Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 0072

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч  Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монел 21-480Б тоотод оршин байрлах Гоёот-Ухаа ХХК-ийн  нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 17-3 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Эрдэнэцогтын Батдоржид /РД:ТГ-/ холбогдох тээвэрлэлтийн хөлс 11.719. 110  тухай иргэний  хэргийг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Э.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч Т.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Цэнд-Аюуш нар  оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

 “Гоёот-Ухаа” ХХК нь өөрийн эзэмшлийн 8544УБК, 6703УБК, 6180УБЕ, 7761УГЕ улсын дугаартай Howo маркийн автомашинуудыг “Гэрэлт хос болор” компанийн нэрийн өмнөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэр компанид тээвэрлэлтийн ажилд явуулж 3926 тонн төмрийн баяжмал тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компанийн автомашин 3926 тонн төмрийн хүдэр тээвэрлэсэн ажлын хөлс болох 11 719 110 төгрөгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ашиглалтын инженер ажил дууссаны дараа авах ёстой гэж хэлсэн ба 457004459 тоот дансаар дамжуулан “Гэрэлт хос болор” ХХК-иас 2016 оны 12 сарын 7 ны өдөр шилжүүлэн авсан байдаг. ”Гэрэлт хос болор” компани тээврийн зардал гэсэн гүйлгээний утгатай Э.Батдоржийн данс руу шилжүүлсэн байдаг. Манай компани “Гэрэлт хос болор” компанитай тохиролцож дөрвөн автомашинаар тээвэрлэлт хийлгэсэн. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ашиглалтын инженертэй зуучлалын гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй.

Зуучлалын хөлс төлнө гэсэн амлалт өгөөгүй. Манай компани нь тээвэр хийж гүйцэтгэсэн болохыг нотлох баримт бол “Гэрэлт хос болор”ХХК-ийн албан бичиг, болон пүүний бичгүүдээр нотлогдоно. Тиймээс манай компанийн ажлын хөлс болох 11 719 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч  Э.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 “Гоёот-Ухаа” ХХК, “Гэрэлт хос болор” ХХК нь хоорондоо ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн юм байгаагүй. Т.Сүхбаатар надтай яриад манай компанийн 2 машин байгаа юм. Ажил олоод өгөөч гэж хүссэнийх нь дагуу би “Гэрэлт хос болор” ХХК-ийн нягтлан Жавзмаа гэдэг хүнтэй яриад оруулж өгөхөөр болсон. Тэгээд сүүлд нь ерөөсөө 4 машинаа явуулъя гэж тохиролцоод Жавзмаа гэдэг хүнээс 4 машин явуулвал болох уу? гэсэн чинь найдвартай юм бол явуулъя гэж хэлсэн. Тэгээд ажлын хөлс болох мөнгөнөөсөө өмнө нь Сүхбаатарт өгсөн 400 000 төгрөгийг хасаад 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараахан нь “Гоёот-Ухаа” ХХК-ийн захирал гэдэг хүн над руу яриад наад мөнгө чинь миний дансанд орох ёстой мөнгө. Чи яахаараа Т.Сүхбаатарт өгдөг юм бэ? гэж ярьсан. Тэгэхээр нь би анхнаасаа би Т.Сүхбаатартай л ярьсан гэдгээ хэлсэн. 4 машиныг  ажилд зуучилж тонн км-ийг 2100 төгрөгөөр бодож 2100 төгрөгнөөс илүү гарсан мөнгийг би зуучлалын хөлс болгож, ярьж тохирсон хүмүүстэйгээ хувааж авахаар Т.Сүхбаатартай ч тохирсон юм гэв. Би Т.Сүхбаатар гэдэг хүнтэй ярихад алтны уурхайн тээврийн компанид жолоочоор ажиллаж байгаа юм. Манай компанийн ажил нь өвөл зогсдог юм. Тэр үеэрээ манай дарга нар та нар өөрсдөө ажил олж хийж болно. Тухайн үедээ та нар өөрсдөө хэдэн төгрөгний цалин хөлстэй яаж явах нь хамаагүй. Техникийнхээ эвдрэл гэмтлийг өөрсдөө хариуцаад яв. Жолооч нараа цалин хөлстэй байлгаж байвал болно гэж хэлсэн. “Гэрэлт хос болор” ХХК-ийн арван машинаас дөрөв нь л явж байна. Бусад нь зогссон байна гэж байсан. Сүхбаатар машинд ажил олж өгөх боломж байна уу? гээд ярихаар нь би “Гэрэлт хос болор” ХХК-ийн ерөнхий нягтлан Жавзмаа гэдэг хүнтэй уулзаад дөрвөн машиныг нь ажиллуулах болсон юм. Жавзмаа гэдэг хүн миний дансруу сүүлд нь мөнгө хийсэн. Учир нь би өөрөө уулзаж зуучилсан юм. Тэгээд би эхнээсээ “Гоёот-Ухаа” ХХК-ийн жолооч Сүхбаатар гэж энэ хүнтэй ярьсан байсан болохоор энэ хүний дансруу 8 000 000 /найман сая/ төгрөг бэлнээр шилжүүлээд, дараа нь гурав хоногийн дараа “Гоёот-Ухаа”ХХК-ийн захирал нь надруу яриад яахаараа өөр хүний данс руу мөнгө хийдэг юм бэ? гэж ярьсан. Би энэ Сүхбаатар гээд жолоочтой тохироод өгсөн. Т.Сүхбаатартай ярихгүй юу? Танай жолооч биз дээ? гэхэд жолооч ямар хамаатай юм. Миний дансанд дутуу мөнгө орсон байна. Би бүтнээр нь авах ёстой Энэ чинь миний авах ёстой мөнгө гэсэн. Тэгээд намайг Дарханд цагдаагийн эдийн засгийн байцаагч гэж хүн дээр аваачсан. Би санхүүгийн баримт, дансны хуулга үзүүлээд  учир байдлаа хэлэхэд “Гоёот-Ухаа” ХХК та хоёр ямар ч хамааралгүй юм байна гээд “Гоёот-Ухаа”ХХК-ийн захирал нь жолоочтойгоо учраа олчихвол болчих юм байна. Гээд намайг явуулж байсан юм. Тэгээд сая 12 дугаар сард энд дуудагдсан. Би дансаар нь 8.000.000 /найман сая/  төгрөг шилжүүлсэн хуулга хэрэгт хавсаргасан байгаа. Би тухайн үед Сүхбаатартай 2100 /хоёр мянга нэг зуу/ төгрөгөөр тооцож байсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Гоёот-Ухаа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хамтран ажиллах гэрээ, авто тээврийн улсын бүртгэлийн лавлагаа, пүүний баримтууд, дансны хуулгууд, итгэмжлэл зэрэг бичмэл баримтыг  уншин сонсгож шинжлэн судлав.                                        

ҮНДЭСЛЭХ  нь :

            “Гоёот ухаа” ХХК нь Э.Батдоржоос  өөрийн компанийн 85-34УБК, 67-03УБК, 61-81УБИ, улсын дугаартай Howo маркийн автомашинууд, 75-61УБИ улсын дугаартай SINOTRUK маркийн автомашинуудаар Дархан  төмөрлөгийн үйлдвэрт төмөрийн баяжмал тээвэрлэсэн тээвэрлэлтийн хөлс 11 719 110 төгрөгийг хариуцагч Э.Батдорж өөрийн дансаар үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэн  түүнээс нэхэмжилж байна.

             Хариуцагч Э.Батдорж  нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа болно.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

           “Гоёот ухаа” ХХК-ийн 85-34УБК, 67-03УБК, 61-81УБИ, улсын дугаартай Howo маркийн автомашинууд, 75-61 УБИ улсын дугаартай SINOTRUK маркийн автомашинууд 2015 оны 12 дугаар сарын 19,24,25-ны өдрүүдэд Гэрэлт хос болор ХХК-ийн нэр дээр Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-д 3926 тн  төмрийн баяжмал тээвэрлэсэн нь зохигчийн тайлбар, пүүний бичи г/х.х-ийн 18-24рт/  зэргээр  нотлогдож, дээрх  тээвэрлэлтийн хөлс 11.719.000 төгрөгийг “Гэрэлт хос болор” ХХК хариуцагч Э.Батдоржийн хувийн данс руу хийж үүнээс Э.Батдорж 3.719.000 төгрөгийг авч үлдэн  8000.000 төгрөгийг иргэн Т.Сүхбаатарын данс руу шилжүүлжээ /х.х-ийн 37,38-рт/

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Батдорж иргэн Т.Сүхбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба гэрч шүүх хуралдаанд “Би “Гоёот-Ухаа” компанид энэ тээвэрлэлт хийхээсээ өмнө 2 сар ажиллаж байсан. Дарханд тээвэрлэлтийн ажил байна гэж даргатайгаа ярьсан. Өвөл ажилгүй байгаа юм чинь тэнд очоод явчих уу? гэсэн чинь дарга тэг тэг 2 машин аваад явахгүй юу гэсэн. Дараа нь ахиад машин нэмэхээр бол нэмчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь 4 машин ажилд явуулсан. Хөлсөө 1 тонн километрийг 2100 төгрөгөөр тооцох юм байна гэсэн чинь болно. Та нар өөрсдөө хөлсөө аваад явна биз. Энэ машинууд лизингтэй байгаа. Компанидаа тодорхой хувь өгөөрэй гэж байсан. Тэгээд энэ машинуудыг авч ажиллуулсан юм 4 машин авч гарсан. 1 тонн километрийг нь 2100 төгрөгөөр тохирсон. Дарга мэдэж байгаа. Чи өөрөө эвдрэл гэмтлээ даагаад явчих. Бүгд даатгалтай лизингтэй машин байгаа гэж байсан гэв. “Гэрэлт хос болор” ХХК-тай танай компанийн захирал өөрөө уулзаж энэ 4 машиныг оруулаагүй би Э.Батдорж гэдэг хүнтэй ярьж оруулсан.  Манай компани тухайн үед цалингаа өгөөгүй байсан. Э.Батдоржоос 400 000 төгрөг авсан тэрийгээ суутгаад 8 000 000 төгрөг өгсөн. Э.Батдорж манай даргыг мэдэхгүй. Даргатай утсаар ч ярьж байгаагүй. Тийм учраас Э.Батдорж миний данс руу мөнгө хийгээд би дарга руу мөнгө хийх ёстой байсан. Дарга бас мэдэж байсан. Даргатай яриад ийм хэмжээний мөнгө орж ирлээ. Миний  банкны лизингд  хэдэн төгрөгийг нь авчихлаа. Энэ мөнгийг эхлээд тань руу шилжүүлчих үү? гэхэд ийм дутуу мөнгө  авахгүй. Тийм юм байхгүй. Би бүтнээр нь авна гээд уурлаад утсаа тасалсан. Алтансүх захиралтай л би Э.Батдорж гэдэг хүн ажилд оруулаад өгье гэж байна. Тонн км-ийг 2100 төгрөгөөр гэж байна гээд тохироод явсан гэв.

 Энэ мөнгө миний дансанд байж байгаад би бизнесс рүүгээ оруулчихсан байгаа. Захирал би 2100 төгрөгөөр тооцож авахгүй, 2800 төгрөгөөр нь бодож авна гэсэн. Тэгэхээр нь та өөрөө анх тохирчихоод яагаад байгаа юм бэ? гэсэн чинь наад хүмүүст чинь ингэж идүүлэхгүй гэсэн. Би тэр мөнгийг өгөх боломжтой” гэж мэдүүлсэн болно.

            Дээр үйл баримтуудад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            “Гоёот ухаа” ХХК-ийн 85-34УБК, 67-03УБК, 61-81УБИ, улсын дугаартай Howo маркийн автомашинууд, 75-61 УБИ улсын дугаартай SINOTRUK маркийн автомашинууд 2015 оны 12 дугаар сарын 19,24,25-ны өдрүүдэд Гэрэлт хос болор ХХК-ийн нэр дээр Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-д 3926 тн  төмрийн баяжмал тээвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Гоёот ухаа ХХК нь Гэрэлт хос болор ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-уудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй, мөн хариуцагч Э.Батдоржтой гэрээ, хэлцэл байгуулагдаж тээвэрлэлтийн хөлс төлөх үүрэг үүсээгүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.Батдоржийг үндэслэлгүй гээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа ба  иргэн Э.Батдорж нь Гоёот ухаа ХХК-ийн жолооч гэрч Т.Сүхбаатартай харилцан тохиролцож “Гоёот ухаа” ХХК-ийн 4 машиныг 1 тн км-ийг 2100 төгрөгөөр тооцон 3926 тн төмрийн баяжмалыг тээвэрлэсний хөлсөнд /урд зээлсэн төгрөгийг тооцон хасаж/ 8000.000 төгрөг жолооч Т.Сүхбаатарт  үүрэг ёсоор шилжүүлсэн /3926х 2100=8244600/ байх ба “Гоёот ухаа” ХХК нь 1 тн км-ийг 2100 төгрөгөөр тохиролцон тал дээр маргаагүй өөр нотлох баримт гаргаж үгүйсгээгүй тул Э.Батдоржийг үндэслэлгүй хөрөнгөжиж тохиролцсоноосоо илүү хөлс авсан гэж үзэх үндэслэлгүй байна.”Гоёот ухаа” ХХК-ийн жолооч гэрч Сүхбаатар нь тээвэрлэлтийн хөлс 8000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч байна. 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Гоёот ухаа” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  203.000 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь  зүйтэй гэж үзлээ.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                    

ТОГТООХ  нь :

            1.Монгол улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүй тул Гоёот-Ухаа ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Батдоржид холбогдох тээвэрлэлтийн хөлс 11.719.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Гоёот ухаа”ХХК-ийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА