Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2019/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Г  сумын Засаг дарга, Б аймгийн Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдох “Г сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” хаваржааны газрыг эзэмшүүлэхээр иргэн А.Б-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох, Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 021 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Г сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” хаваржааны газрыг Б.Г надад эзэмшүүлэхээр гэрээ байгуулахыг Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Б аймгийн Г сумын Засаг дарга нарт, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг сумын Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б аймгийн Г сумын Засаг дарга С.Б, Б аймгийн Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч М.Б, Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Б, түүний өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн даргаар Д.Ч нар оролцов.                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн иргэн Б.Г би ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Б.Г миний бие гэр бүлээрээ 1997 оноос эхлэн Г сумын 1 дүгээр баг “Жаахан дэл” гэх газар одоог хүртэл нийт 21 жил тус газар хаваржиж, уг газрыг эзэмшиж ирсэн. “Жаахан дэл” гэх энэ газар хуучин тэжээлийн цэг буюу муу мал тэжээдэг газар байсан бөгөөд энэхүү газрыг өөрийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөрөө хогноос нь салгаж, цэвэрлэн 1997 онд Архангай аймгийн Тамир сумаас хашааны мод авчиран “Жаахан дэл”-ийн хаваржааг барьсан. Г сумын шейф байгууллага Хүн эмнэлгийн хамт олонтой хамтран 2015 онд уг хаваржааны чулуун хороог барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нилээдгүй хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарцуулан засаж сайжруулсаар байна. Газрын гэрчилгээ гаргуулах талаар үе үеийн Засаг дарга, багийн дарга нарт хандаж хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, тусгай хамгаалалттай газар тул гэрээгээр эзэмшүүлнэ, та газрын татвараа төлөөд явж байхад болно гэж хэлсээр өдийг хүрсэн. Мөн сумын байгаль орчин, ойн байцаагчид хандахад мөн л газрын татвараа төлөөд явж бай тэгж байгаад гэрээ байгуулна гэж хэлдэг байсан.

Ингээд би 2006 оноос өнөөдрийг хүртэл газрын татвараа төлсөөр ирсэн. Гэтэл олон жил нутаглаж, эзэмшиж, засаж сайжруулан өдий зэрэгтэй болгон насаараа хаваржиж байгаа “Жаахан дэл” хаваржааг Галуут сумын иргэн А.Б тус газарыг гэрээ хийж авсан гээд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал дээр сумын иргэдэд үзүүлсэн. Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” бөгөөд гэрээнд 2017 оны 6 дугаар сард ажлаа өгсөн Б аймгийн Г сумын хуучин Засаг дарга С.Б, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г, газар ашиглагч тус сумын 1 дүгээр багийн иргэн А.Б гэсэн гарын үсэгтэй гэрээ байсныг миний бие тухайн хуралдаан дээрээс мэдсэн бөгөөд дээрх хуралдаанаар Г сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаар 6 асуудал хэлэлцсэнээс 6 дахь асуудал өвөлжөө хаваржааны асуудал байсан ба багийн иргэдэд багийн иргэдийн саналаар ямар, ямар өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэхээр санал хурааж эхэлсэн.

Гэтэл миний насаараа хаваржиж, эзэмшиж ирсэн “Жаахан дэл”-ийн хаваржааг багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар А.Б-т 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г үндэслэн олгохоор шийдвэрлэсэн. Энэ хурал анхнаасаа зохион байгуулалттай явагдсан гэж үзэж байна. Тус хуралдаанаас нэр бүхий 17 иргэнд өвөлжөө, хаваржаа энэ дунд “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Б-т эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгөхийг газрын даамал А.Т-д уламжилжилсан 021 дүгээр тогтоол гарсан байсан.

Ингээд би хурал болсон өдрөөс хойш хөдөөний ажлаа зохицуулаад аймаг орж өмгөөлөгчид хандан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Галуут сумын “Жаахан дэл”-ийн хаваржааны газрыг иргэн А.Б-т эзэмшүүлэхээр хийсэн хууль бус гэрээг хүчингүй болгож, Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл”-ийн хаваржааны газрыг Б.Г миний биед эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Галуут сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжпэл гаргасан.

Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардалгыг биелүүлээгүй гэж,” нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 111/Ш32018/0108 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг гардаж аваад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоо хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Гэтэл Тэргүүдэгчдээс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2018 оны 08 дугаар сард болох багийн иргэдийн нийтийн хурлаар дахин хэлэлцүүлнэ. Энэ хугацаанд шинээр өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэв гэсэн Э.Ганбаатар, С.Бямбасүрэн, Д.Ганбаатар, Б.Амарсайхан гэх Тэргүүлэгчдийн гарын үсэгтэй албан бичиг ирүүлсэн. Ингээд би энэхүү хурлыг тухайн цагтаа хуралдахыг хүлээж байтал хойшилсоор 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр багийн иргэдийн нийтийн хурлын ирц хүрээгүй учир 2019 оны эхний хагас жилд болох багийн иргэдийн нийтийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэв гэсэн хариуг дарга Б.Амарсайхан өгсөн. Мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их Богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, тус сумын 1 дүгээр багийн иргэн А.Б нар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээг хууль бусаар байгуулсан байсан.

Учир нь уг гэрээг хуучин Засаг даргаар ажиллаж байсан С.Баттулга дарга байгуулсан байсан тул төрийн тамга тэмдэг ашигласан гэх асуудлыг шалгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу шалган Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” 590 дүгээр албан бичиг хүргүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” хаваржааны газрыг эзэмшүүлэхээр иргэн А.Б-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 021 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” хаваржааны газрын гэрээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Тухайн газрыг 2 буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан тул давуу эрхийн дагуу Б.Г надтай Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт газар ашиглах гэрээ байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг хуучин маягтыг ашиглан А.Б-тай байгуулсан гэрээг Улсын тусгай хамгаалалттай газар нь өөрөө хүчингүй болгох байх, Багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг миний бие хүчингүй болгохгүй, шүүхийн шийдвэр гарсан үед Багийн иргэдийн Нийтийн хурал энэ асуудлаа өөрөө шийднэ. Миний ойлгож байгаагаар А.Б “Жаахан дэл” хаваржааг 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ашиглахаар шийдвэрлүүлсэн байна. Б.Г гэдэг айл өөрсдөө дур мэдэн бууж, хашаа хороог нь янзалсан. Урьд нь байсан гэрээг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгоод Улсын тусгай хамгаалалттай газрын дарга, сумын Засаг дарга, иргэнтэй гурвалсан гэрээг хийж байгаа миний бие энэ гэрээг хийгээгүй болно.” гэв.

Хариуцагч Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Шаавай овгийн Бадамын Г, Галуут сумын Хайрханы 1 дүгээр багийн иргэн А.Б нарын “Жаахан дэл” хэмээх хаваржааны газрыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн хуралд хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд нь “Та хоёр шүүхээр шийдүүл, ийм маргаантай асуудлыг багийн иргэдийн Нийтийн хурал шийдэх боломжгүй” гэдгийг сануулж хэлсэн болно. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 05-нд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хүлээн авсан учир үүнээс өмнөх асуудалд тайлбар өгөх боломжгүй байна.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Их Богдын Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргааны дарга Т.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галуут сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй блгох тухай” 117 тоот захирамжийн дагуу байгаль хамгаалагч С.Энхцэцэг нь Галуут сумын “Хайрхан” багийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Жаахан дэл” хэмээх хаваржааны газарт иргэн А.Бтай 2017 оны 11-р сард байгуулсан гэрээ нь хугацааны хувьд хүчингүйд тооцогдох гэрээ болсон байна. Иргэн А.Б нь “Жаахан дэл” хэмээх хаваржааны газрыг Газрын тухай хуулийн 40.1.6 заалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна. Иргэн Б.Г нь тус хаваржааны газар “Жаахан дэл”-д өөрийн хөрөнгөөр хашаа хороо барьсан, газрын татвараа төлсөн зэрэг нь уг хаваржааны доорх газрыг Б.Гт ашиглуулах тухай сумын Засаг даргын захирамж гарсан тохиолдолд гурвалсан гэрээ байгуулж ашиглуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Их Богдын Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг манай газар хүчингүй болгох эрхгүй. Галуут сумын энэ газар 1996 онд тусгай хамгаалалттай газарт орсон. Өвөрхангай аймгийн Хархорин дээр бүртгэлтэй байж байгаад 2008 оны 12 дугаар сард газар нутгийн хувьд Баянхонгор аймагт тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулна гэж шийдвэрлээд манай дээр авсан газар байгаа. Галуут сумын энэ газрыг 1996 онд авагдчихсан бол энд газар эзэмших гэсэн асуудал байхгүй. Урьд өмнө нь газар эзэмшиж байсан эрхийг иргэдэд гарган захирамжийг үндэслэнэ. Ингээд газар ашиглах гэрчилгээг тухайн газар заагдсан иргэдтэй хийгдэж явна гэсэн үндэслэлээр захирамж гарсан байгаа. Засаг даргын шийдвэр гарсны дараа гурвалсан гэрээг цуцлах зохицуулалттай. Шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Б.Г нь гэрээ байгуулсан А.Б-ынхыг буух нөхцөлгүй болгосон. Тухайн аялал жуулчлалын газар дээр дур мэдэн 3 гэр барьсан байсан. Энэ хүн Угалз толгойн өвөлжөө, Нураг ам гэсэн хаваржаа байдаг. Манай байгууллага дээр Б.Г газар ашиглах тухай хүсэлт ирүүлээгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн А.Б би ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1996 онд С.Жаргалсайхантай гэр бүл болж, 2010 он хүртэл нутаглаж байтал Б.Г-ийнх нүүж ирээд малаар шахаж бэлчээр булаацалдан, хэл амаар доромжилж, өвөлжөө бууцаа эзэмших боломжгүй болсон. Б.Г-ийн 1997 оноос хойш уг газрыг эзэмшиж, тохижуулж Архангай аймгаас мод татан хашаа, хороо барьсан гэдэг нь ор үндэсгүй худал бөгөөд чулуун хороо нь хуучин байсан гэдгийг би өөрийн биеэр нотолж чадах бөгөөд айл саахалтын хүмүүс, найз нөхөд хамаатан садангууд гэрчлэх болно. Анх өвөлжөө, хаваржаа хувьчлахад А.Б би өөрийн биеэр очиж газар эзэмших гэрчилгээг 2007 онд авч байсан. 2017 онд тус багийн газар эзэмших эрхтэй бүх өрхөд Галуут сумын Засаг дарга С.Баттулгын гарын үсэг, тамгатай мөн Их Богд Байгалийн Цогцолборт тусгай хамгаалалттай газрын дарга Д.Ганболдын гарын үсэг тамгатай газар эзэмших шинэчилсэн гэрээ хийгддэг. 2017 онд шинэчлэгдэж хийгдсэн. А.Б миний нэр дээр газар эзэмших гэрээг хууль бус гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Б-т ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Б-т ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар 28-ны өдрийн хуралдаанаар баталсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 43 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Галуут сумын Улсын тусгай хамгаалалттай газрын бүсийг тогтоосон бөгөөд энэ бүсэд “Жаахан дэл” хаваржааны газар нь хамаарагджээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн нутагт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг тус сумын Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр захирамжаар А.Б-т эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх бөгөөд мөн тус сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар тус хаваржаа нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарсан гэсэн үндэслэлээр А.Бын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцож, захирамжийн 2 дахь заалтаар ...газар ашиглах гэрээ байгуулах шийдвэр гаргуулах хүсэлтийг аймгийн Их богдын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа... -нд уламжлан шийдвэрлүүлэхийг сумын газрын даамалд үүрэг болгосон байна.

Улмаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 15010599 дугаартай гэрээг 2017 оны 11 сарын 08-ны өдөр Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, газар ашиглагч А.Б нар байгуулж, А.Б-т “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар болжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан бөгөөд Б.Г нь “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь хуульд заасны дагуу гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэ талаар баримт байхгүй зэргээр нотлогдож байх тул энэхүү гэрээний улмаас нэхэмжлэгч Б.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

Хоёр.Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах” шаардлагын тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж нарийвчлан хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглах тухай хүсэлтээ Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн энэ талаар нотлох баримт байхгүй байх тул Галуут сумын Засаг даргад болон аймгийн Их богдын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Б.Г-т “Жаахан дэл” хаваржааны газрыг ашиглуулах талаар гэрээ байгуулж, захирамж гаргахыг даалгах нь хуульд нийцэхгүй юм.

Гурав. Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Г нь “...манайх 1997 оноос “Жаахан дэл” хаваржаанд одоог хүртэл нийт 21 жил хаваржиж, хашаа хороог барьж, уг газрыг эзэмшиж, газрын татварыг төлж ирсэн тул давуу эрхтэйгээр эзэмшинэ...” гэж маргасан.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 27.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн нутагт орших “Жаахан дэл” хаваржааны газрыг эзэмших тухай хүсэлтийг бичгээр гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Жаахал дэл хаваржааг эзэмших талаар амаар хэлдэг байсан, бичгээр хүсэлт гаргаж байгаагүй...” гэх тайлбар, тус сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 1/242 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь тус газрын татварыг 2015-2018 онд төлсөн, хашааны модыг зөөж хашаа барьсан, хороог сэргээн барьсан гэдэгтэй хариуцагч нар болон гуравдагч этгээд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд Б.Г, А.Б нар оролцсон байх бөгөөд “Жаахан дэл” хаваржааны газрыг А.Бт эзэмшүүлэх нь зүйтэй гэж хуралд оролцсон иргэдийн оролхийн санал гарсныг 021 дугаар тогтоолоор уламжилсан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Галуут сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны 021 дүгээр тогтоолыг үндэслэж, “Жаахан дэл” хаваржааны газрыг А.Б-т эзэмшүүлсэн Галуут сумын Засаг даргын ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн “Жаахан дэл” хаваржааны газрыг улсын тусгай хамгаалалтад авсан Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад тус газрыг эзэмшүүлэх нь хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Б.Гийн гаргасан “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Бт ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА