Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 2020        10          30                                          2020/ШЦТ/930

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

            шүүгдэгч: Л.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Х-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 6, хойд эцэг, авга ах, эх, өөрийн ихэр, түүний охины хамт, урьд ял шийтгэлгүй, Л.Х.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Л.Х нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13 дугаар гудамжны 79б тоот гэртээ хойд эцэг Т.Ганбаатарыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүн доромжиллоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ганбаатар /хх-ийн 17-19, 20-22, 23-24/, гэрч Д.Пунсалмаа /хх-ийн 27-28/, Л.Хишигсайхан /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 9117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, Л.Хийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Л.Хийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-59, 61/, Т.Ганбаатарын хүсэлт /хх-ийн 67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Х нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13 дугаар гудамжны 79б тоот гэртээ хойд эцэг Т.Ганбаатарыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүн доромжиллоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Т.Ганбаатарын /хх-ийн 17-19, 23-24/: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрийн ойролцоо гудамжинд танил Батсүхтэй хамт архи уучхаад 19-20 цагийн орчим гэртээ орсон. Гэртээ ороод гутлаа тайлаад байж байтал дагавар охин Л.Х “архи уулаа, гэртээ согтуу ирлээ” гэж уурласнаас болоод маргалдсан. Л.Х нь намайг өшиглөж унагаад дээрээс дэвссэн. Би босож ирээд “яаж байна аа” гээд өөрөөсөө холдуулах санаатай түлхэхэд миний хурууг хазсан. ...надад учирсан гэмтлийг Л.Х учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Хишигсайханы /хх-ийн 29-30/:  “...2020 оны 08 дугаар сарын 06-ны оройн 23 цаг 50 минутын үед ээж Пунсалмаагийн хамт гэртээ ирэхэд ихэр Л.Х хойд эцэг Т.Ганбаатартай маргалдсан байдалтай байсан. ...би тухайн маргаан болсон гэх үед гэрт байгаагүй. ...би хойд аав Т.Ганбаатарт гар хүрч зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Т.Ганбаатарын биед “баруун чихэнд шарх, зүүн бугалга, хэвлий, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун гарын долоовор хурууны 1-р үений ар болон урд шарх”  бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 9117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-43/,

 

Л.Хийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны орой гэртээ ирэхэд манай хойд аав Т.Ганбаатар нь согтуу, үүдний амбаарт бөөлжсөн байдалтай манай ихэр Л.Хишигсайханы 2 настай охин, дүү Нэргүй нарын хамт гэртээ байж байсан. Т.Ганбаатарт “уусан газраа оч, жаахан хүүхдийн хажууд архи уулаа” гэж хэлэхэд намайг мангасдаад байсан. ...миний ам руу хуруу нь орохоор хазчихсан. ...аав бид 2 маргалдаж байгаад намайг унагаад цохихоор нь хөл, шилбэ хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Л.Хийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

хохирогч Т.Ганбаатарын “...гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 67  дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Л.Хийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Л.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Х нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ