Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                     Г.Ганцэцэг

                       Улсын яллагч                                   Б.Эрхэмбаатар

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Хандмаа

  Хохирогч                                              С.Чб

                                  Шүүгдэгч                                                  Б.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1805057880007 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, * оршин суух, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:*/ Тайж овогт Бат-Очирын Н.

 

Б.Н нь 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” ТББ-д малчнаар ажиллаж байх хугацаандаа 2 үхэр, 3 хонь, 4 ямаа, хазаар, ногт, бугуйл, чөдөр, эмээл, дуран зэрэг эд зүйлсийг хувьдаа завшиж 3040000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгөөч...гэжээ.

Хохирогч С.Чб шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хавтас хэрэгт өмнө нь өгсөн мэдүүлэг байгаа, урдны шүүх хуралдаан дээр бүх зүйлийг ярьсан учраас одоо ахиж нуршиж шүүх хуралдааныг сунжируулахыг хүсэхгүй байна. Хавтас хэрэгт өмнө өгсөн цугларсан материалууд хэвээр байгаа, санал зөрж байгаа зүйлүүд бас хэвээрээ байгаа. Миний өөрийн санал гэх үү, мэдүүлэг гэж ярих юм уу хавтас хэргийг дахин буцаалгах саналтай байна. Өмнөх шүүх хурлаас хойш ямарч үйл ажиллагаа хийгдээгүй хоёр сар цагдаа, прокурор дээр хадгалагдаж байгаад ирсэн ийм л хэрэг. Тэгэхээр надад бол дахиж нэмж яриад чирэгдэл болоод байх юм алга. Зүгээр прокуророос нэг зүйл асуумаар байна. Шүүх хуралдааны хэдийд нь асууж болохын тэр үед нь асууя. Би өөрийнхөө санал болон мэдүүлгийг хэлэхэд хэн нэгэнд ял өгөх, тэрэнд гэм бурууг тохих гэсэн сэтгэл надад алга. Нд ямар ял оноох нь ч надад сонин биш байна. Хууль, шүүх нь мэднэ биз. Энэ хэрэг үнэнч шударга, монголын хууль шударга байдаг юм гэдгийг харуулах тийм хэмжээнд шийдэгдээсэй гэж би бодсон юм. Өнөөдөр шүүхийн шийдвэр үнэн зөв гарахгүй. Яагаад үнэн зөв шийдвэр гарахгүй гэхээр шүүх хэрэг мөрддөг нотлох баримт цуглуулдаг газар биш, хавтас хэрэгт нэгэнт цугларсан материалын дагуу хэргээ шийдэх ёстой. Тэгэхдээ хавтас хэрэгт цугларсан материалууд бүгд хуурамч, хуулийн шаардлага хангаагүй материалууд байгаа гэдгийг би хэлэх гэсэн юм. Би 650 шахам хоног, 5 прокурор, 5  мөрдөн байцаагч, 2 аймгийн шүүх прокурор, 36 удаа дуудагдаж дахин хэлмэгдлээ. Хамгийн сүүлд прокурорт бичгээр хүсэлт өгсөн боловч одоо хүртэл миний гаргасан хүсэлтийн хариуг надад өгөөгүй. Би энэ хэргийн хохирогчоор өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Улаанбаатар хотод Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс чамайг эрэн сурвалжилж олж ирсэн. Олж ирээд чиний асуудлыг шийдье гээд өр төлбөрөө төлчих гээд учирлаж ярьсан хэлсэн. Хууль яаж шийдэхийг би заахгүй, би ахиад чамд санал гомдолгүй байхгүй ээ гэсэн чи оргоод алга болсон жил хэртэй алга болсон. Энэ хугацаанд чи хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас оргов уу, хэн нэгэнд хахууль өгөөд явчихаад сүүлдээ чи болохоо байгаад эргээд ирэв үү. Энийг үнэнээр нь хэлж өгөөч. Надад одоо үг хэлэх зүйл ч алга, ярих ч юм алга хууль хүчний өмнө сөгддөгийн байна гэдгийг биеэрээ үзлээ. Хавтас хэрэгт байгаа булхайтай луйварчдын асуудлыг би иргэнийхээ хувьд дээд шатны прокурорт гаргах учраас өнөөдрийн шүүх хуралдаанд надад өөр хэлэх зүйл алга...гэжээ.

 

Гэрч Ж.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ“...2017 оны намар Б.Н намайг гэрт байхад ирээд ахаа нэг үхэр зарах хэрэг байна таньдаг хүн байна уу гэсэн, Тэгээд би Зүүнхарааруу яриад малын ченж Зулаа гэдэг хүнийг дуудаж өгсөн. Би Зулаад үхэр зарах хэрэг байна хүрээд ирээч гэхэд орой 16-17 цагийн орчим Зулаа ирсэн,

...Зулаа ирээд манай гэрт Нтэй уулзаад миний хажууд Н Зулаад үхэр зарахаар тохирсон... Тэр жил Н 2 ч удаа над дээр ирээд мөнгөний хэрэг байна үхэр зарах гэсэн юм гэхэд Ш.Мөнхзулыг дуудаж өгсөн...Тэгээд үхэр зарчихаад Н бид 2-г цуг байхад Мөнхзул бэлэн мөнгө тоолоод Нд өгсөн. 600000 төгрөгөөр зарж байсан шиг санаж байна. Би Нийг хувьдаа малтай байсан эсэхийг нь мэдэхгүй. Мөнгөний хэрэг байна үхэр зарах гэсэн юм гэхээр бусдаас авсан эсхүл цалин мөнгөндөө авсан л байх гэж бодсон. Гэгээн цагаан өдөр би Нийг хүний мал хөөж ирнэ гэж яаж мэдэх билээ. Өдрийн цагаар үхэр хөөгөөд ирэхээр нь надад ямар нэгэн сэжиг төрөөгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-60-р хуудас/,

Гэрч Ш.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Б.Нээс мал авч байсан эсэхээ санахгүй байна. Ж.Гбоос 2017 оны намар ямар зүсмийн гэдгийг нь сайн санахгүй байна мухар шүдлэн үхэр худалдаж авч байсан. Ямар им тамгатай байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Би Гб ахаас ер нь мал худалдаж авдаг юм. Би Гб ахад үхэр мал тавьж тэжээлгэдэг учраас Гб ахын малыг зах зээлийн ханшнаас арай өндөр үнээр авдаг юм...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 61-62-р хуудас/,

Гэрч Р.К мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 онд Мандал сумын Үнэгт гэх газар ажиллаж байхдаа Н гэж хүнээс 1 тооны шар толгойтой хонь авч ажлынхаа Дугаржав гэх хүнд өгөөд хонины мөнгө болох 120000 төгрөгийг Дугаржав ах надад өгөхөөр нь би Нд өгч байсан. Өөр хонь мал огт авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /XX-ийн 65-р хуудас/,

Хохирогч С.Чб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“...Манай байгууллагаас 2017 онд малчин авна гэсэн зарын дагуу 2017 оны 09 дүгээр сард Б.Н гэх залуу над дээр ирээд танай байгууллагад малчнаар орох гэсэн юм би өөрөө мал маллаж байсан туршлагатай, эхнэр хүүхэдтэй хүн гэж өөрийгөө танилцуулсан... Тэгээд би Б.Нийг удирдах зөвлөлийн хурлаар оруулж малчнаар авч Мандал сумын Тарни 8-р багт ажиллуулах болсон... Мөн Н ажиллаж байх хугацаандаа усанд унасан, нохойд бариулсан гэх мэтээр тодорхой тооны мал хасуулсан байдаг юм. Гэтэл Н нь Ж.Гб гэх хүнтэй нийлж 1 тооны үхэр 5 тооны ямаа, 2 тооны хонийг хулгайлж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 30- 41-р хуудас/,

 

Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв ТББ-н 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мал тооллогын комиссын актаар үхэр 2, Хонь 3, ямаа 4 дутсан талаарх тэмдэглэл /ХХ-ийн 116-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 87- 88-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 136 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 138-139 дүгээр хуудас/, амьдрах ухаан төвийн ажилтны анкет /ХХ-ийн 150 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь  2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” ТББ-д малчнаар ажиллаж байх хугацаандаа 2 үхэр, 3 хонь, 4 ямаа, хазаар, ногт, бугуйл, чөдөр, эмээл, дуран зэрэг эд зүйлсийг хувьдаа завшиж 3040000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч С.Чбын мөрдөн байцаалтанд өгсөн... Н ажиллаж байх хугацаандаа усанд унасан, нохойд бариулсан гэх мэтээр тодорхой тооны мал хасуулсан байдаг юм. Гэтэл Н нь Ж.Гб гэх хүнтэй нийлж 1 тооны үхэр 5 тооны ямаа, 2 тооны хонийг хулгайлж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-41-р хуудас/, Гэрч Ж.Гбын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны намар Б.Н намайг гэрт байхад ирээд ахаа нэг үхэр зарах хэрэг байна таньдаг хүн байна уу... Мөнхзулыг дуудаж өгсөн...Тэгээд үхэр зарчихаад Н бид 2-г цуг байхад Мөнхзул бэлэн мөнгө тоолоод Нд өгсөн. 600000 төгрөгөөр зарж байсан шиг санаж байна. Би Нийг хувьдаа малтай байсан эсэхийг нь мэдэхгүй. Мөнгөний хэрэг байна үхэр зарах гэсэн юм гэхээр бусдаас авсан эсхүл цалин мөнгөндөө авсан л байх гэж бодсон. Гэгээн цагаан өдөр би Нийг хүний мал хөөж ирнэ гэж яаж мэдэх билээ. Өдрийн цагаар үхэр хөөгөөд ирэхээр нь надад ямар нэгэн сэжиг төрөөгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-60-р хуудас/, Гэрч Р.К мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 онд Мандал сумын Үнэгт гэх газар ажиллаж байхдаа Н гэж хүнээс 1 тооны шар толгойтой хонь авч ажлынхаа Дугаржав гэх хүнд өгөөд хонины мөнгө болох 120000 төгрөгийг Дугаржав ах надад өгөхөөр нь би Нд өгч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 65 дугаар хуудас/, Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв ТББ-н 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мал тооллогын комиссын актаар үхэр 2, Хонь 3, ямаа 4 дутсан талаарх тэмдэглэл /ХХ-ийн 116-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 87- 88-р хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан мал болон эд хөрөнгийг завшиж 3040000 төгрөгийг хохирл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” ТББ-д малчнаар ажиллаж байх хугацаандаа 2 үхэр, 3 хонь, 4 ямаа, хазаар, ногт, бугуйл, чөдөр, эмээл, дуран зэрэг эд зүйлсийг хувьдаа завшиж 3040000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Нд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт авагдсан мөрдөгчийн “эд зүйлийн үнэлгээ хийх” тогтоолоор  томилогдсон “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 3040000 төгрөгний хохирол төлбөрийг Б.Н нь 2330000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж үлдэгдэл 710000 төгрөгийг шүүх хуралдаан дээр хохирогч С.Чбт төлсөн тул уг хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Чб нь шүүгдэгч Б.Нээс 14686330 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхийн шатанд  гаргасан бөгөөд энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэгч С.Чб нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Бат-Очирын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт авагдсан мөрдөгчийн “эд зүйлийн үнэлгээ хийх” тогтоолоор томилогдсон “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 3040000 /гурван сая дөчин мянга/ төгрөгний хохирол төлбөрийг Б.Н нь С.Чбт төлсөн тул уг хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүйг дурьдаж, харин хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Чбын шүүгдэгч Б.Нээс нэхэмжилсэн 14686330 төгрөгний иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

5.Энэ хэрэгт Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнггөгүйг тус тус дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай. 

 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.