Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1167

 

 

 

 

 

 

 

 

2020            11             09                                      2020/ШЦТ/1167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,            

Улсын яллагч Т.О,   

Шүүгдэгч Г.Таа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Т-д холбогдох 2008 00000 1486 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой холооч мэргэжилтэй, Сонгинохайрхан 31-р хороо Дунд нарангийн 4 дүгээр гудамжны 104 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, О овгийн Г-ын Т  /РД:..................../,

Холбогдсон хэргийн талаар :     

Шүүгдэгч Г.Таа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 4 дүгээр гудамжны 104 тоотод байх гэртээ хохирогч Ц.Г-ыг “амьтны хүүхэд хооллож, зөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдах нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугараг баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Таа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 4 дүгээр гудамжны 104 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Ц.Г-ыг “амьтны хүүхэд хооллож, зөөлөө” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /х-ийн 3-7/,

-хохирогч Ц.Г-ын…би Г.Т-тай гэр бүл болоод 18 жилийн хугацаа өнгөрч байна. Бид 2 дундаасаа хоёр хүүхэдтэй. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед намайг ээжийндээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 3 дугаар гудамжны 90 тоотод байхад гаднаас манай  нөхөр Тулгаа согтуу орж ирсэн бөгөөд “Чи өөрсдийнхөө хүүхдүүдийг бага анхаараад, өөр хүний хүүхэд хувцаслаж хооллоод байх юм” гэж хэрүүл өдөөд бид 2 бага зэрэг маргалдсан. Тэгээд Сонгинохайрхан 31 дүгээр хороо Дунд нарангийн 4 дүгээр гудамжнь 104 тоотод байх гэр рүүгээ явсан бөгөөд гэртээ байхад дээрх маргаанаас болж Тулгаа миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход хамраас цус гарсан тул би цагдаагийн байгууллагад хандсан…гэх мэдүүлэг /х-ийн 37-39/,

- шинжээчийн дүгнэлт: Ц.Г-ын биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-14-15/,   

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19-20/,

- шүүгдэгч Г.Т-гийн...2020.10.11-12-нд шилжих шөнө би таксинд явж байгаад гэртээ үүрийн 04 цагт ирээд унтсан бөгөөд өглөө сэртэл эхнэр Гэрэлсувд  өөрийнхөө 2 хүүхдийг үлдээгээд манай хашаанд амьдардаг Баганаа гээд 6 настай хамаатны хүний хүүхдийг хичээлд нь хүргэж өгнө гээд гараад явсан. Тэгэхээр нь би 2 хүүхдээ хичээлд нь хүргэж ирчихээд “хүний хүүхдэд илүү анхаарал тавилаа” гээд бага зэрэг маргалдсан. Гэтэл эхнэр урд байдаг ээжийнхээ гэр рүү явчихаар нь би гэртээ ганцаараа 0,5 л Ерөөл архи уучихаад эхнэрээ авахаар хадам ээжийндээ очтол дахиад л эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд гэртээ эхнэрээ дагуулж ирээд дахиад муудалцаж байгаад би өөрийгөө тэвчилгүй нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохичихсон чинь цус гараад тогтохгүй байсан ба эхнэр цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-29-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.           

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрчээ.     

Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.               

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй байх, эвлэрсэн болохоо илэрхийлсэн /хх-61, 65/, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд 100.000 төгрөг зарцуулсан тухай мэдүүлсэн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, хувьда автомашинтай зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт цугларсан /х-40, 47-50, 53-60/ байна.       

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

     

1. Шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.Т-д мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус тус дурдсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР