Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 248

 

       Э.С-, Г.З- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Гэрэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч Э.С-н өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунбадам,

шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч С.Цэдэндамба,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1631 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Э.С-, Г.З- нарт холбогдох эрүүгийн 201525012525 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Өөлд овогт Э-гийн С-, 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 543 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан /РД:/,

            2. Өөлд овогт Г-гийн З-, 1957 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хотын захирагчийн албанд мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            А/ Э.С- нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Б.Батхишигт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын аманд 3 айлын газар авч өгнө гэж хуурамчаар газар эзэмших гэрчилгээ ашиглан 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, “Starex” загварын автомашиныг,

            - Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авч өгнө гэж зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг,

            - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тахилтад газар авч өгнө гэж зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг тус тус гэрээгээр халхавчлан залилан мэхлэн авч иргэн Б.Батхишигт 72.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

            Мөн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ш.Энэбиш, С.Баярбат, Ш.Лхагвадорж, С.Батболд, О.Пүрэвдорж, Х.Шарав нарын 6 хүнд Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй техникийн захын орчим 6 айлын газар авч өгнө гэж хуурч мэхлэн 31.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкинд дансаар шилжүүлэн залилан мэхлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б/ Г.З- нь бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулж иргэн Б.Батхишигт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авахад шаардлагатай бичиг баримт гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас иргэн Г.Нансалмаатай хийсэн гэрээг засварлан хуурамчаар үйлдэн иргэн Б.Батхишигт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.С-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар, Г.З-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал шүүх 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж тодорхой ажиллагаа хийлгэхээр захирамжид дурьдаж шийдвэрлэсэн ба уг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж ирүүлээгүй байна. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Э.С-, Г.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Батболд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарган улмаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн шүүх хуралдаанаас хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:” гэж, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцаахаар байх бөгөөд шүүх дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн атлаа захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримталж мөн л тухайн хуулийг зөрчжээ. Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэвэл зохих асуудал байх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэсэн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ дахин хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна. Иймд уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос уг хэрэгт 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийж гүйцэтгэн прокуророос 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцдаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Уг хэрэгт Уламбаяр, Батцогт, З-, С- нарын үйлдэл оролцоог хангалттай шалгасан. Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.С-н өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт хамтран оролцсон зарим нэр бүхий этгээдүүдийн үйлдэл оролцоог хангалттай шалгаж тодруулаагүй. Прокуророос Уламбаяр, Батцогт нарын үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Тэднийг иргэний хариуцагчаар татах үндэслэл байгаа. Хохирогч Энэбиш нартай холбоотой үйлдэлд Э.С-, Г.З- нарыг хамтран оролцсон оролцоог нарийвчлан шалгах нь зүйтэй. Эдгээр хохирогч нарт учирсан хохирлыг Г.З-гийн дүү Эрдэнэбилэг гэх хүн төлж барагдуулсан байдаг. Урьд нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд бүрэн хангагдаж, шалгагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1631 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

            Шүүгдэгч Г.З-гийн өмгөөлөгч С.Цэдэндамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх “2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг 5 сар гаруй хугацаанд явуулахад Г.З- нь Э.С-тэй хамтран залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Ингээд прокуророос Г.З-г бодит байдлыг нуун, төөрөгдөлд оруулж иргэн Б.Батхишигт “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүсэд газар авахад шаардлагатай бичиг баримт гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас иргэн Г.Нансалмаатай хийсэн гэрээг засварлан хуурамчаар үйлдэж, иргэн Б.Батхишигт ноцтой хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалт дахин явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.  

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь прокурорын эсэргүүцэлд урьдчилсан хэлэлцүүлэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг баримтлаагүй нь буруу болсон гэсэн асуудлыг ярьж байгаа боловч хэрэгт авагдсан хоёр баримт байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээр 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар яллагдагчийн өмгөөлөгчөөс санал гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл уг саналд тодорхой асуудлуудыг шалгаж өгөхийг хүссэн. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 6.13 дугаар зүйл, 6.14, 6.15 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцыг нээж өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар шүүгийн захирамжид заасан ажиллагаа огт хийгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт авагдаагүй, хийгдвэл ёстой ажиллагаа хийгдээгүй байсан талаар урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан. Мөрдөн байцаалтын явцад хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй байхад прокурор дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болсон. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл Э.С-, Г.З- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Прокуророос яллагдагч Э.С-г гэрээгээр халхавчлан залилан мэхлэж иргэн Б.Батхишигт 72.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, иргэн Г.Энэбиш, С.Баярбат нарын 6 хүнд 31.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллагдагч Г.З-г хуурамч бичиг баримт үйлдэн бусдад ноцтой хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”,

- 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;”

- 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;”,

- 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж,

Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”,

- 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” гэж тус тус заажээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаархи гомдол, хүсэлтийг хянан хэлэлцээд уг асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн, хэлэлцэхгүй орхиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан тодорхой ажиллагаануудыг бүрэн шалгаж ирүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд хэргийг прокурорт буцаахдаа дангаар шийдвэрлэх, эсхүл талуудын хүсэлт, гомдол, өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх журмыг хуульчилсан байх ба талуудын гаргасан хүсэлт, гомдлыг урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулжээ.

            Иймд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцжээ.