| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0084/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт О-ийн Г-д холбогдох 2016000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 11 дүгээр сард 7 хоног, 2020 оны 02 дугаар сард 4 хоног буюу 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн ..... сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Д” гэх нэртэй газар нийт 466 метр квадрат талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн баг оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 367.777 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хуралдаанд өгсөн “...Шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...бичиг баримт нь авсан хүн дээр байгаа. Бид хоёрын дунд хэдэн төгрөгийн тооцоо байгаа учир бичиг баримтыг өгөөгүй...Үлдсэн мөнгөө өгч байж улсын дугаар бичиг баримтыг чинь өгнө гээд аваад үлдсэн... Доороо Б. Б гэж манай сумын нэг залууг ажиллуулж байсан. Өдрийн 20.000 төгрөгөөр цалинжуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хот явахдаа олборлосон алтаа авч яваад урт цагаан дээр аваачиж алт мөнгөний дарханд 6гр алт тушааж нийтдээ 580.000 төгрөг болсон. Тушаасан хүний нэрийг мэдэхгүй байна... Тус тусдаа өөрсдийн эзэмшлийн техникүүд дээрээ ашигт малтмал олборлож байсан. Манай трактор 2019 оны 12 дугаар сарын 09-нд Дөрөлж рүү ороод трактор хүйтэнд цэнхэр насос нь эвдрээд ажиллаж болохгүй байхаар нь 12 сарын 16-ны өглөө эрт буусан. Ингээд юм хийж чадалгүй буусан. Буухдаа трактороо үлдээгээд ирсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 09-нд трактороо очиж эргээд өөрт нөөцөнд байсан цэнхэр насосоо сэлбэж янзлаад аваачиж ажиллуулах гэсэн боловч болохгүй байхаар нь буцаад сумдаа гэртээ ирсэн...ажиллаагүй байж байгаад 2020 оны 01 сарын 20-нд өөр сэлбэг аваачиж тавьж ажилд оруулаад 01 сарын 28 хүртэл 7 хоног ажиллаж байгаад буугаад Улаанбаатар хот руу дэлгүүрийн бараандаа явахдаа олборлосон алтаа аваачиж тушаасан... Баянхонгор аймгийн Б сумын харъяат Т гэж залуугаас 2017 онд 22 сая 500 төгрөгөөр худалдаж авахдаа бичиг баримтгүй авсан. Тухайн зарсан хүн угаасаа бичиг баримт байхгүй гэж хэлээд өгсөн. Бүртгэл бичиг баримт байхгүй. Хэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдагыг мэдэхгүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэл болон 1ХХ70-71/
Гэрч Ш.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн “ Ерөнхийдөө Марко Поло ХХК-ын ашиглалтын лиценз бүхий талбайд манай смын харъяа О.Г, О.С, Б.Я гэх иргэд орчихсон байна гэсэн мэдээлэл 2019 оны 11 сарын эхээр ирсэн юм. Тэгээд би тухай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Эн си Жи Ти ХХК-ын харуул хамгаалалтын алба руу утсаар яриад ямар учраас трактортой иргэдийг оруулаад хязгаарлахгүй байна гэж асуусан чинь манай компани тухайн талбайг хамгаалахгүй байгаа. Марко Поло ХХК-тай гэрээ хийгээд харж байсан гэрээ хүчингүй болсон тул тухайн компани талбай манайд хамааралгүй болсон талаар мэдээлэл өгсөн. Тэгэхээр би Марко Поло ХХК-тай холбогдож тухайн ашиглалтын лиценз бүхий талбайгаа та нар хамгаал гэж хэлүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны үед Марко Поло ХХК нь цагдаагийн газар хандаж хууль бусаар орсон иргэдийг хөөлгөж газар чөлөөлсөн юм. Тэрнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр тухайн газар 5 трактор ахиад орсон байхаар нь би холбогдох хүмүүс явуулж дахин хөөлгөсөн юм. Иргэд Марко Поло ХХК-ийн ашиглалтын лиценз бүхий талбайруу ороод байхаар нь тухайн иргэдтэй уулзаж албан ёсны дагуу нөхөрлөл байгуулаад тухайн компанийг зөвшөөрвөл гэрээ байгуулж орох боломжтой талаар хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Марко Поло ХХК-д албан бичиг хүргүүлж Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу нөхөрлөлийн журмаар бичил уурхайн чиглэлээр иргэд ажиллах сонирхолтой байгаа тул хамтарч ажиллахыг хүсэхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой талаар хариу албан бичиг ирүүлсэн байсан. Тэгээд иргэдийг албан ёсоор нөхөрлөл байгуулж бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуул гэхэд зөвхөн О.С гэдэг хүн өнөөдрийн байдлаар нөхөрлөл байгуулаад ирсэн боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдээгүй зөвшөөрөл олгогдоогүй байгаа юм. Гэтэл тухайн иргэд нь компани талбайруу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйл ажиллагаа явуулсан байна... гэх мэдүүлэг /ХХ62-64/
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Говь-Алтай аймгийн .. сумын нутаг дэвсгэрт байрлах Марко Поло ХХК-ын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр хувь хүмүүс гар аргаар алтны олборлолт хийгдэж байгаа талаар гомдол гаргасан юм. Тухайн ашиглалтын зөвшөөрөл бүхий Марко Поло ХХК-ийн хуучин ашиглаад дуусчихсан талбайд Бигэр сумын иргэдээс зөвшөөрөлгүйгээр орж алт олборлох үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавихаар сум орон нутгаас зөвшөөрөл авч тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа талаар хариулт өгдөг юм. Ерөнхийдөө Бигэр сумын засаг даргаас манай компанид хандаж иргэд танай ашиглачихсан тайлбайд орж дахин гар аргаар ашиглалт явуулах хүсэлтийг удаа дараа гаргаад байгаа тул гурвалсан гэрээ байгуулж ашиглалтын зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг гаргасан байдаг боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй юм... гэх мэдүүлэг /ХХ56-57/
Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гадаа 3 ширхэг трактор, 1 ширхэг маятий маркын машин байгаа эдгээр техник хэрэгслийг манай гадаа ойрын 2-3 хоногт эзэд нь гуйгаад тавьж байрлуулсан юм. Зүүн талын захад байгаа трактор нь Улаанбаатар хотод байдаг манай сумын харъяат Б.Я гэх хүнийх, гол нь байгаа трактор .. сумын харъяат Г гэж дуудаж байсан залуугийх, баруун захад байгаа нь Д дууддаг Баянхонгор аймгийн нэг залуугийн трактор байгаа юм. Харин цагаан өнгийн маяти машин нь Ч сумын Г гэх хүний эзэмшлийх юм. Эдгээр хүмүүсийг би сайн танихгүй. Д-ийн орчим Г, Д гэдэг хоёр хүн нь 10 орчим ажиллаад цагаан сараар явахдаа манай гадаа гуйж тавиад явсан юм. Харин Б.Я гэгч нь намар 9 сард манай энд ирсэн. Харин доодруу нь 2 трактор одоо жалганд байгаа. Эдгээр хүмүүс нь хууль бусаар яваа юм уу? Дүрмээрээ яваа юм уу? Надаа мэдэж байгаа зүйл байхгүй байна...Б.Я нь харж байгаарай гээд 100.000 төгрөг өгсөн байгаа. Харин Г нөгөө 2 нь ямар нэгэн мөнгө өгөөгүй зүгээр гуйж орхид явцгаасан... Би байнга хараад хяналт тавьж байдаг. Эдгээр хүмүүс нь хуучин эвдэрсэн газрыг ухдаг юм... Тэр талаар мэдэхгүй. С, З гэх хүмүүс нь сумаас зөвшөөрөлтэй гэж дуулдсан. Харин Я, Д, Г нар нь зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ58-59/
Гэрч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн “... Мэдэж байсан зогсоох арга хэмжээг хэд хэдэн удаа авсан. “Марко Поло” компанид засаг даргын албан тоотоор 2019 оны 10 сард мэдэгдэж арга хэмжээ авах талаар дуулгаж аймгийн цагдаагаас 2019 оны 11 сард хөөлгө ирээд явсан байсан. Сумын Засаг даргын албан тоотоор хууль бусаар алт олборлолт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд оруулах Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолыг хэрэгжүүлэх боломжыг судалж хамтран ажиллах тоотыг хүргүүлсэн.Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Иргэд 2009 оноос хойш хууль бусаар алт олборлолт явуулж эвдэгдсэн талбай. “Марко Поло ХХК-ын хайгуулын талбай байсан бөгөөд 2018 онд “Марко Поло компани ашиглалтын лиценз авсан өөр үйл ажиллагаа явуулаагүй... “Марко Поло” компани нь ашиглалтын талбайгаа 2018 оны сүүлээс 2019 оны 08 дугаар сар хүртэл “ЭН СИ ЖИ ТИ” ХХК-ийн харуул хамгаалалтын компаниар Олонбулаг, Дөрөлж орчимд хяналтын 2 пост ажиллуулж байсан. 2019 оны 08 дугаар сард буугаад эзэнгүй болсноос хойш Дөрөлж рүү хууль бусаар алт олборлох иргэд дайрж орж нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа... Мэднэ. Хууль бусаар талбайруу чинь ороод байна хамгаалалттай болгоо гэдгийг “Марко Поло” ХХК-ийн захирал Д утсаар мөн Засаг даргын тоотоор мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ72-73/,
Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 10 дугаар сараас С, Я, Г, нар Д-д байсан...Эдгээр хүмүүс нь тус тусдаа олборлолт явуулдаг...уулзаж шаардлага тавьсан боловч гарахгүй, гадны трактор ухсан газар дээр байна гэж эсэргүүцсэн...хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тал дээр байнга сануулж байсан...” гэх мэдүүлэг/1ХХ 74-75/,
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Я, С, О.З, Г нар тус тусдаа олборлож байгаа. 2020 оны 02 дугаар сард Цагдаагаас хүмүүс ирж шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоосон...энэ хүмүүс удирдаж байгаа, тракторын эзэд нь...” гэх мэдүүлэг/1ХХ 79/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын эхээр Д-д явж байгаад Э дээр очтол 3 танихгүй залуутай ажиллаж байсан. Тус туслаа нэг нэг салаанд С, Г, Я, Э нар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг/1ХХ99, 2ХХ 39-40/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхөр Г Б сумын нутаг Д гэх газар 4, 5 хоног ажиллаад тракторт нь эвдрэл гараад зогссон. 4, 5 хоног ажиллахад нөхрийн дүү Б, нөхөр бид 3 ажилласан өөр хүн ажиллаагүй...” гэх мэдүүлэг/2ХХ 16-17/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/12 дугаартай “...О.Г-ийн эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 366.777 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 441.212 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт/1ХХ 129-130, 149-152, 170/, шүүгдэгч О.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/2ХХ83-85/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ5-18/, мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнхнайрамдалын үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р ХХ14-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р ХХ50/, ашигт малтал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар/1ХХ 24-26/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г нь 2019 оны 11 дүгээр сард 7 хоног, 2020 оны 02 дугаар сард 4 хоног буюу 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх нэртэй газар нийт 446 метр квадрат талбайд улсын дугааргүй “Doosan 55v” маркийн шар өнгийн баг оврын экскаватор /унагалдай/, цахилгаан үүсгүүр, алт шигших төхөөрөмж зэргийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль, экологид 366.777 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулиар ”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг”, ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж нэр томьёоны хувьд хуульчилан тайлбарлажээ. Шүүгдэгчийн хувьд дээрх ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг явуулаагүй нэгэнт нөөц нь тогтоогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий бусдын талбайд ашигт малтмал олборлох үйл ажилагаа явуулсан гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч О.Г-ийн үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох “Doosan 55v” маркын экскаваторийг 2.919.000 төгрөгөөр үнэлсэн “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн үнэлгээчин И.Гүррагчаагийн үнэлгээний тайлан/2ХХ 233-247/, цахилгаан үүсгүүрийг 200.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмжийг 500.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээчин Б.Уянгын үнэлгээний тайлан/1ХХ179-186/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсний үндсэн прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилго хангагдах тул “ашигт малтмал эрэх, хайх, олборлох ашиглах үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох” албадлагын арга хэмжээ нэмж авах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч О.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Doosan 55v” маркын бага оврын экскаваторын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн асуудал тодорхой бус байгаа тул түүний үнэ болох 2.919.000 төгрөгийг шүүгдэгчээс гарган, 200.000 төгрөгний үнэлгээ бүхий цахилгаан үүсгүүр, 500.000 төгрөгний үнэлгээ бүхий алт шигших төхөөрөмжийн хамт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг суутган тооцож улсын орлого болгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “doosan 55v” маркын бага оврын экскаватор, шанаганы пайлцын хамт шүүгдэгч О.Г-т буцаан олгож 2 ширхэг дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт О-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч О.Г сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “doosan 55v” маркын бага оврын экскаваторын үнэ болох 2.919.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учирсан 367.777 төгрөгийг суутган тооцож, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт шигших төхөөрөмжийн хамт тус тус улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “doosan 55v” маркын бага оврын экскаватор, шанаганы пайлцын хамт шүүгдэгч О.Г-т буцаан олгож 2 ширхэг дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА