Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 927

 

 2020       10          28                                     2020/ШЦТ/927

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: М.Отгонбаатар; 

шүүгдэгч: Э.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт , урьд:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сүxбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 574 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийг хурааж, 10 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 369 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 04 жил 09 сар 17 хоногийн хугацааны хорих ялаас чөлөөлсөн,

-Сүxбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/XМШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Э.Х.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Х нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-485 тоотод байрлах иргэн Ө.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, “EUSO“ маркийн зурагт, зурагтын кабель зэргийг авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 3-17/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20/, хохирогч Ө.Мөнхбаяр /xx-ийн 24-26/, гэрч Д.Батбаян /xx-ийн 27-28/, гэрч Э.Мандухай /xx-ийн 29-30/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /xx-ийн 39-40/, Э.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 47-50/, Э.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 51, 54-62, 64-75, 77, 80, 82-89, 91-92, 94, 96, 99/, Ө.Мөнхбаярын хүсэлт /хх-ийн 100/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-485 тоотод байрлах иргэн Ө.Мөнхбаярын эзэмшлийн байшинд нэвтэрч “EUSO“ маркийн зурагт, зурагтын кабель зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ө.Мөнхбаярын /xx-ийн 24-26/: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 30 минутын үед гэрээсээ гаран “Бэлх“ захын буудал дээр очоод ажил руугаа цалингаа авах талаар яриад очиж авахаар зогсож байсан. ...буудал дээр зогсож байх үед ...таксинд явдаг ...Гуулиа ах ...Найдан ах руу 10 цаг өнгөрч байхад “Ө.Мөнхбаяр хажууд чинь байна уу, гэрээс нь нэг эрэгтэй хүн зурагтыг нь тэврээд гарч байна” гэж хэлсэн. ...Найдан ахыг “та гэр лүү явж бай, би нөгөө талаас нь гарч ирье” гэж хэлээд нөгөө талаас нь очиход манай тэр хавиар архи уугаад байдаг Э.Х кабелийн антенныг аваад гараад ирсэн. ...би “...зурагтыг авсан байна гаргаж өг” гэхэд “аваагүй, мэдэхгүй” гэж хэлээд гүрийгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Батбаянгийн  /xx-ийн 27-28/: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед түлшний талаар судалгаа авч айлуудаар орж яваад хар хөх өнгийн хувцастай нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу 53 дугаар гудамжаар урагшаа чигээрээ алхаж байгаад ...хөнжлийн даавуу гудамжид сэгсэрч байгаа харагдаж байсан. Тэгээд би зогсож байтал даавуунд боосон дөрвөлжин зүйл сугандаа хавчуулаад хажуугаар гарч харагдсан. Худгийн чиглэл рүү гудамжаар ороод харагдахаа больсон. Би тэр хүнийг Ө.Мөнхбаярын гэрээс гарч ирж байгааг харсан болохоор Ө.Мөнхбаяр руу залгах гэхэд дугаар нь байхгүй тул Найданбат гэх таксинд явдаг хүн рүү залгаж хэлсэн. “Ө.Мөнхбаярын гэрээс хүн зурагт шиг дөрвөлжин юм даавуунд ороогоод гарч явлаа, чи Ө.Мөнхбаярт хэлээдэх” гэж хэлсэн...“ гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Мандухайгийн /xx-ийн 29-30/: “...Манай ах Э.Xүрэлбаяр нь надтай цуг байшингийн дотор засал хийж байгаа. 2020 оны 8 дугаар сарын 22-ны 19 цагийн орчимд Э.Х ах “найзуудтайгаа уулзаад ирье” гэж хэлээд гарсан. Тэр шөнөдөө ирээгүй. Багын найз Энхээ гэх хүний гэрт хоносон гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Э.Х ах хаана, хэнтэй, юу хийсэн талаар мэдэхгүй байна. Над руу 14-15 цагийн орчимд ах Э.Xүрэлбаярын найз гэх Энхээ залгаад “ах чинь цагдаад баригдсан“ гэж хэлэхээр нь Энхээ ахтай уулзаад цагдаагийн хэлтэс дээр ирж хулгайн хэрэг үйлдсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

     Э.Хын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 47-50/: “... Би Мөнхөөгийн эхнэр болох Туяа нь гэртээ байгаа эсэхийг тодруулахаар тухайн айлын хашаа руу ортол гэрт нь хүн байхгүй байсан болохоор цонхыг нь түлхэж орсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Хулгайлж авсан эд зүйлсээ зарж борлуулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэе гэж бодсон юм...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 3-17/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /xx-ийн 39-41/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь иргэний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсаныг гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шунахайн сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Э.Хын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Мөнхбаярын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Э.Х нь шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаа тогтоосон үед санаатай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл хэмжээний дотор 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Э.X нь Сүxбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон үед санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлд заасан журмаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Хыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Хт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүxбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 08 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Э.Хын нийт эдлэх ялыг 3 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Э.Х нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.X-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ