Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 147

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ц.Мө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овгийн Цэгийн Мөд холбогдох 2028002300164 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бо овгийн Ц-н Мө, регистрийн дугаар 

Шүүгдэгч Ц.Мө нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед ӨМЭ улсын дугаартай “Toyota pruis” загварын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4б, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 42 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай О.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 08 дугаар сарын 28-ны өглөө нөхөр хүүхдээ аваад, хоёр ихрийн нэгнийг нь эмээтэй нь хамт үлдээгээд, хүүхдүүдээ аваад явж байсан. Нөхрийн нойр нь хүрээд байх шиг байхаар нь чи жоохон амарчих, би түр бариад явъя гэж хэлсэн. Хавцгайтын эхэн хавьцаа ирж байсан. Манай бага охин уйлаад байхаар нь хоёр хүүгээ дүүгээ аваад утсаараа тоглуулаад байж бай гэж хэлээд хажуу тийшээ харахад шороо руу орж байсан. Машины бөгс шарвах шиг болсон, нэг мэдэхэд аваарт орсон байсан. Нөхөр рүүгээ хүүхдүүд хайччихав гэж хэлсэн. Манай бага охин хажуу талын суудлын доогуур орсон байсан. Гадаа гараад харахад манай том хүү хол шидэгдсэн байсан. Талийгаачийг харахад машины хойд талын дугуйнд хөл нь дарагдчихсан, би очоод миний хүү сэрээрэй гэхэд бага охин айгаад орилоод байсан. Нөхөр чи хүүхдээ аваад цаашаа явж бай, гайгүй гэж хэлсэн. Машинаас данхраад аваад хүүгийнхээ хөлийг гаргаад дээлний дээр тавьсан. Фургон ирж байхаар нь зогсоогоод эхлээд хөдөө гэр рүүгээ хэл өгсөн. Дараа нь цагдаа, эмнэлэг хоёр дуудаад өгөөч гэж хэлсэн. Би өөрийнхөө буруутай үйлдлээс болж үр хүүхдээ алдлаа. Буруу зүйл хийсэндээ гэр бүлийнхнээсээ уучлалт гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мө нь нялх буюу хоёр настай хүүхэдтэй, унаж татдаг өвчтэй хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний төрсөн дүү Д.Бо 2020 онд Улсын аварга малчин болсон юм. Улсын аварга малчин цолоо угаах наадмыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутагт хийсэн. Би наадамд 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой дүү Мөнхсайханы хамтаар явсан. Манай охин Мө нөхөр, хүүхдүүдийн хамтаар өөрийн машинаар явцгаасан. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед манай охин Мө, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймаг руу өөрийн машинаар явсан. Нэг их удаагүй байхад манай дүү нар осол гарсан байна хурдан явцгаая гээд би дүүгийнхээ машинд суугаад яваад осол гарсан газарт ирэхэд манай хүргэн Отгонхүү машиныхаа хажууд байж байсан. Миний зээ хүү О. нас барчихсан. Машин нь онхолдоод боссон байдалтай байсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Ө.От мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэрийн эгч Болгийн гэр бүл Улсын сайн малчин болсон. Улсын сайн малчны наадмыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баяндалай сумын Наран багийн нутаг “Чандмань” гэх газар хийсэн. 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө найр болох газарт гэр бүлийн хамтаар миний нэр дээр бүртгэлтэй “Приус-11” загварын машинаар очсон. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бид найранд суугаад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед Баяндалай сумын Наран багийн нутгаас аймаг руу гарсан. Хөдөөнөөс гарахдаа би машинаа унаад явсан. Засмал зам дөхөж явахад манай эхнэр би машинаа барья чи жаахан амраадах гэхээр нь би зогсоод машинаа эхнэртээ өгөөд би өөрөө хажуу талын суудалд суугаад явсан. Манай 3 хүүхэд арын суудалд гар утсаар тоглоод явсан. Би засмал зам дээр гараад сандлаа жаахан хойшлуулаад зүүрмэглээд явж байхад гэнэт түжигнээд явчихсан. Тэгсэн онхолдчихсон байсан ба би машинаас буухад манай том хүү Ба машины ард талд нэлээд хол шидэгдсэн байхаар нь би очоод хүүгээ яаж байна миний хүү хөдөлж болохгүй шүү гэж хэлсэн. Бага хүү дээрээ очиход миний хүүгийн хөл нь дарагдчихсан байхаар нь машинаас данхраад аваад данхраадаад хүүгийнхээ хөлийг гаргаж авахад миний хүү нас барчихсан байсан. Хүүгээ өөрийн дээлэндээ боогоод тэнд нь орхиод эхнэр хүүхдээ замын унаанд суулгаж явуулаад би өөрөө хэргийн газар 2 хүүгийн хамтаар үлдсэн. Тэгээд байж байхад эмнэлгийн машин аймгаас ирээд манай бага хүү Быг үзээд нас барсан байна гэж хэлээд миний хүү Бат эмнэлэг рүү аваад яваад явсан. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Даланзадгад сумаас Баяндалай сум явах засмал замын 42 дахь километр газарт осолд орсон машинтай хүмүүстэй таарсан уг осол дээр очиход цээж нүцгэн нэг залуу байсан хажууд нь цэнхэр өнгийн “Фургон” машин ирчихсэн байсан. Тэр Фургонтой хүн рүү хүүхэд тэвэрсэн хүүхэн очиж байсан. Би ослын хажууд зогсоод нэг залуутай уулзсан. Тэр залуу намайг эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Ослын газарт очиход мөнгөлөг саарал өнгийн “Приус” машин осолд орсон байдалтай замын хажуугаар машины эд хогшил нь бутарсан байдалтай байсан. Машины урд талд нь 10 орчим настай эрэгтэй хүүхэд уйлаад босч чадахгүй байгаа байдалтай байсан. Машины цаад талд буюу хойд дугуйн хавьд нэг хүүхэд бүтээсэн байх шиг хөл нь харагдаж байсан. Нэг эмэгтэй хүн жоохон хүүхэд тэврээд зам дээр зогсож байгаа Фургон машинтай хүнтэй уулзах гэж байгаа байдалтай явж байсан. Нэг эрэгтэй хүн нь шокны байдалтай надтай ирж уулзсан”. /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач О.Б цогцост дагзны хуйхны цус хуралт, гавлын орой, суурь, баруун, зүүн чамархай ясны хугарал, уушгины эдийн няцрал, зүүн хацарт шарх, баруун, зүүн хацар, эрүү, дух, баруун чих, баруун нүдний доод зовхи, цээж, хэвлий, баруун эгэм, шуу, сарвуу өлмий зүүн бугуй, гуя өлмийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 904 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: Кузов дан эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 800,000 төгрөг, багажны таг эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 80,000 төгрөг, салхины шил /урд/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 140,000 төгрөг, салхины шил /хойд/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 120,000 төгрөг, хаалга /зүүн хойд/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг, гэрэл /зүүн хойд/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 90,000 төгрөг, толь /баруун/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 90,000 төгрөг, борооны хаалт 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг, буфер хойд эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 40,000 төгрөг, буфер урд эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 35,000 төгрөг, будах зардал үнэлгээ 600,000 төгрөг, эд анги солих үнэлгээ 400,000 төгрөг, шууд зардлын дүн 2,515,000 төгрөг, 700 грамм будаг, тус-мат, лак эвдрэлийн зэрэг өнгө гаргах үнэлгээ 140,000 төгрөг, тэнхлэг шалгуулах үнэлгээ 20,000 төгрөг, шууд бус зардлын дүн үнэлгээ 160,000 төгрөг, нийт дүн 2,675,000 төгрөгөөр тогтоов гэжээ. /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20/10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилийн хэмжилт, зүүн гар талын их гэрлийн тусгалын хэмжилтүүд, дугуйн хээний гүний хэмжээсүүд стандартын шаардлага хангаж байна. Автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд урд буфер зүүн гар талын булан хэсэгтээ бага зэрэг будаг халцарсан, баруун гар талын урд крыло хонхойсон, баруун га талын толь сууриараа хугарсан, баруун гар талын урд хаалга урд хэсгээрээ хуниралдсан, баруун хойд крыло хонхойсон, баруун гар талын хойд багана хонхойсон, арын салхи шил хагарсан, арын тээшний таг гажсан, баруун гар талын хойд гэрэл цацруулагч дээд хэсгээрээ бага зэрэг хагарсан, зүүн гар талын крыло хонхойсон, зүүн гар талын хойд багана хонхойж, дээвэр пөмбийсөн, зүүн гар талын хойд талын гэрэл цацруулагч хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, урд хоёр амортизатор гулзайсан, баруун гар талын хойд дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны систем, явах эд анги зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Урд буфер зүүн гар талын булан хэсэгтээ бага зэрэг будаг халцарсан, баруун гар талын урд крыло хонхойсон, баруун гар талын толь сууриараа хугарсан, баруун гар талын урд хаалга урд хэсгээрээ хуниралдсан, баруун хойд крыло хонхойсон, баруун гар талын хойд багана хонхойсон, арын салхины шил хагарсан, арын тээшний таг гажсан, баруун гар талын хойд гэрэл цацрууулагч дээд хэсгээрээ бага зэрэг хагарсан, зүүн гар талын крыло хонхойсон, зүүн гар талын хойд багана хонхойж, дээвэр пөмбийсөн, зүүн гар талын хойд талын гэрэл цацруулагч хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, урд хоёр амортизатор гулзайсан, баруун гар талын хойд дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгслийн дугуйнууд нь хагарсан эвдрэл гэмтэлгүй байна. Дугуйнд хагарал  гэмтэл учирсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Тухайн зам тээврийн ослын улмаас уг автотээврийн хэрэгслийн зүүн гар талын урд дугуйн хүйтэн хошуу тасарсан байна. /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёото приүс загварын 07-15 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагш чиглэн явсан  Цэ овогтой Мө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан ... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчиж, автомашин замаас гарч аюултай байдал үүсэх үед зогсоож чадаагүй байна. Мөн дүрмийн 3.4б дэх хэсэгт заасан ...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр, зам үүсээгүй байх тул 07-15 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Цэ овогтой Мө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Toyota Pruis загварын 07-15 ӨМЭ улсын дугаартай автомашины эзэмшигч Ө.Отгонхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн б/-д заасан ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ... ...хүнд жолоогоо шилжүүлэх... гэсэн заалтыг зөрчиж эхнэр Ц.Мөд жолоогоо шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай эхийн төрсөн дүү Болортуяагийн гэр бүл буюу Чулуун-Арилдах ахыг энэ жил буюу 2020 онд Монгол Улсын аварга малчин болсон. Улсын аварга малчны мялаалга наадмыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баяндалай сумын Наран багийн нутаг Чандмань гэх газар хийхээр болж манай гэр бүлд урилга ирүүлсэн. Бидэнд урилга ирүүлсэн учир Улсын аварга малчны наадамд оролцохоор 2020 оны 8 дугаар сарын 26-ны орой Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багт байх Чулуун-Арилдах ахын гэр рүү гэр бүлийн хамтаар манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Приус-11” загварын машинаар явж очсон. Мялаалга наадам 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болоод бид нар найранд сууж наадам үзсэн. 2020 оны 08 дугаар сарын 27-ны орой наадам дууссан.  ...Манай гэр бүлийн хувьд тэндээ хоноод 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед Баяндалай сумын Наран багаас аймаг руу гарсан. Манай машинд нөхөр Отгонхүү, том хүү Батшагай, бага хүү Б, бага охин Ундрахбаярыг тэврээд явсан. Манай 2 хүү ард суугаад явсан. Засмал зам орох гэж байхад би машин барьмаар санагдаад би машин барьж явья чи хажууд амраад яв гэхэд нөхөр зогсоод надад машинаа өгөөд зөөлөн яваарай гэж хэлсэн. Нөхөр хажууд суугаад 3 хүүхдээ ард суулгаад явсан. Манай 3 хүүхэд арын суудалд гар утсаараа тоглоод явж байсан. Би засмал замд гараад хөтөл даваад явж байхад манай охин Ундрахбаяр голд зогсоод явж байхаар нь 2 ахад нь хандаад дүүдээ утсаа өгөөрэй гэж хэлээд эргэж харахад машин засмал замын баруун тал руу гараад шороон дээр явах чимээ гарсан тэгэхээр нь би буцаагаад дарсан чинь машины бөгс сонин болиод явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд онхолдчихсон байсан. Тэгээд юу болов гэтэл нөхөр бид хоёр машин дотор сууж байсан. Би хүүхдүүд хаана байна орилсон чинь манай охин Ундрахбаяр машин дотор 2 суудлын голд хэвтэж байсан. Би машинаас буугаад охиноо тэврээд 2 хүүгээ хайсан чинь том хүү машины урд талд шороон дээр хэвтэж байсан ба би хүү дээр очоод эргээд харсан чинь манай бага хүү машины баруун хойд талын дугуйнд хөл нь дарагдчихсан байдалтай ухаангүй, хамраас нь цус гараад байж байсан. Би хүү дээр очоод миний хүү сэрээрэй гээд дуудсан боловч сэрээгүй, тэр үед манай нөхөр машинаас данхраад аваад машинаа данхраадаад хүүгийнхээ хөлийг гаргаж аваад өөрийнхөө дээлэн дээр тавьсан. Тухайн үед миний хүү нас барчихсан юм шиг байсан. Тэгж байхад Фургон машинтай хүн явж байсныг манай нөхөр зогсоогоод би жолооч ахын утсыг гуйж хөдөө гэр рүү хэл өгөөд дараагаар нь тэр ахыг цагдаа, түргэнд дуудлага өгөөдөх гэж хэлээд явуулсан. Манай нөхөр бага охиноо аваад эмнэлэг яв гээд байсан. Тэгээд нэг жип машин ирэхээр нь зогсоогоод би бага охиноо аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт ирээд хүүхдээ үзүүлсэн. /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-06, 08-20 дугаар хуудас/,

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-30 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Мөын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Мө нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 11 цагийн үед 07-15 ӨМЭ улсын дугаартай “Toyota pruis” загварын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4б, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 42 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай О.Бын амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Мөыг Авто тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэмж нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мөын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг зэргээ тууштай мэдүүлсээр ирсэн. Гэмт хэргийн улмаас төрсөн хүүхдээ алдсан. Оршуулгын зардал, авто машины эвдрэлийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, машины эзэмшигч нөхрийн хувьд бид нарын дундын өмч гэж нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Мө нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч Ц.Мө нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед 07-15 ӨМЭ улсын дугаартай “Toyota pruis” загварын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 3.4б-д заасан “...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах чиглэлийн засмал замын 42 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай О.Бын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын “...Нэг их удаагүй байхад манай дүү нар осол гарсан байна хурдан явцгаая гээд би дүүгийнхээ машинд суугаад яваад осол гарсан газарт ирэхэд манай хүргэн Отгонхүү машиныхаа хажууд байж байсан. Миний зээ хүү О.Б нас барчихсан”,  /хх- 32-33/, гэрч Ө.Отгонхүүгийн “...Хөдөөнөөс гарахдаа би машинаа унаад явсан. Засмал зам дөхөж явахад манай эхнэр би машинаа барья чи жаахан амраадах гэхээр нь би зогсоод машинаа эхнэртээ өгөөд би өөрөө хажуу талын суудалд суугаад явсан. Манай 3 хүүхэд арын суудалд гар утсаар тоглоод явсан. Би засмал зам дээр гараад сандлаа жаахан хойшлуулаад зүүрмэглээд явж байхад гэнэт түжигнээд явчихсан. Тэгсэн онхолдчихсон байсан ба би машинаас буухад манай том хүү Батшагай машины ард талд нэлээд хол шидэгдсэн байхаар нь би очоод ...миний хүү хөдөлж болохгүй шүү гэж хэлсэн. Бага хүү дээрээ очиход миний хүүгийн хөл нь дарагдчихсан байхаар нь машинаас данхраад аваад данхраадаад хүүгийнхээ хөлийг гаргаж авахад миний хүү нас барчихсан байсан...”, /хх-36-37/, гэрч Б.Мөнхтуяагийн “...Би ослын хажууд зогсоод нэг залуутай уулзсан. Тэр залуу намайг эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Ослын газарт очиход мөнгөлөг саарал өнгийн “Приус” машин осолд орсон байдалтай замын хажуугаар машины эд хогшил нь бутарсан байдалтай байсан. Машины урд талд нь 10 орчим настай эрэгтэй хүүхэд уйлаад босож чадахгүй байгаа байдалтай байсан. Машины цаад талд буюу хойд дугуйн хавьд нэг хүүхэд бүтээсэн байх шиг хөл нь харагдаж байсан. Нэг эмэгтэй хүн жоохон хүүхэд тэврээд зам дээр зогсож байгаа Фургон машинтай хүнтэй уулзах гэж байгаа байдалтай явж байсан. Нэг эрэгтэй хүн нь шокны байдалтай надтай ирж уулзсан”, /хх-38/, гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн талийгаач О.Бын цогцост дагзны хуйхны цус хуралт, гавлын орой, суурь, баруун, зүүн чамархай ясны хугарал, уушгины эдийн няцрал, зүүн хацарт шарх, баруун, зүүн хацар, эрүү, дух, баруун чих, баруун нүдний доод зовхи, цээж, хэвлий, баруун эгэм, шуу, сарвуу өлмий зүүн бугуй, гуя өлмийд цус хуралт гэмтэл учирч, талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 904 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20/10 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд зааснаар хүн бүр амьд явах эрхтэй ба Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглохоор хуульчилсан бөгөөд энэхүү хүний амьд явах эрхэд халдсаны улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл шалтгаалан Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчилж гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Ц.Мө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4б, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай О.Бын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул энэ талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Мө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд түүнд жолоогоо шилжүүлсэн нөхөр Ө.д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ц.Мөын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай О.Бын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Д.Нын зүгээс оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мөыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 5 настай Бын амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр гарах хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлсэн. Энэ байдалдаа гэмшиж харамсаж байгаа талаараа мэдүүлдэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хувийн байдлын хувьд ам бүл тавуулаа, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага насны 3 хүүхэдтэй, гэрээр хүүхдүүдээ асардаг. Нөхөр нь ажил хийж ам бүлээ тэжээдэг.  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүүгийн хувьд өвчний улмаас эмчлүүлдэг ба мэдрэлийн гаралтай унаж татдаг өвчтэй хүүхдээ асардаг. Хөхүүл хүүхэдтэй,  алдарт эхийн одонтой зэрэг хувийн байдал нь ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд анхаарч үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах ялтай, хорих ялтай хөнгөн хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах шүүхийн шийдвэрийг хойшлуулах нөхцөл байдал харагдаж байна. Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно гэх заалтад хамаарах үндэслэлтэй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Мө нь санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм харамсалтай хэрэг гаргасандаа харамсаж байна. Надад нэг удаа итгэл хүлээлгэж хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Ц.Мөын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 89 дүгээр хуудас/ гэснээр нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Мө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Мөыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Мөын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл байхаар заасан нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Мөын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Мө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгохоор заасан тул түүнийг жолооч гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч Ц.Мөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно. Ийнхүү шүүгдэгч Ц.Мөын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Мө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бага насны 3 хүүхэдтэй /2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Батшагай, М.Шагайхүү, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин О.Ундрахбаяр/ болох нь хавтаст хэргийн 81, 83 дугаар хуудсанд авагдсан  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул дээрх хуульд заасан гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэргийн улмаас төрсөн хүү О.Бын амь нас хохирсноос гадна эд хөрөнгийн хохирол учирсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Мө нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй юм.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.Мө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бо овгийн Цэгийн Мөыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ц.Мө санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Мө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Мө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Мөын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ВОЛОДЯ