| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1131/Э |
| Дугаар | 1171 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 1171
2020 11 10 2020/ШЦТ/1171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
Улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Тэмүүжинд холбогдох 2008 02401 1296 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Стандарт холдинг ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум 4 дүгээр баг Баян шар дов 6 дугаар гудамжны 18 тоотод байнга оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Түвшин-Өргөө хотхоны 305-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. Бүрэгхангай овогт Энхбаатарын Тэмүүжин /РД: УУ89100113/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Тэмүүжин нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 06-гаас 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стандарт Холдинг ХХК-ний хашаанд Б.Пүрэвдоржийг “ажлаас хоцорлоо” гэх шалтгаанаар заамдаж, баруун нүд рүү цохиж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Э.Тэмүүжин 2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Стандарт Холдинг ХХК-ийн хашаанд хохирогч Б.Пүрэвдоржийг “ажлаас хоцорлоо гэх” шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь :
- гомдол мэдээлэл хүлээж авсан тухай /х-ийн 1-2/,
- хохирогч Б.Пүрэвдоржийн “...2020.07.26-ны өглөө 10 цаг 55 минутад ажил дээр ирсэн чинь Тэмүүжин ах ажлаас хоцорлоо “машинаас буугаад ир” гээд дуудахаар нь очтол “чи байнга ажлаас хоцорч, худлаа ярьж таслах юм аа” гэхээр нь “та одоо юундаа уурлаад байгаа юм бэ ?, ажил эхлэх болоогүй байна” гэж хэлтэл “чи миний ажлыг мэддэг юм уу гэж хэлээд дайрахаар нь би зугтаасан чинь араас гүйж ирээд гараараа баруун нүд орчимд нэг удаа цохих үед би манараад түүнийг гараараа цааш түлхээд доошоо тонгойх үед дундуур Цэцэгмаа орж ирээд Тэмүүжинг “та болиоч” гээд салгасан. Би түүнийг цохиж, гар хүрсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- 4, 35/,
- шинжээчийн дүгнэлт:...Б.Пүрэвдоржийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 21-22/,
- гэрч Д.Цэцэгмаагийн:...Тухайн үед Тэмүүжин нь Пүрэвдоржийг цагтаа ирсэнгүй гэх шалтгаанаар уурлаж загнаж байгаад нүүрэнд нь гараараа 1-2 удаа цохиод авсан, Пүрэвдорж нь Тэмүүжинг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-39/,
- гэрч Н.Наранчимэгийн“... Манай нөхөр Тэмүүжин 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөө ажлын газрын залуутай маргалдаж байгаад түүнийг цохичихсон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 41/,
- шүүгдэгч Э.Тэмүүжин:...2020 оны 07 дугаар сарын 25-ны орой ажил тарах үед маргааш өглөө 04:00 цагт ажил цуглана шүү гэж хэлж захиад тараасан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өглөө болзсон цагтаа ажилтан Пүрэвдорж түүний найз эмэгтэй Цэцэгмаа нар ирээгүй байж байгаад хоёр цагийн дараа 06:00 цаг өнгөрч байхад хамт ирсэн. Тэгэхээр нь би уурлаж чи хэдэн цагт ирж байгаа юм гэж хэлтэл өөдөөс хэдэрлээд тэгээд ажил эхлээгүй л байгаа биз дээ гээд байхаар нь би уурлаж хоёр гараараа Пүрэвдоржийг заамдаж аваад зүүн гараараа баруун нүд орчимд нэг удаа цохисон чинь дундуур Цэцэгмаа орж ирээд салгасан тэр үед миний зүүн дээд нэг шүд эмтэрчихсэн байсан ийм л юм болсон гэх мэдүүлэг /хх-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Э.Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-35, 82/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 300.000 мянган төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь 31 настай, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эд хөрөнгө, орлоготой, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-ийн 44, 45-59, 70/ байгааг шалгасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүжинг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.Тэмүүжинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүжинг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тэмүүжинд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Тэмүүжинд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Г.ГАНБААТАР