| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00112/Э |
| Дугаар | 00112 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мт холбогдох 1917001650113 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөр замын бригадын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Манарт овогт Баасансүрэнгийн М.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр З.БАгийн эзэмшлийн ХАС банкны 5001211696 тоот дансанд андуурагдаж орсон 2,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хохирогч С.Ажын: “… Манай хадам ээж Эт 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр миний гар утас руу залгаад БАгийн ХАС банкинд байсан мөнгө алга болчихсон байна гээд ХАС-аас яриад байна. Миний охин банкин дээр очиж асуугаад болсон асуудлыг тодруулаад учрыг нь олоодхооч гэхээр нь банкин дээр очоод эдийн засагч Амгаа гэх залуутай уулзахад интернэт банкаар юмуу эсвэл мобайл банкаар гүйлгээ хийгдэж гарсан байна, нарийн мэдээлэл таньд өгөх боломжгүй. Та энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж болно гэсний дагуу гаргасан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Ц.Этгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тухайн үед манай хүү бэр хоёр ХАС банкнаас БАгийн нэр дээр цалингийн 25,000,000 төгрөгийн зээл авсан юм байна лээ. Тэгээд манай хүү банкны зээлийн төлөлтөө хийж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5361048004 тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Би уг мөнгийг нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр өөрийн данснаасаа хүү БАгийн ХАС банкны 5001211696 тоот дугаарын дансанд зээлийн төлөлт хийхээр шилжүүлсэн юм. Тэгсэн чинь 2019 оны 09 сарын 23-ны өдөр ХАС банкнаас яриад танай хүүхдийн зээлийн төлөлт хийгдээгүй байна гэхээр нь би данс руу нь мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд дансанд байсан мөнгийг өөр данс руу хийсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/
Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:…Миний дансанд 2,000,000 төгрөг орж ирэхээр нь хэсэг гайхаж байгаад мөнгө орсон өдрийн орой банк хаахаас өмнө Баянгол сумын ХААН банкны ажилтнаас юун 2,000,000 төгрөг орсон юм бол гэж асуухад нэг хүнээс шилжүүлэг хийсэн байна гэж хэлсэн. Тухайн хүний нэрийг банкны ажилтан хэлж байсан, одоо нэрийг нь сайн санахгүй байна. Өөрийн дансанд орсон 2,000,000 төгрөгийг өөрийн ахуйн хэрэглээнд зарцуулсан. Андуурагдаж орсон 2,000,000 төгрөгийн эзэн нь гарч ирвэл эргүүлэн төлнө гэж бодож байсан. Гарч ирээгүй байж байгаад өнөөдөр л таныг хэлэхэд л 2,000,000 төгрөгийг санаж байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 110-111 дүгээр хуудас/
З.БАгийн ХАС банкны дансны хуулга /ХХ-ийн 60,101 дүгээр хуудас/, Б.Мын дансны хуулга /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр З.БАгийн эзэмшлийн ХАС банкны 5001211696 тоот дансанд андуурагдаж орсон 2,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Ажын:”… Манай хадам ээж Эт 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр миний гар утас руу залгаад БАгийн ХАС банкинд байсан мөнгө алга болчихсон байна гээд ХАС-аас яриад байна. Миний охин банкин дээр очиж асуугаад болсон асуудлыг тодруулаад учрыг нь олоодхооч гэхээр нь банкин дээр очоод эдийн засагч Амгаа гэх залуутай уулзахад интернэт банкаар юмуу эсвэл мобайл банкаар гүйлгээ хийгдэж гарсан байна, нарийн мэдээлэл таньд өгөх боломжгүй. Та энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж болно гэсний дагуу гаргасан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/, З.БАгийн ХАС банкны дансны хуулга /ХХ-ийн 60-101 дүгээр хуудас/, Б.Мын ХААН банкны дансны хуулга /ХХ-ийн 49 дүгээр хуулга/, Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 110-111 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр З.БАгийн эзэмшлийн ХАС банкны 5001211696 тоот дансанд андуурагдаж орсон 2,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Манарт овогт Баасансүрэнгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мын торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.