| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00167/Э |
| Дугаар | 00118 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гтас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Нд холбогдох 1832001300121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нэхмэл сүлжмэлийн инженер технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр охины хамт амьдрах, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*/ Оргиочийнхан овогт Готовын Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би өглөө 6 цаг өнгөрөөгөөд гэр бүлээрээ 3 машинтай Хөвсгөл явах гэж гарсан. Миний машинд ээж 2 охиныхоо хамт явж байсан. 10-65 УНЛ улсын дугаартай тоёота “Алион” маркийн өөрийн эзэмшлийн машинтайгаа 40-50 милийн хурдтай явж байсан. Ер нь өглөө гарахад их бүрхэг байсан. Хотоос гараад явахад 22-ын товчоо их манантай байсан. Тэр үед хотоос Хөвсгөл рүү Дарханы зам нэлээн ачаалал ихтэй байсан. Тэгээд нэлээн манан дундаас гараад л бороо шивэрч байсан. Бид цуваагаар явж байхад гэнэт нэг цагаан машин орж ирээд түс тас гээд явчихсан. Тэгээд би хажуу тийшээ харж зогсоод хартал манай охины толгойноос нь цус гоожиж байсан. Тэгээд утас дуугараад надтай хамт явж байсан манай 2 машин нэг нь урд нэг нь 4-5 машины урд нөгөөдөх нь нэлээн хэдэн машины урд явж байсан. Манай эгч залгаад хүү нь жолоо бариад явж байсан. Хажуугаар сум шиг цагаан машин яваад тийшээ 2,3 өнхрөөд явчихлаа чи гайгүй юу гэсэн. Тэгээд би тэр машин чинь намайг ирээд мөргөчихлөө гэсэн. Миний санамсар болгоомжгүй үйлдлээс энэ гэмт хэрэгт холбогдсон байна. Би анх удаа шүүхийн индэрт зогсож байна. Урд нь би өмгөөлөгч аваад болно бүтнэ гээд явсан. Өмгөөлөгч 2 жил гаран болно, хүсэлт бичээд өгчихдөг юм гээд явсан. Нэг өдөр эрүүл мэндийн шалтгаанаас өмгөөлж чадахгүй гэсэн. Би ганцаараа ирэхээс өөр нөхцөлгүй болсон. Би өрх толгойлсон эмэгтэй хөгшин ээжийн хамт амьдардаг тогтсон орлого байхгүй ч би гэм буруугаа хүлээж байна. Цаашаагаа явахад надад хүндрэлтэй байна. Өмгөөлөгч авах мөнгөөрөө энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах нь зөв юм байна гэсэн шийдвэр гаргасан гэв.
Гэрч Г.Нж мэдүүлэхдээ: ... “А” цэгийг хэлбэр дүрсээр тогтоох боломжгүй. Тухайн хэргийн газрын фото зураг, схем зурган дээрээс авч үзээд тээврийн хэрэгслийн мөргөлтөөс болж цацагдсан эд зүйл болон тос гоожсон, гоожоогүй асуудал дээр дүгнэж “А” цэгийг тогтоосон. Бүх материалтайгаа танилцаж байж дүгнэлтийг гаргаж байгаа. Хэрэг дотор байсан бүх баримттай нь танилцсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү үгүй юу гэдгийг тогтоохоор дүгнэлт гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн 2-ийн 5в-д заасан үүргээ энэ жолооч Г.Н биелүүлээгүй. Тухайн үед хэргийн газар очсон Мс ахмад тэнд байсан хүмүүсээс ослын цэгийг заалгаж “А” цэгийг тогтоосон гэж хэргийн материалд тусгагдсан байна лээ. Мөргөлдсөн үед машины тос гоожин. “Алион” маркийн машины зорчиж явсан эгнээнд ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөргөлтөөс үлдсэн ямар нэгэн ул мөр гэх юм алга. Харин Соната машины зорчиж явсан талд бол цацарсан тос, гоожсон шингэн зүйлүүд байгаа. Схем зурагт тэр зүйлүүд нь харагдаж байсан. Фото зураг дээр “Алион” маркийн машины зүүн кирлан хэсгээр эвдэрсэн ул мөр үүссэн байгаа. Тэгээд “Соната-6” маркийн машины зүүн талаасаа хаалга хүртлээ зурагдаад явсан байсан. Энэ Г.Нгийн жолоодож явсан машин цуваанд явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд эсрэг урсгалд хоншоороо л гаргасан үйлдэл хийсэн. Тэгэхэд тэр “Соната” машиныг шүргэж арын хаалга урд зүүн талын урд хаалгыг шүргэсэн. Тэр мөргөлтөөсөө хоёулаа цохигдож хоёр тал руугаа унасан байсан. Харин машины хурдыг тогтоох боломжгүй. Г.Нгийн урд байсан машин зогсоогүй явж байсан тээврийн хэрэгсэл шүү дээ. Энэ Г.Нгийн жолоодож явсан машин ард нь явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд осол болсон байсан, ерөнхийдөө хэрэгт авагдсан материалтай танилцахад тийм байгаа. Хэрэгт авагдсан схем зураг, фото зураг дээр “А” цэг заасан. Тэрнээс харж дүгнэлт үйлдсэн байгаа. Мөн тээврийн хэрэгслийн шүргэлцсэн мөргөлдсөн байдлаас бас харсан...гэв /2ХХ-н 118-119-р хуудас/
Гэрч С.Бб мэдүүлэхдээ: ... “А” цэг нь 10-65 тээврийн хэрэгслийн тос гоожсон цэгийн хойд өнцгөөс аваад үзэхэд, хэргийн газрын үзлэг схем зурган дээрээс харахад үргэлжилсэн тасархай цагаан шугамыг 60 см давсан тэмдэглэлээр “А” цэгийг авсан байгаа, хэргийн материалд байгаа баримтууд болон хэргийн газрын схем зураг мөн машинаас гоожсон тос зэргээс үзэж дүгнэлт гаргасан...гэв /2ХХ-н 120-р хуудас/.
Гэрч Г.Эт мэдүүлэхдээ: ... Хэргийн газрын үзлэгээр “Соната-6” маркийн авто машин 17-85-ын явах чиглэлд Дарханаас Улаанбаатарын чиглэлд тэр шингэнүүд асгарсан, дунд талын тусгаарлах цагаан зурааснаас 60 см зайтай асгарсан байдалтай Улаанбаатар зүг рүүгээ байсан, үүгээр “А” цэгийг тогтоосон байсан, хэргийн материалд тулгуурлан дүгнэсэн ... гэв /2ХХ-н 120-р хуудас/
Гэрч Ц.Мс мэдүүлэхдээ: ... Ослын газарт очиход байгалийн гэрэлтэй байсан. Бүх зүйл тод. Зуны дулаан улирал байсан. Бороо ороод зогсоод, хэсэг хэсгээр орж байсан. Мөргөлдсөн хэсэгт эвдрэл байгаагүй. Зорчих хэсэг бороо орж байсан учраас норсон байсан. Зорчих хэсэг фото зурагт тодорхой байгаа. “А” цэгийг тогтоохдоо тухайн үед хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан. Мөргөлтийн улмаас үүссэн ул мөр хагарч бутарсан эд зүйл, зорчих хэсэгт хөдөлгүүрээс гоожсон тос, таван бул мултарсан, мөргөлдсөн газар гоожсон тос зэргийг үндэслэл “А” цэгийг тогтоосон. Хэргийн газар очоод осол гарсан байсан учраас зорчих хэсгийг чөлөөлж Улаанбаатараас ирсэн хөдөлгөөнийг замынх баруун гар талаар тойруулж явуулаад Дархан талаас ирж байгаа хөдөлгөөнийг 2 талаар нь хөдөлгөөний чиглэлийг өөрчилж байгаад үзлэг хийсэн. Мөргөлдсөн тээврийн хэрэгсэл хөдлөх боломжгүй байсан. Явах анги нь эвдэрсэн, дугуй нь салсан. Хөдөлгөөнд орох бололцоогүй байсан ... гэв /2ХХ-н 121-р хуудас/
Хохирогч Д.Гт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт орой харанхуй бүрий болж байсан болохоор 124-н давааны орчим хонож маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатар хот руу бүгд машиндаа суугаад хөдлөөд төв зам руу нийлээд 2-3 км явж байхад эсрэг урсгалаас буюу Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн урсгал машин их явж байсан. Тэгтэл тэр цуваан дотроос гэнэт нэг жижиг тэрэг ташуу гарч ирснээ миний машины зөв талын дугуй хэсэг рүү чигээрээ орж ирээд л мөргөсөн. Тухайн үед миний машин төв зам дээр 2 бүтэн эргэсэн. Тэгээд 4-н дугуйн дээрээ тогтож зогссон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/
Хохирогч Г.Цж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед хоносон газраасаа хөдөлж Улаанбаатар хот руу явж байгаад төв зам руу нийлээд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд машин их явж байсан. Тэгээд явж байтал эсрэг урсгалаас буюу тэр цувж явсан машинаас гэнэт нэг машин гараад ирсэн. Тэр үед би машин гараад ирлээ гэтэл манай хүргэн хүү Гт согтуу жолооч юм уу гэж хэлэх шиг л болоод тас хийгээд миний сууж явсан машин эргээд байх шиг байсан. Тэр үед би хүүхдүүдээ л бодож байсан. Нэг ухаан орсон чинь нэг хүн хөлийг маань төмрөөр чиг тавьж боож байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-26-р хуудас/
Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Өс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед би нөхөр Д.Гт болон ээж хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явах замд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 15-85 ХӨҮ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үед Улаанбаатар хотоос явж байсан 10-65 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явж байсан машины цуваанаас гэнэт гарч ирээд миний сууж явсан машины зөв тал буюу манай нөхөр Д.Гантулгын талаас шууд мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв зам дээр бүтэн 2 эргээд 4 дугуйн дээрээ төв зам дээр буюу шороон хэсэгт зүүн хойш харж зогссон. Тэгээд би уг машинаас түрүүлж гарч ээж Цж болон хүүхдүүдийг машинаас гаргах үед гадаа бороо орж байсан. Тухайн үед ээж Цж болон нөхөр Д.Гт нар гэмтсэн байсан болохоор машинаас гаргах боломжгүй байсан...осол хэргийн улмаас миний толгойн дух хэсэгт авто машины салхины шилний хагархай үйрмэгүүд арьсан дотор нь орчихсон, би тухайн шилний хагархайнуудыг Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж үйлчлүүлэн түүлгүүлсэн. Толгойн компьютер томографикт харуулсан тухайн эмчилгээний зардалд нийт 420000 төгрөг зарцуулсан. Мөн манай нөхөр Д.Гантулгын эмчилгээний зардалд 2000000 төгрөг, Баянхонгор аймгаас Мандал суманд ирж мэдүүлэг өгөх зардалд 864000 төгрөг, машины зардалд 4.200000 төгрөгийн хохирол, эмнэлэгт байх хугацаандаа Улаанбаатар хотод байр хөлсөлж амьдарсан унаа машин байрны зардалд 700.000 төгрөг зарцуулсан. Би дээрх бүх хохирлын мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-30, 207-208-р хуудас/
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн шинжээчийн №29 дугаартай дүгнэлт: ...1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а. Уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б. Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэв гэх дүгнэлт / 2ХХ-ийн 83-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8700 дугаартай дүгнэлт: ...
1. Г.Цжийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, өвдөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8699 дугаартай дүгнэлт: ...
1. Д.Гантулгын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/
Автомашин техникийн үнэлгээний №18/01/01543 дугаартай тайлан “...15-85 ХӨҮ улсын дугаартай “Соната-6” загварын автомашинд нийт 4225000 төгрөгийн хохирлын үнэлгээ болон гэрэл зургийн үзүүлэлт” гэх дүгнэлт /ХХ-ийн 75-78-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11, 175-178-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 93-р хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 87-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Г.Н нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Toyota Allion” маркийн “10-65” УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан “Hyundai Sonata-6” маркийн “15-85” ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Г.Цжийн биед хүнд хохирол, Д.Гантулгын биед хүндэвтэр хохирол, Д.Содномцэрэнгийн биед хөнгөн хохирол, Б.Оугийн биед хөнгөн хохирол, Б.Сувдын биед хөнгөн хохирол, Д.Өсы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатар хот руу бүгд машиндаа суугаад хөдлөөд төв зам руу нийлээд 2-3 км явж байхад эсрэг урсгалаас буюу Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн урсгал машин их явж байсан. Тэгтэл тэр цуваан дотроос гэнэт нэг жижиг тэрэг ташуу гарч ирснээ миний машины зөв талын дугуй хэсэг рүү чигээрээ орж ирээд л мөргөсөн. Тухайн үед миний машин төв зам дээр 2 бүтэн эргэсэн. Тэгээд 4-н дугуйн дээрээ тогтож зогссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/, Хохирогч Г.Цжийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед хоносон газраасаа хөдөлж Улаанбаатар хот руу явж байгаад төв зам руу нийлээд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд машин их явж байсан. Тэгээд явж байтал эсрэг урсгалаас буюу тэр цувж явсан машинаас гэнэт нэг машин гараад ирсэн. Тэр үед би машин гараад ирлээ гэтэл манай хүргэн хүү Гт согтуу жолооч юм уу гэж хэлэх шиг л болоод тас хийгээд миний сууж явсан машин эргээд байх шиг байсан. Тэр үед би хүүхдүүдээ л бодож байсан. Нэг ухаан орсон чинь нэг хүн хөлийг маань төмрөөр чиг тавьж боож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Өсы мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед би нөхөр Д.Гт болон ээж хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явах замд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт 15-85 ХӨҮ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байх үед Улаанбаатар хотоос явж байсан 10-65 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явж байсан машины цуваанаас гэнэт гарч ирээд миний сууж явсан машины зөв тал буюу манай нөхөр Д.Гантулгын талаас шууд мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан 15-85 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв зам дээр бүтэн 2 эргээд 4 дугуйн дээрээ төв зам дээр буюу шороон хэсэгт зүүн хойш харж зогссон. Тэгээд би уг машинаас түрүүлж гарч ээж Цж болон хүүхдүүдийг машинаас гаргах үед гадаа бороо орж байсан. Тухайн үед ээж Цж болон нөхөр Д.Гт нар гэмтсэн байсан болохоор машинаас гаргах боломжгүй байсан...осол хэргийн улмаас миний толгойн дух хэсэгт авто машины салхины шилний хагархай үйрмэгүүд арьсан дотор нь орчихсон, би тухайн шилний хагархайнуудыг Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж үйлчлүүлэн түүлгүүлсэн...гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-30, 207-208-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн шинжээчийн №29 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 2-р ХХ-ийн 83-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8700 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8699 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/, Автомашин техникийн үнэлгээний №18/01/01543 дугаартай тайлан /ХХ-ийн 75-78-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11, 175-178-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Нг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Нг 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан засмал замын 126-127 дахь километрийн заалтын орчимд “Toyota Allion” маркийн “10-65” УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчин явсан “Hyundai Sonata-6” маркийн “15-85” ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч Г.Цжийн биед хүнд хохирол, Д.Гантулгын биед хүндэвтэр хохирол, Д.Содномцэрэнгийн биед хөнгөн хохирол, Б.Оугийн биед хөнгөн хохирол, Б.Сувдын биед хөнгөн хохирол, Д.Өсы биед хөнгөн хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөх саналаа бичгээр гаргаж нотариатаар батлуулж илэрхийлсэн байдал, шүүгдэгч Г.Нгийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цж дараах нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж хохирол төлбөр нэхэмжилсэн ба үүнд:...Хот хоорондын зорчигч тээврийн 61.000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 98 дугаар хуудас/, "Нил Фарм" маркетын НӨАТ- ын 50,350 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 116-118-р хуудас/, "Нил Фарм" маркетын 51.150 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 119-р хуудас/, хот хоорондын зорчигч тээврийн 30000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 120-р хуудас/, "Агар шим" ХХК-ийн эмийн сангийн НӨАТ-ын 3100 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 120-р хуудас/, "Хийморь" дэлгүүрийн 8500 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 124-р хуудас/, хот хоорондын зорчигч тээврийн 55000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 125-126-р хуудас/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хагалгаа хийсэн 110000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 127-р хуудас/, "Мон-Арго" ХХК-ий 218,500 төгрөгийн тооцооны хуудас /1-р ХХ-ийн 127-р хуудас/, Монос Энхжин эмийн сангийн 140,600 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 131-р хуудас/, Монос Улаанбаатар эмийн сангийн 1550 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 132-р хуудас/, Монос Улаанбаатар эмийн сангийн 157,330 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 134-р хуудас/, "Фармалогик" эмийн сангийн 65,100 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 139- р хуудас/, "Хос Эүтэн" эмийн сангийн 26,500 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 141- р хуудас/, "Нил Фарма" эмийн сангийн 12000 төгрөгийн орлогын баримт/1-р ХХ-ийн 149-р хуудас/, "Долоон Отог" ХХК-ийн 180.000 төгрөгийн зарлагын баримт /тэргэнцрийн үнэ/ /1- р ХХ-ийн 152-р хуудас/, "Нил Фарм" эмийн сангийн 26.000 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 158-р хуудас/ зэрэг баримтууд байх бөгөөд нийт 1.196.680 төгрөгийн нэхэмжлэлийг ханган иргэний нэхэмжлэгч Г.Цжэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өөр хүмүүсийн нэр бүхий хот хоорондын зорчигч тээврийн 259.500 төгрөгийн, давхардуулж тооцсон "Нил Фарм" маркетын 40.500 төгрөгийн, Монос Энхжин эмийн сангийн 2 удаа давхардуулж тооцсон нийт 140600 төгрөгийн, Монос Улаанбаатар эмийн сангийн 1550 төгрөгийн баримтыг 15500 төгрөг гэж буруу бодсоны зөрүү 13950 төгрөгийн, Монос Улаанбаатар эмийн сангийн 155.780 төгрөгийн баримтыг 105.790 төгрөг гэж буруу бичсэн, мөн зарлагын 157.330 төгрөгийн баримтыг давхардуулж бичсэн, Монос Улаанбаатар эмийн сангийн 12730, 12000 төгрөгийн баримтыг давхардуулж бичсэн зэрэг үндэслэлээр нийт 636,610 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний нэхэмжлэгч Д.Өс нь гэмт хэргийн улмаас өөрт болон гэр бүлийн хүн хохирогч Д.Гтд учирсан гэм хорын хохиролд нийт 9.914.000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтаар "Мед Траума" эмнэлгийн дүрс оношилгооны 120.000 төгрөг /1-р ХХ-ийн 111-р хуудас/, шатахууны үнэ 413,040 төгрөг /1-р ХХ-ийн 205-р хуудас/, хот хоорондын зорчигч тээврийн 158.500 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 205-р хуудас/, хот хоорондын зорчигч тээврийн 149.500 төгрөг /1-р ХХ-ийн 98-р хуудас/, хохирогч Д.Гантулгын эмнэлэгт хэвтсэн зардал 90.000 төгрөг /1-р ХХ-ийн 97-р хуудас/, Дуб эмнэлгийн дүрс оношилгооны үнэ болох 120.000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 100-р хуудас/, "Тэрмэстийн өгөөж" ХХК-ийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 110.000 төгрөг /1-р ХХ-ийн 105-р хуудас/, "Энхжаргалант", "Тэрмэстийн өгөөж" ХХК-ийн 175.400 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 106-р хуудас/, "Фармалогик" эмийн сангийн 24.800 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 110-р хуудас/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 76.194 төгрөг, 87.900 төгрөг /1-р ХХ-ийн 112-113-р хуудас/, "Бан Хас" ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №18/01/01543 тоот авто машин техникийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан эвдрэл хохирол 4.225.000 төгрөг зэргийг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн бөгөөд хохирогч Д.Гантулгын эмнэлэгт хэвтсэн зардал 90.000 төгрөг /1-р ХХ-ийн 97-р хуудас/, Дуб эмнэлгийн дүрс оношилгооны үнэ болох 120.000 төгрөгийн баримт /1-р ХХ-ийн 100-р хуудас/, "Тэрмэстийн өгөөж" ХХК-ийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 110.000 төгрөг /1-р ХХ-ийн 105-р хуудас/, "Энхжаргалант", "Тэрмэстийн өгөөж" ХХК-ийн 175.400 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 106-р хуудас/, "Фармалогик" эмийн сангийн 24.800 төгрөгийн зарлагын баримт /1-р ХХ-ийн 110-р хуудас/, "Мед Траума" эмнэлгийн дүрс оношилгооны 120.000 төгрөг /1-р ХХ-ийн 111-р хуудас/, Согог Судлалын Үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээний зардал 76.194 төгрөг, 87.900 төгрөг /1-р ХХ-ийн 112-113-р хуудас/, зэргээр 804.294 төгрөг, замын зардлын баримтуудаар /ХХ-н 98, 205-р хуудас/ 721.040 төгрөг, бүгд 1.525.334 төгрөг, авто машинд учирсан эвдрэл хохиролд тогтоосон үнэлгээгээр 4.225.000 төгрөг, нийт 5.750.334 төгрөгийн хохирол төлбөр дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Өсд олгож, гэм хорын хохиролд хамааралгүй пиво, хүнсний бүтээгдэхүүний үнэ 42.160 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс үлдэх 4.163.666 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтай биш байх тул хэлэлцээгүй орхиж, иргэний нэхэмжлэгч хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан хагалгаа, эмчилгээний зардал болон бусад зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Нгийн эд хөрөнгө болох Ү-2205069435 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельс гудамжны 26-502 тоотод байрлах хувийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 5/86 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож Г.Нд буцаан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Оргиочийнхан овогт Готовын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нгаас 1196680 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 45-р байрны 1-12 тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигон овогт Говилмаагийн Цжэд олгон 636610 /зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Нгаас 5750334 /таван сая долоон зуун тавин мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг 16-21 тоотод оршин суух, /ВИ:83050709/ Боржигон овогт Дашдэндэвийн Өсд олгож 42160 /дөчин хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс үлдэх 4.163.666 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй тул хэлэлцээгүй орхиж, иргэний нэхэмжлэгч хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Нгийн эд хөрөнгө болох * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельс гудамжны 26-502 тоотод байрлах 79,98 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 5/86 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Нгийн №620648 дугаартай жолоочийн “В” ангиллын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.