Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Х.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-н М-д  холбогдох 2016001310086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч М.М-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  хуурамч нэр, зураг ашигласан хуурамч фэйсбүүк хаягнаас “орифлеймийн үнэртэй ус хямдхан зарна” гэсэн зар тавин хохирогч Г.С-ээс 75.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн эзэмшлийн ........ тоот төгрөгийн харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би Н. Н гэдэг фэйсбүүк хаягаас “орифлэймийн  үнэртэй ус зарж байна” гэж зар тавьсан. Зарын дагуу над руу 3 үнэртэй ус авъя гэж чат бичсэн. Би дансаа өгөөд миний дансанд 75.000 төгрөг орж ирсэн. Би тэр хүнийг залилчихсан юм. Энэ бол миний буруу. Би дахин ийм үйлдэл гаргахгүй... Тийм. Фэйсбүүк дээр хямдралтай гэсэн үнэртэй усны зар яваад байхаар би тийм байдлаар зар тавьж үзсэн... Ганцхан Г.С гэдэг хүнээс 3 үнэртэй усны мөнгө орж ирсэн. Дараа нь би тэр хүний фэйсбүүкийг блоклоод тэр өдрөөс хойш Н Н гэх хаягийг ашиглахаа больсон...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.С мөрдөн байцаалтад өгсөн “...Би ..... сумын .. газрын нийгмийн ажилтнаар ажилладаг бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад фэйсбүүкийн ....... аймгийн зарын группт “N... N” гэх хаягнаас “орифлемийн үнэртэй ус хямдарсан байгаа. Хөдөө орон нутгийн унаад тавьж өгнө” гэсэн зар байхаар нь тухайн зарын дагуу чат бичиж 25.000 төгрөгний 3 ширхэг үнэртэй ус авахаар болоод нийт 75.000 төгрөгийг “N N” хаягнаас 000000 гэсэн данс өгсөн бөгөөд утга дээр нь өөрийнхөө нэр гар утасны дугаарыг бичиж өгөөд явуул гэсэн юм. Тэгэхээр нь би өөрийн 00000 дугаарын данснаас 00000 дугаарын дансруу мөнгө шилжүүлэхэд М.М гэх хүний нэртэй данс байсан. Тэгээд би 75.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өглөө нөгөө чатаа үзэх гэтэл намайг блок хийсэн байхаар нь залилуулж гэдгээ мэдээд өчигдөр оройноо аймгийн төвд ирсэн юм. Надад чаталсан чат нь байгаа хэвлээд өгч болно...” гэсэн мэдүүлэг /ХХ31-32/,

Хаан банк дахь М.М-ийн эзэмшлийн 0000 дугаартай дансны хуулга /ХХ12-13/, фэйсбүүк, мессенжерийн хуулбар /ХХ8-10/, М.М-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ23-28/, шүүгдэгч М.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ61-62/, гэрч М.М-н мэдүүлэг /ХХ43-44/, зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бусдын нэр, зураг ашигласан “N N” гэх хуурамч фэйсбүүк хаягнаас “орифлеймийн үнэртэй ус хямдхан зарна” гэсэн зар тавин хохирогч Г.С-с 75.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн эзэмшлийн 0000 тоот төгрөгийн харилцах дансаар шилжүүлэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М-ийн үйлдэл нь санаатайгаар олон нийтийн сүлжээ ашиглан “үнэртэй ус хямдхан зарна” гэсэн бодит байдалд байхгүй хуурамч нөхцөл байдлыг бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчоос мөнгө шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан  зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ63/,хохирлоо нөхөн төлүүлж авсан талаарх хохирогчийн тайлбар/ХХ79/ зэрэг баримтуудад үндэслэн шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.М-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА