           20                                         2020/ШЦТ/1116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э,

улсын яллагч Г.Я,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Г.Э (үнэмлэхийн дугаар-2668) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008023091210 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 04 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол овогт О.Х /РД: ................../.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг гэмтээж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Э-н “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Э-н хар өнгийн үүргэвчин цүнх, нүүр будалтын тень зэрэг 720.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ:

“...2020 оны 07 дугаар сарын 03-ны орой хоёр найзтайгаа гэртээ байж байхад Ень Э гэх эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Э нь намайг цамцаа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд манай эгчийнх рүү хамт явахаар болсон. Тэгээд машиныг нь эхлээд Е бариад хашаанаас гаргасан. Нэлээн согтуу байсан болохоор би машиныг нь барьж эгчийн гэр лүү явсан. Замд Э миний цамцыг 5000, 10.000 төгрөгөөр авна гээд байсан. Тэгэхээр нь би тийм багаар зарахгүй гээд маргалдсан. Э намайг үгүй гэхэд алгадсан. Би зөрүүлээд хоёр гараараа түлхээд нэг цохисон. Тэгээд цагдаа дуудна гэхээр нь машины салон дээр байсан утсыг Эг авахаас нь өмнө булааж аваад машинаас гараад утсыг нь газар савчихсан. Тэгээд арын тээшинд байсан хувцсыг нь гаргаад цацсан. Мөн хар цүнх байсан. Тэр цүнхийг нь гудамжид шидээд яваад өгсөн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас)

- Хохирогч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 ”... 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гадуур гоо сайхны хүргэлт хийгээд явж байтал 22 цагийн үед манай хамаатны хүүхэд Е над руу залгаж намайг 21 дүгээр хороолол хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрч Е-тэй 1 дүгээр хороололд 23 цагийн орчимд уулзсан. Е надад хэлэхдээ миний зүс таних Х гэх залуутай очиж уулзах гэсэн юм хөдөөнөөс ирсэн гээд дуудсан гэсэн. Бид хоёр Х-н гэр буюу давхар дэлгүүрийн буудлын тэр хавьд байдаг нийтийн байранд очсон. Е-ийн хамт ороход танихгүй хоёр залуутай хамт пиво уугаад сууж байхаар нь жоохон юм яриад суусан. Х, Е хоёр муудалцсан.  Бид хоёр явах гэтэл Х намайг зайл гичий минь гэх мэтээр доромжлоод машины түлхүүрийг гараас булааж авч гараад миний машиныг асаахаар нь Е бид хоёр хойд сандал дээр суусан. Х машин бариад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээх станцын хажуу талд зам дээр зогсоод хэрүүл маргаан хийж байгаад өсгөгч аваад жолоочийн хойд талын цонхыг хоёр удаа цохиж хагалчхаад зам гараад такси бариад зугтаагаад яваад өгсөн. Цагдаад дуудлага мэдээлэл өгчхөөд Е бид хоёр Хгийн гэрт яваад очтол байхгүй байсан. Гэрээс нь гартал Х саарал машинд суугаад зугтаад яваад өгсөн. Бид хоёр буцаад М-Ойл шатахуун түгээх станцын тэнд машин дээрээ иртэл машины 2 толыг хөлөөрөө өшиглөж хугалж байхыг нь хараад хөөе гээд дуудтал миний хар цүнхийг аваад саарал машинд суугаад яваад өгсөн. Миний эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утас болон хар цүнх авч явсан. Машины хоёр толь, жолоочийн хойд талын хаалганы шил хагалсан, хаалга 2-3 газар хонхойсон байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас)

 

- Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...Э эгч бид хоёр гэрт ороод ууж байсан пивоноос ганц, ганц хийж уучхаад 20-30 минут орчим байж байгаад явах гээд машиндаа сууж байтал Х араас гарч ирээд явуулахгүй гээд Э эгчийн машины түлхүүрийг булааж аваад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд зогсоод машин дотор байсан хар өнгийн өсгөгчөөр цохиод байсан. Тэр үед Э эгч цагдаа руу залгах гээд утсаа гаргаж иртэл гар утсыг нь булааж аваад өгөхгүй байсан. Жолоочийн ар талын хаалганы цонхыг өсгөгчөөр цохиод хагалчихсан. Э эгч чи яаж байгаа юм бэ гээд машинаас буухад цохих гээд дайраад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

 

- Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...гаднаас Е, түүний эгч Э нар халамцуу орж ирээд үлдсэн нэг ширхэг пиво байсныг хувааж уусан. Э надаар тоглоом хийж, янз бүрийн үг хэлж байгаад О.Х, Е, Э гурав гараад явсан. Харин Ц бид хоёр гэрт нь хөзөр тоглоод үлдсэн. Хэсэг хугацааны дараа О.Х гаднаас ганцаараа орж ирээд Э, Е хоёртой маргалдсан гэж хэлэхээр нь Хилчин хотхоны М-Ойл шатахуун түгээх станцын хажууханд очсон. Эгийн цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын цонх хагарчихсан, багааж нь онгорхой байсан. Тэгтэл О.Х гэнэт гүйж очоод машины хоёр толыг хөлөөрөө өшиглөж хугалаад багааж дотор байсан хувцсыг авч энд, тэнд шидэхээр нь очиж авч болиулж машинд суу гэж хэлээд Цэнгэлийн машинд суулгаад авч явсан. Тэгтэл замдаа явж байгаад машины арын цонхоор юм шидэх шиг болохоор нь юу шидээд байгаа юм бэ гэхэд юу ч бишээ чигээрээ дуугүй яв гэж хэлсэн. О.Х-г гэрт нь буулгачхаад Цэнгэл бид хоёр Цэнгэлийн гэрт очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)

 

- Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”... .........улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол эхнэр Т.Э бид хоёрын дундын өмч юм. Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авсан. Тухайн байгууллагын нэр дээр байдаг боловч бид хоёрын эд хөрөнгө юм. Т.Э эзэмших эрхтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас)

 

- “АБ” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 320 тоот Автомашины техникийн үнэлгээ: “.........улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр нийт 410.000 төгрөг” гэх  тайлан (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

- “МҮ”ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20/101 тоот хөрөнгийн үнийн тодорхойлолт, хавсралт: “гар утас 300.000 төгрөг, үүргэвч 20.000 төгрөг, нуур будалтын тень 700.000 төгрөг, нийт 1.020.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч О.Х-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн тольны суурь, хаалга, шил /баруун хойд/ зэргийг гэмтээж 410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ”...04 цаг 42 минут 57 секундэд цэнхэр өнгийн приус-20 маркийн автомашин урд талаас хойшоо чиглэлтэй гарч ирж, М-Ойл шатахуун түгээс станцын хажууд зогссон, 04 цаг 47 минут 21 секундэд цагаан цамцтай эрэгтэй хүн /О.Х/ тээврийн хэрэгслийн урд талаас бууж ирж тээврийн хэрэгслийн баруун талыг хаалгыг цохиж гэмтээж, 04 цаг 48 минут 02 секундэд зугтаасан. 05 цаг 07 минут 34 секундэд цагаан цамцтай эрэгтэй хүн буцаж ирээд машины хоёр толийг хөлөөрөө хугалсан...” /хх4-7/,

- хохирогч Т.Эгийн: ”... Х, Е хоёр муудалцсан.  Бид хоёр явах гэтэл Х намайг зайл гичий минь гэх мэтээр доромжилсон. Х машин бариад Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл шатахуун түгээх станцын хажуу талд зам дээр зогсоод хэрүүл маргаан хийж байгаад өсгөгч аваад жолоочийн хойд талын цонхыг хоёр удаа цохиж хагалчхаад зам гараад такси бариад зугтсан. Е бид хоёр Хгийн гэрт очтол байхгүй байсан. М-Ойл шатахуун түгээх станцын тэнд машин дээрээ иртэл машины хоёр  толыг хөлөөрөө өшиглөж хугалж, саарал машинд суугаад яваад өгсөн. Машины хоёр толь, жолоочийн хойд талын хаалганы шил хагалсан, хаалга 2-3 газраа хонхойсон байдалтай байсан” гэх мэдүүлэг (хх14-19),

- гэрч А.Е-ийн:”... М-Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд зогсоод машин дотор байсан хар өнгийн өсгөгчөөр жолоочийн ар талын хаалганы цонхыг хагалчихсан...” гэх мэдүүлэг (хх-25)

- гэрч Б.Б-н: ”... Эгийн цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын цонх хагарчихсан, багааж нь онгорхой байсан. Тэгтэл О.Х машины хоёр толыг хөлөөрөө өшиглөж хугалсан...” гэх мэдүүлэг (хх34-35)

- “АБ” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 320 тоот Автомашины техникийн үнэлгээ: “.........улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн тольны хоёр суурь 2 ширхэг, баруун хойд хаалга, шил, шил өргөгч, тень, хаалга будах зардалд нийт 410.000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосон” тайлан (хх 43-44) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

............ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Б.Н, хамтран зээлдэгч Т.Э нар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан худалдан авсан болох нь “Транскапитал” ББСБ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20/551 тоот албан бичиг, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-62,64/ зэрэг баримт хэрэгт авагджээ. 

Шүүгдэгч О.Х-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Эгийн автомашиныг гэмтээж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Харин улсын яллагчаас О.Х-г 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Э-ийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Мөн 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Эгийн хар өнгийн үүргэвчин цүнх, нүүр будалтын тень зэрэг 720.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Э “...О.Х жолоочийн суудал дээр сууж байсан. Цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь миний баруун гарт байсан утсыг булааж аваад өмднийхөө урд халаасанд хийгээд зугтаасан...”

- гэрч А.Е ”...Э эгч цагдаа руу залгах гээд утсаа гаргаж иртэл гар утсыг нь булааж аваад өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Б: ”... О.Х машины хоёр толыг хөлөөрөө өшиглөж хугалаад багааж дотор байсан хувцсыг авч шидэхээр нь очиж болиулж машинд суулгаад явсан. Тэгтэл замдаа явж байгаад машины арын цонхоор юм шидэх шиг болохоор нь юу шидээд байгаа юм бэ гэхэд юу ч бишээ чигээрээ дуугүй яв гэж хэлсэн. Дараа нь асуухад цүнх гэж байсан” гэх мэдүүлэг (хх34-35)

- шүүгдэгч О.Х: “...Эгийн гар утсыг нь булааж аваад газар савж эвдчихсэн ... эмэгтэй хүний хар цүнх байхаар нь авч машин дотор явж байгаад арын цонхоор шидсэн ...” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ”...04 цаг 49 минут 50 секундэд цагаан цамцтай залуу шатахуун түгээх станцын замын хажуу тал руу хар өнгийн гар утас шидээд хаяж байгаа... ... 05 цаг 07 минут 34 секундэд багаажны хаалгыг онгойлгож хар цүнх аваад явсан...” гэх бичлэг авагджээ.  

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч О.Х нь иргэн Т.Э-ийн “Самсунг Эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан гэх сэдэлт, зорилго нь хангалттай нотолсон гэж үзэх боломжгүй байна.  Учир нь:

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч О.Х нь тухайн гар утсыг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодид нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилго анхнаасаа байгаагүй бөгөөд цагдаад дуудлага өгнө гэж хохирогчийг хэлсэн даруйд түүний утсыг авч зугтааж, хаясан үйл баримт тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг ба уг шинж үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд түүнийгээ захиран зарцуулах бодит  боломжтой болсон болон тухайн эд хөрөнгийг өөртөө бус бусдад эдийн хийгээд эдийн бус баялаг бий болгох зорилгоор ашигласан бол энэхүү гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцдог.

Бусдын цүнхтэй эд зүйлсийг авч явсан шүүгдэгч О.Х-н үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хувьд зайлшгүй байх дээрх хоёр үндсэн шинжийг хангаагүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Х-г “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Э-тэй маргалдаж түүний эзэмшлийн ............ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн тольны суурь, хаалга, шил /баруун хойд/ зэргийг өсгөгч болон хөлөөрөө цохиж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, Т.Э-ийн “Самсунг Эс-8” загварын гар утас, хар өнгийн цүнх, түүн дотор байсан нүүр будалтын тень зэргийг дахин ашиглах боломжгүй болгож, устгасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ. 

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /эд хөрөнгө устгах, гэмтээх/ болгон зөвтгөж, хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Х-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-д ............ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд 410.000 төгрөг, “Самсунг Эс-8” загварын гар утас 300.000 төгрөг, хар өнгийн цүнх, нүүр будалтын тень зэрэг 720.000 төгрөг, нийт 1.430.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь бусдад учруулсан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй тул түүнээс 1.430.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус  гаргаж мэтгэлцсэн болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч О.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Иймд шүүгдэгч О.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч О.Хгийн 2020 оны 10 дугаар сарын 13-наас 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /7х8=56/, эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 664 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож /720-56=664/, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, нэн даруй суллах нь зүйтэй болно.

Мөн шүүгдэгч О.Хд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008023091210 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Хгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.