Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 261

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Силикатын 4-01 тоотод оршин суух, ЖЭ78102165 регистрын дугаартай,  Боржигон овогт Чулуунбаатарын Болормаагийн нэхэмжлэлтэй,

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Силикатын 4-10 тоотод оршин суух, ЖЭ81091406 регистрийн дугаартай, Хатиган овогт Мөнхжаргалын Оюунтунгалагт холбогдох,

      Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Болормаа тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Жаргал, М.Оюунтунгалаг нар нь надаас 2015 оны 1 сард 355.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан. Зээлдсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй болохоор 2015 оны 7 сарын 6-ны өдөр гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Энэ гэрээнд нэг жилийн хугацаагаар зээлж сарын хүү нь 20 хувь, хүүг сар бүр төлөх, хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцох талаар харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Жаргалын өмчлөлд байх Хэрлэн сумын 1-р баг Силикатын 4-1а тоотын 390 м.кв талбай бүхий нэг хүний өмчлөлийн газрын гэрчилгээг байрьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу надад нэг удаа сарын хүүний мөнгө төлсөн. Төлбөрөө төлнө гэдэг боловч төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу би алданги нэхэхгүй. Иймд Ж.Жаргал, М.Оюунтунгалаг нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 355000 төгрөг, сарын хүү 1190000 төгрөг нийт 1540000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч М.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Болормаагаас 350.000 төгрөг 20 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлсэн мөнгөө өгч чадаагүй учраас хүү нь өсч 1.540.000  төгрөг болсон. Ч.Болормаад 60.000 төгрөг нэг удаа, 40.000 төгрөг нэг удаа нийт 100.000 төгрөг өгсөн. Иймээс үлдэгдэл 1440000 төгрөгийг  2017 оны 7 сарын 20-ны өдөр цалингийн зээлээр төлөх хүсэлтэй байна. Манай ах Ж.Жаргалд энэ зээлсэн мөнгө хамааралгүй тул миний бие энэ зээлийг төлөх болно гэжээ.

     Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Чулуунбаатарын Болормаа миний бие Ж.Жаргал, М.Оюунтунгалаг нараас 1540000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Оюунтунгалагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаад түүнтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Миний бие Ж.Жаргал, М.Оюунтунгалаг нараас нийт 1540000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 40000 төгрөгөөсөө татгалзаж байна. Харин үлдэгдэл 1500000 төгрөгийг хариуцагч М.Оюунтунгалаг 2017 оны 7 сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. М.Оюунтунгалаг нь 1500000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахаар болсон тул Ж.Жаргалыг хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

       Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ч.Болормаа нь хариуцагч М.Оюунтунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      Хариуцагч М.Оюунтунгалаг нь Ч.Болормаатай 2015 оны 7 сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 355.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.540.000 төгрөгийн 40.000 төгрөгөөс татгалзан, зарим хэсэг болох 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Оюунтунгалаг 2017 оны 7 сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

     Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Хариуцагч М.Оюунтунгалаг нь нэхэмжлэгч Ч.Болормаад зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оюунтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 19.475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 19.795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад буцаан олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ