Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2019/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/705 дугаар “Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох, тухайн захирамжийн улмаас надад учирсан 3 сарын цалингийн хохирол 720000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянхонгор аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:  “Миний бие Бууцагаан сумын сургуулийн захирлын ажлыг хийж байтал Баянхонгор аймгийн Засаг дарга нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж 2017 оны 9 сарын 07-ны өдөр 111/ШШ2017/0028 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 сарын 02-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор буцаж ажилдаа тогтоогдсон. Ингээд ажилдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар ороод ажиллаж байтал 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжаар намайг анх ажилд орж байгаа ажилтан мэтээр Авлигын эсрэг хуулийн холбогдох заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтуудыг үндэслээд намайг 2 сарын хугацаагаар 30 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би анх удаа ажилд орж байгаа ажилтан биш, өмнө нь ажиллаж байсан төрийн албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас ажлаа хийж чадаагүй л иргэн хүн. Тус захирамжийг би аймагт ажилдаа ирсэн байж байгаад 2018 оны 11 сарын 14-ний өдөр өөрийн гар дээр хүлээж авсан.

Иймд: 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгох, тухайн захирамжийн улмаас надад учирсан 3 сарын цалингийн хохирол  720 000 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бууцагаан сумын сургуулийн захирал ажилтай Ж.Г нь Аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар эгүүлэн ажилдаа томилогдсон байна. Ж.Г нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтад зааснаар томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, түүнээс хойш жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах ёстой. Гэтэл Ж.Г нь 2018 оны 08 дугаар сарын 17 нд томилогдсоноос хойш мэдүүлгээ гаргаагүй байна. Энэ зөрчлийг Авлигатай тэмцэх газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 10 дугаар сард ирсэн шалгалтаар илрүүлж хуульд заасан арга хэмжээ авахыг даалгасан билээ.

Ж.Г нь хэдийгээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож байгаа хэдий ч жил бүр гаргах ёстой хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд гаргах нь хуульд заасан үүрэг нь юм. Авилгатай тэмцэх газрын шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Одонтуяа арга хэмжээ авах үүргийг өгсөн бөгөөд Ж.Г-т арга хэмжээ авсан захирамжийг ч Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Авлигын эсрэг хуулийн 13.8.3-т заасан зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2-т энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулахаар заасан тул хуульд заасан хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь буруу биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгох, тухайн захирамжийн улмаас надад учирсан 3 сарын цалингийн хохирол 720 000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэлээ.    

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ж.Г нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 251 дүгээр захирамжаар Бууцагаан сумын сургуулийн захирлаар томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11/ШШ2017/0028 дугаар шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогджээ.

Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/705 дугаар захирамжаар Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г-т албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тусгасан бөгөөд 13.8.3-т “зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах”,  13.8.4-т “нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан бөгөөд 29.2.3-т “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах”, 29.2.4-т “.энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж тус тус хуульчилжээ.

Бууцагаан сумын сургуулийн захирал Ж.Г нь аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон бөгөөд Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор... ...шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор... ...шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу Бууцагаан сумын сургуулийн захирлаар томилогдсон буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь баталгааны маягт, Авилгатай тэмцэх газрын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01/475 дугаар албан тоот, хавсралт, гэрчийн мэдүүлэг, хариуцагч талын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга нь Ж.Г-т дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны А/705 дугаар захирамждаа Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад заасан ...халах гэсэн заалтуудыг үндэслэсэн атлаа ....албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулиудыг зөрчжээ.

Хоёр. ...захирамжийн улмаас надад учирсан цалингийн хохирол буцаан гаргуулах”-ыг хүссэн шаардлагын хувьд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 30 хувь бууруулсны нийт 416330 /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.3, 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/705 дугаар "Ж.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 30 хувь бууруулсан 416330 /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА