Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/86

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Анхсүрэн,

улсын яллагч Б.Мөнхдөл,

хохирогч М.Ө, түүний өмгөөлөгч П.Наранхүү,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-н Э-д холбогдох эрүүгийн 2017001390083 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 07-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Чойр дахь НИК-Петровис ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 155 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт А-н Э, /РД: ЕЙ82070711/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Э нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэргийн хөшөөний хажууд иргэн М.Ө-ийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч А.Э нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Орос цэргийн хөшөөний хажууд иргэн М.Ө-ийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Хохирогч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 07 дугаар сарын 23-ны орой 23 цаг 00 минутын орчимд бүжгийн дугуйлангийн хэсэг нөхдийн хамт “Нэргүй баатрын хөшөө”-ний талбай дээр очсон байсан. Бүжгийн дугуйлангийн гишүүн Т хэдэн залуусын хамт хашааны гадна талд нь сууж байсан. Тэгээд намайг дуудаж, би хашааны гадна талд хүрч очсон. Намайг очиход Э, Т хоёр хамт сууж байсан. Би Т-тай мэндэлчихээд, Э-г би таних юм байна, миний нэг дүүгийн найз нь мөн үү? гээд асуусан чинь Э биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад чамайг би харсан л юм байна даа гээд хэлсэн чинь уурлаж, намайг элдвээр хэлж доромжилсон. Би цаашаа явж байтал араас ирж хөл рүү өшиглөж унагаад, босох гэтэл дахиж өшиглөсөн. Хөл явж чадахгүй болчихоод эмнэлэг дуудаж, түргэн тусламжийн орон дээр өргүүлж гаран эмнэлэгт хүргэгдсэн. Шөнөдөө намайг Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж түргэний эмч зөвлөсөн. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очиж татлага хийлгэж 3 хоносон. Тэр хооронд надтай ганц ч удаа холбогдоогүй. Би өөрөө залгаж асуухад Дундговь аймагт явж байна гэж хэлсэн. Түүнээс хойш би хагалгаанд орж хөлөө хадуулчихаад 6 хоногийн дараа гэртээ ирсэн. Ирсэн хойноо дахин Э-тэй ярьж хаана байгааг асуухад зугаалганд явж байна гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин Э-тэй ярьж, гэртээ дуудаж ирүүлж уулзсан.       Би гэртээ бага хүүтэйгээ хамт байсан. Би төмөр замд 18 жил ажилласан, хөлөө гэмтээгээгүй байсан бол ажлаа хийгээд цалингаа аваад гэр бүлээ тэжээж, банкны зээлээ төлөөд явж байх байсан. Би 1 сарын хугацаанд 1 600 000 төгрөгөөс дээш цалин авдаг, нийгмийн даатгал тасалдах, тэтгэвэрт гарах гэх мэт энэ бүх боломжуудыг үгүй хийсэн тухай хэлсэн. Харин Э үл тоож, буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан.  Өнөөдрийг хүртэл надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй учраас их гомдолтой байна. Т-тай зэрэгцэж сууж байгаад намайг өшиглөсөн. Би мэдүүлгээ өгөхдөө Эг архи уугаагүй эрүүл байсан гэж хэлсэн. Би өөрөө бас эрүүл байсан. Бид ганц ганцхан лааз пиво уусан байсан гэв.

 

1.3. Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Ө гэх хүний биед гэмтэл учруулсан асуудлаар шалгагдаж байгаа. 2020 оны 07-р сарын 23-ны өдөр хамт ажилладаг Х, Х, Т, А /А/ нарын хамт орос цэргийн хөшөөний зүүн хойд талд хашааны гадна 3 том хүрэн савтай пиво уусан. А жолоо барьж байгаа гээд уугаагүй. Тухайн үед Ттай хамт бүжгийн сургалтанд явдаг хүмүүс мөн ирээд орос цэргийн хөшөөн дээр архи дарс уугаад байгаа бололтой байсан. Тухайн үед бүжгийн хүмүүстэй хамт явж байсан нэг залуу бид нар дээр ирээд Х-тай муудалцах гээд байхаар нь Х, А нар Х-ыг гэрт хүргэж өгчихөөд буцаж ирэхээр явсан. Т бид хоёр суугаад юм яриад сууж байтал Т-тай бүжгийн сургалтад явдаг гэх одоо Ө гэдэг хүн ганцаараа алхаад ирсэн. Ө надад хандаад чамайг нэг айлд харсан хүн мөн байна даа гэхээр нь би та андуураад байна гэж хэлсэн. Ө үгүй чамайг харсан залуу байна гээд байсан. Тэгэхээр нь би биш гээд байна гэж хэлсэн. Би босоод бие засчихаад буцаад ирэхэд Ө Таас жоохон зайтай баруун хойд хэсэгт зогсож байхаар нь баруун хөл рүү нь хөлөөрөө нь хавираад унагаасан. Тэгээд Т-ын хажууд очоод суусан чинь Ө ёо ёо хөл гээд байсан. Т Ө дээр очоод яасан бэ гэж байсан. Т надад хандаад хөл нь эвгүй болчихсон байна хүрээд ирээ гээд намайг дуудсан. Би Ө-ийн хөлийг очоод үзэхэд баруун хөлийн шагай хэсэгт овойгоод хугарсан байсан. Тухайн үед Х, А нар ирж таарсан. Тэгээд Х, А, Т бид нар Ө-ыг аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Аймгийн эмнэлэгт Ө-ыг үзүүлээд хөлийнх нь зургийг нь авахад баруун хөлний шилбэний яс нь 2 газар хугарсан  байна Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. Ө надад хандаад чи залуу хүн байна даа цагдаад өгөөд яахав дээ гэж хэлсэн. Дараа нь надаас 15 000 000 сая төгрөг өг үгүй бол хэлдэг газар нь хэлнэ гэсэн. Би мөнгө хайгаад олдохгүй болохоор нь та хэлдэг газар нь хэлэхгүй юу гэж хэлсэн. Би 450 000 төгрөг өгөх гэсэн авахгүй 15 000 000 сая төгрөг гээд байсан. Би Өод хөл дээрээ бостол чинь банкны зээлийг чинь төлөөд өгье гэсэн үгүй гэсэн. ...Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

1.4. Хохирогч М.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 07-р сарын 23-ны өдөр бүжгийн дугуйланд хамт явдаг Т, Н Н, Г бид нар салхинд гарахаар хуучин орос цэргийн /Нэргүй баатар/ хөшөөн дээр 23 цагийн үед очсон. Нэргүй баатрын хөшөөний хойд талд хашааны гадна талд бүжгийн дугуйланд хамт явдаг Т хэсэг залуучуудын хамт сууж байгаа харагдсан. Бид нар хөшөөний хажууд очоод ганц нэг пиво ууцгаагаад ярьж хөөрч сууцгаасан. Тэгээд Т-ыг дуудахаар болоод би хашааны хойд хэсэгт гараад ирэхэд Т нэг залуугийн хамт сууж байсан. Би тэр хоёр дээр очоод тэр хоёртой мэндэлсэн. Т-тай сууж байсан залууд хандаад чи манай хуурай дүүгийн найз мөн үү гээд асуусан чинь үгүй гээд цухалдангүй хариулсан. Би тэр залууд хандаад хуурай дүү Эрхээгийнд харж байсан залуу мөн байна даа гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу биш гээд байхад чинь гээд бүр уурласан маягтай хэлсэн. Би тэр залууд хандаад биш  юм бол яахав дээ гэж хэлээд хамт явсан хүмүүс рүүгээ буцаад явсан. Тэгтэл тэр залуу араас босч ирээд яасан олон юм ярьдаг новш вэ гээд миний мөрнөөс татаад миний баруун хөл рүү хөлөөрөө хавсраад намайг газар унагаасан. Тэгээд би уначихаад буцаад өндийх гэсэн чинь цээж рүү өшиглөсөн. Би буцаад газар унасан. Тэгээд босох гэсэн баруун хөл янгинаад өвдөөд байсан. Би баруун хөлөө хартал шагайн дээд хэсэгт яс нь овойгоод хөл хугарсан байсан. Би хөл хугалчихлаа гээд орилсон. Тэгтэл Т над дээр хүрч ирсэн. Т хөл барьж үзчихээд намайг хавсарч унагаасан Э гээд байгаа залууг дуудсан. Э ирээд миний хөлийг барьж үзчихээд одоо яахуу гээд байсан. Т надтай явж байсан хүмүүсийг дуудсан. Хамт ирсэн хүмүүс ирээд эмнэлэг дуудсан. Эмнэлэгт ирээд хөлний зураг авхуулсан. Баруун хөл шагайн дээд хэсгээр болон өвдөгний ар хэсгийн яс хугарсан байсан. Яаралтай Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт очиж хадуулахгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод баруун хөлнийхөө хугарсан ясыг хадуулсан.

...Миний баруун хөлийн шагайн дээд хэсэг, өвдөгний арын нарийн яс хугарсан байна байна. Шагайн дээд хугарсан ясанд хагалгаа хийлгээд хадуулсан. Одоо гишгэж явж чадахгүй байна.

...Гомдолтой байна. Эмчилгээнд гарсан болон бусад зардлаа Эгээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Надад эмчилгээний болон бусад зардалд 375 766 төгрөгийн баримт надад байна. Энийг нэхэмжилнэ. Мөн би сард 634 000 төгрөгийн цалингийн зээл төлдөг. Би 8, 9, 10, 11, 12-р сарын цалингийн зээлийн төлөлт болох нийт 3 170 000 төгрөг, мөн дээр нь цалингийн зээлийн листийн зөрүү болох өдрийн 25 547 төгрөг болж байгаа. Би сардаа 16 удаа харуулд гардаг. Нэг сард дунджаар листийн зөрүү 408 752 төгрөг болж байгаа. Энийг 8, 9, 10-р сард тооцож бодох юм бол 3 сарын 1 266 256 төгрөг болж байгаа. Нийт 4 772 022 төгрөгийг Эгээс нэхэмжилнэ. Мөн эм, тариа, яс бэхжүүлэх кальц зэрэг зүйлийг авч уусан. Баримт нь байхгүй. Баримтгүйгээр 500 000 төгрөгийн зардал гарсан энийг мөн нэхэмжилнэ. Мөн цаашид хагалгаанд орох орж хөлнийхөө хадаас авахуулна. Мөн дээр нь 3-н сар болоод ажилдаа орохгүй бол ажилгүй болох нь байна. Цаашид гарах үр дагаврын зардлыг Эгээс нэхэмжилнэ. Э надад нэг ч төгрөг өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр ажлын 5 хүний хамт Сүмбэр сумын 3-р багт байрлах Орос цэргийн хөшөөний баруун хойд талд 2,5 литрийн 2 ширхэг пиво уусан. Би мөн ажлынхаа хажуугаар бүжгийн дугуйланд явдаг юм. Тухайн үед мөн бүжгийн  дугуйланд хамт явдаг Г Т хоёр бид хэд дээр ирээд сууж байгаад буцаад явсан. Надтай хамт явсан манай ажлын 3 хүн нэгнийгээ хүргэж өгөөд 2 нь буцаж ирэхээр явсан. Э бид хоёр хамт үлдсэн байсан. Тэгтэл Ө ирээд Э-тэй юм ярьж байгаад буцаад явсан. Тэгээд Ө ёоёо хөл хөл орилсон. Тэгэхээр босож очоод хөлийг үзэхэд баруун шилбэ хэсэгт яс нь овойгоод хугарсан байсан. Тэгээд Эг дуудсан. Тэгээд цаана байсан бүжгийн дугуйланд хамт явдаг Т Г, Н, Н, Э нарыг дуудсан. Энэ хэд ирээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг дээр Өийг аваад явсан. Тухайн үед нилээн харанхуй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020 оны 07-р сарын 23-ны өдөр бүжгийн дугуйланд хамт явдаг Ө, Н, Н, Г бид нар салхинд гарахаар хуучин орос цэргийн /Нэргүй баатар/ хөшөөн дээр 23 цагийн үед очсон. Нэргүй баатрын хөшөөний хойд талд хашааны гадна талд бүжгийн дугуйланд хамт явдаг Т хашааны гадна талаас манайхан би ганцаараа үлдсэн шүү гээд сонсогдхоор хэлсэн. Ө ах бид нараас түрүүлээд Т луу явж байсан. Бид нар араас удаагүй очтол Ө ах газар унасан байсан. Т Ө ах босож чадахгүй байна гэж хэлсэн. Би Ө ахыг тоглоод байгаа юм байна гэж бодоод босооч явъя гэсэн. Хөл хугарчихлаа явж чадахгүй байна гэсэн. Би Ө ахаас яасан талаар асуухад Эгээс юм асуусан чинь хавираад унагаачихлаа гэж байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Ийм л асуудал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр хамт ажилладаг Х /Х/, Э, Т, А /А/ нарын хамт орос цэргийн хөшөөний зүүн хойд талд хашааны гадаа 3 том хүрэн савтай пиво уусан. А жолоо барьж байгаа гээд уугаагүй. Тухайн үед бүжгийн клубийн гэсэн хүмүүс зарим нэг хүмүүс нь бид нар дээр ирсэн. Тухайн үед манай ажлын Х-тай нэг залуу муудалцах гээд байсан. Бүжгийн клубийн хүмүүс яваад өгсөн. Тухайн үед ямар нэг зодоон болоогүй. А бид хоёр Х-ыг гэрт хүргэж өгөхөөр явсан. Т, Э хоёр хоёулахнаа үлдсэн. Х-ыг гэрт буулгаж өгчихөөд буцаад ирсэн чинь Э, Т хоёрын хажууд нэг эрэгтэй хүн ёо ёо хөл хугарчихлаа гээд ёолоод хэвтэж байсан. Тухайн үед нэг нь эмнэлэг дуудаж байсан. Тэгээд өөрсдөө аваад очъё гээд А-аар машинаа бариулаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр А, Т, Э бид нар тэр хөл нь хугарсан ахтай хамт очсон. Би эмнэлэг дээрээс гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтэд:

- М.Ө-ийн биед баруун хөлийн тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал, шаант ясны доод далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Баруун хөлийн тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Шаант ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

1.9. Хохирогч М.Ө-ийн Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, /хх-ийн 3 дугаар хуудас/

 

1.10. Хохирогч М.Ө-ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-н өвчний түүх /хх-ийн 39-45 дугаар хуудас/,

 

1.11. Хохирогч М.Ө-ийн эмнэлгийн хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Эгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч А.Э, хохирогч М.Ө нар нь зориулалтын бус газар архи согтууруулах ундааг хэрэглэснээс болж гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Эгийн хувьд даруухан дуугүй залуу байдаг. Хүнтэй эвсэг харьцаатай. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ө-од 985 000 /есөн зуун наян таван мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Хохирогч М.Ө нь шүүгдэгч А.Э-гээс нийт 5 272 022 /таван сая хоёр зуун далан хоёр мянга хорин хоёр/ төгрөг нэхэмжилснээс 3 170 000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба хохирогч М.Ө-ийн нэхэмжилж байгаа 3 170 000 төгрөг нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ХААН банкнаас авсан зээлийн эргэн төлөлт байх тул уг нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 Мөн хохирогч М.Ө нь шүүгдэгч А.Э-гээс цалингийн листний зөрүү болох 1 226 256 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Учир нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан цалингийн листний зөрүүг бодсон тодорхойлолт нь ямар нэртэй байгууллагын тодорхойлолт болох нь тодорхойгүй, тухайн байгууллагын удирдлагын гарын үсэг байхгүй байх тул уг баримтыг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул хохирогч М.Өийн нэхэмжилж буй 1 226 256 төгрөгийг шүүхээс хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Эд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, түүнээс 1 117 022 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ө-од олгох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Хохирогч М.Ө нь шүүгдэгч А.Эгээс нийт 5 272 022 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс хэрэгсэхгүй болгосон 3 170 000 төгрөг, хэлэлцээгүй орхисон 1 226 256 төгрөгийг хасаж тооцоход 875 766 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба шүүгдэгч А.Э нь хохирогч М.Ө-од 985 000 төгрөг төлсөн байх тул улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

Хохирогч М.Ө нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн листийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт А-н Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Өод 985 000 /есөн зуун наян таван мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Ө нь шүүгдэгч А.Эгээс нэхэмжилсэн 3 170 000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч М.Ө нь шүүгдэгч А.Эгээс нэхэмжилсэн 1 226 256 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Хохирогч М.Ө нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн листийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ