Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 268

 

                                                          Ц.Ц-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Буяндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ц-д холбогдох эрүүгийн 201701070091 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигин овогт Ц-н Ц-, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Багануур” ХК-д ажиллаж байсан, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Багануур дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Ц.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 07 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 17 тоотод оршин суух М.Ууганбаярын гэрт М.Мөнххишигийг цохиж унагаан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн Прокурорын газраас Ц.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ц-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ц.Ц-н цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд 10.000.000 төгрөг төлснийг, Ц.Ц-эс гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргалд олгож, Ц.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж, Ц.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Ц- гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр найз нартайгаа баяр тэмдэглэж байх үед найз М.Мөнххишиг нь насан эцэслэсэн харамсалтай үйл явдал болсон. Энэ үед би найзыгаа өөд болсныг эмчээс сонсоод харамсан гашуудаж, цочролд орсон. Миний энэ байдлыг харсан эмч, цагдаа, прокурор нь “энэ хүн найзыгаа алчихаад гэмшиж байна” гэж бодон, үүндээ итгэж, бүх баримтыг хууль бусаар буюу зохиомжилж хэргийн материалд хавсаргасан. Үүний тод жишээ нь: Хажуу талын өрөөнд байсан хүнийг яг хажууд маань зогсоод бүх зүйлийг харж байсан мэтээр зохиомжилж гэрчийн мэдүүлэг авсан. Мөн гэрч нарын мэдүүлэг дээр дур мэдэн үг нэмж, хасаж хэргийн байдлыг миний талд буруугаар бодогдохоор эргүүлсэн. Тухайлбал гэрч нарын мэдүүлэгтэй танилцахад “Хэн цохисон бэ” гэх нэг чиглэлтэй асуултыг тавьж, түүнийг “Хараагүй, мэдээгүй” гэж хариулвал “Хэн цохих боломжтой байсан бэ” гэх зэргээр хэргийн бодит үнэнийг олох бус, нэг рүү нь чихэж гүтгэх шинжтэй асуултыг тавьж, “Магадгүй” гэх зэрэг эргэлзсэн шинжтэй хариултуудыг “Ингэсэн, тэгсэн” гэж баттай хэлсэн болгож бичиж хэрэгт хавсаргасан байна. Би энэ талаарх гомдол хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж байсан боловч тэдгээрийг түдгэлзүүлсээр шүүх хуралдаан болгосон. Мөн хууль бусаар авсан эдгээр мэдүүлэгт үндэслэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргасан. Талийгаачид учирсан гэмтэл бүрт, өөрөөр хэлбэл хуучин гэмтлийг хүртэл шинэ гэмтэл гэж үзэж намайг буруутгасан. Түүнчлэн шинжээч эмч гэх зохих биеийн байцаалт, бичиг баримтгүй хүнийг шүүх хуралдаанд оролцуулж хууль зөрчсөн байдаг.

Хэргийн бодит байдлыг өөрийн үгээр хэлбэл: Гэрч Бат-Өлзий бид хоёрын маргасан асуудал сүртэй бишээс гадна, бие биенийгээ цохиж, зодоогүй, барьцалдсан төдийхнөөр 04 цагийн үед дууссан асуудал. Мөн талийгаачийн хацар дээрх хөхрөлтийг сайн тулж харвал өнгөцхөн хавдар байсан. Тэнд тулж харсан 3 хүн гурвуулаа мэдүүлсэн. Бат-Өлзий, Ц-, Алтантөгс, мөн талийгаачийн аав харсан байх боломжтой. Харин Алтантулга, Ууганбаяр хоёрын хувьд талийгаачийг тулж харах боломж байгаагүй. Намайг цонхны хажууд байсан гэдгийг Ууганбаяр, Алтантулга, Бат-Өлзий нар зурагтны хажууд байсан гэж мэдүүлсэн. Цонхны доод буланд зурагт байдаг юм. Талийгаач бид хоёрын хувьд хөгжилтэй юм ярьж инээлдэж байснаас биш бие биенийгээ цохих талаар огт яриагүй, сүүлийн үлдсэн ганц тамхиа хувааж татаад би үнсийг нь хаях хооронд талийгаач ард унасан байсан. Мөн талийгаачийг өнгөрөхөд байсан хүмүүс дундаас би ганц сайн найз нь байсан. Ууганбаяр, Бат-Өлзий хоёрт найз биш хүн нь өнгөрөхөд харамсах зүйл байгаагүй биз.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нэг чиглэлтэй байсныг батлах нэг зүйл нь цагдаагийн хэлтсийн дарга 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 18 цагийн үед мөрдөн байцаах тасгийн даргын өрөөнд намайг дуудан оруулж “Чи хэргээ хүлээсэн үү” гэж асуухад нь “Би хэрэг хийгээгүй болохоор юу хүлээх билээ” гэхэд чанга дуугаар мөрдөгч нарт хандан “Энэнийг хардаа хүн зодож алчихаад би хийгээгүй ээ гээд зогсож байна, та нарын ажлаа хийж байгаа чинь энэ, наадхаа хэргийг нь хүлээлгэ, хорь” гэж уурлан жижүүр цагдааг дуудаж, намайг бүртгэлийн өрөөнд 19 цаг хүртэл гавлаж суулгасан удаа бий. Дараа нь би 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 13-ны өдөр хүртэл хоригдсон. Үүнээс үзэхэд даргаасаа ийм зааварчилгаа, чиг үүрэг авч ажиллаж байгаа мөрдөгч хэргийг нэг талд шийдэх гэсэн бодлоор ханддаг нь мэдэгдэж байгаа юм.

Хэргийг өнгөцхөн дүгнэсэн гэж үзэж байна. Тухайлбал хоёр хүн хэрэг болохоос 2-3 цагийн өмнө муудалцаж байхад түүнийг зодоон болгон хувиргаад хэрэг болсонтой холбогдуулж ойлгодог. Тэр үед болсон хэрүүлийг талийгаачтай хэрэлдсэн болгож ойлгодог. Бүх гэрчүүд 2 талтай зүйл ярьж байхад дандаа яллах талын үгсийг нь түүж тусгадаг. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь цаг хугацаа, байрлалын хувьд зөрүүтэй, дээр нь үг нэмж бичсэн, тухайн үед болсон зүйлсийг дутуу мэдүүлсэн зэрэг бодит байдалтай харьцуулахад алдаа ихтэй байсан. Харин шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгүүд нь үнэнд арай ойр дөхөм мэдүүлэг гэж хэлмээр байсан боловч шийтгэх тогтоолд бичигдсэн нь өөр байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хуулбарлан хэрэгт хавсаргаж давж заалдах шатны шүүхэд явуулна уу.

Миний хувьд найзыгаа өөд болоход нөлөөлсөн, түүнийг цохисон, түлхсэн гэх зүйл огт байхгүй бөгөөд цонхны тавцан дээр тамхи татаж байсан болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааж өгсөн байхад энэхүү эрүүгийн хэрэгт нотлох баримтуудыг зохиомлоор цуглуулж, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тухайлбал:

1. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч гэх цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлай нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бичсэн гэх “Илтгэх хуудас” нэртэй хуурамч баримт хавтаст хэргийн 27 дугаар талд байгаа. Эрүүгийн төлөөлөгч нь гэрч нартай огт уулзаагүй, хэрэг учрал хэрхэн гарсан талаар гэрч нараас асууж, тодруулж байгаагүй, мөн байцаагаагүй байж хэргийн талаар асууж тодруулсан байдлаар, “илтгэх хуудас" гэгчийг хэрэг учрал гарсан өдрөөр огноолон бичиж, хэрэгт хавсаргасан байгаа. Гурвын гурван гэрч байсаар байхад ганцхан УЮ91123197 регистрийн дугаартай М.Ууганбаяртай уулзаж ярилцсан байдлаар, мөрдөн байцаалтад түүний болон бусад гэрч нарын мэдүүлгүүдийн агуулгыг ганцхан энэ гэрч хэлсэн мэтээр бичсэн.

Гэтэл гэрч М.Ууганбаяр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...тухайн үед манай гэрт надаас хэн ч юм асуугаагүй, Бат-Өлзий бид хоёрыг Батсайхан гэдэг хүн нэг удаа байцаасан. Өөрөөр байцаалт өгөөгүй ... би 3 удаа байцаалт өгсөн, 2 удаагийн байцаалтыг Батсайхан авсан, сүүлийн мэдүүлгийг Наранбаяр гэдэг байцаагч авсан /шүүх хуралдааны тэмдэглэл 40-41 дэх тал/ гэж мэдүүлдэг юм. Тэгэхээр эрүүгийн төлөөлөгч гэх цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлай нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр М.Ууганбаяртай ярилцаж, илтгэх хуудас бичсэн гэдэг нь худал болж байгаа юм.

2. Хэрэг учрал болсон гэх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Батсайхан нь М.Ууганбаяраас гэрчийн мэдүүлэг авсан. /1хх-ийн 71/ Тухайлбал “...Ц- талийгаачийг гараараа цохисон, намайг ороход бүх юм тодорхой байсан...” гэж мэдүүлсэн байдаг юм.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...талийгаачийг Ц.Ц- гараараа цохисон ... гэж би тэгж хэлээгүй. Би харах боломжгүй ... өөр өрөөнд байсан. Бид нарыг бүгдийг нь бүлэг болгочих вий дээ гэж бодоод, айгаад тэгж хэлсэн гэж хэлсэн ... гарын үсгээ зур гэсэн. Би уншаагүй гарын үсгээ зурсан ... намайг өрөөнд ороход талийгаач газар унасан байсан нь ойлгомжтой гэж хэлсэн ... талийгаач газар унаад бид нарыг тоглоод айлгаад байна гэж бодоод тэгж хэлсэн. Түүнээс биш өөрөөр бүх зүйл ойлгомжтой гэж хэлээгүй ... Бат-Өлзий, Ц- хоёр муудалцсаныг эс тооцвол өөрөөр маргалдсан зүйл болоогүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл 40 дэх тал/ гэж хэлсэн.

Н.Бат-Өлзийгөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дэслэгч Б.Батсайхан гэрчийн мэдүүлэг авсан. /1хх-ийн 75/ Тэрээр “... талийгаач Мөнххишиг, Ц- нар юм яриад сууж байсан. Тэгээд хэвтэж байтал гэнэт хүн газар унах шиг дуу гарсан, эргээд хартал талийгаач Мөнххишиг доошоо хараад хэвтэж байсан ... талийгаач Мөнххишиг намайг байх хугацаанд муудалцаж маргалдсан зүйл байхгүй ... цохисон болов уу гэж бодож байгаа” гэж мэдүүлсэн байдаг болохоор анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцуулж яагаад “цохисон болов уу гэж бодож байгаа” гэж мэдүүлсэн талаар нь тодруулж асуухад “... түлхүүлээд ч юм уу, цохиулаад ч юм уу тэгэхээр чимээ гарсан байх гэж байцаагч асуусан болохоор тэгж мэдүүлэг өгсөн ... шөнө 03 цагт Ууганбаярынд ороход талийгаачийн баруун хацар жаахан бомбойсон байсан. Яасан юм бэ гэж асуусан чинь зүгээрээ гэж байсан ... өмнө нь ... энэ тухай хэлээгүй, яагаад гэвэл ач холбогдолгүй гэж үзсэн ... надаас хэн ч асуугаагүй” /шүүх хуралдааны тэмдэглэл 34-35 дэх тал/ гэж хэлсэн.

Мөн О.Алтантулгаас 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дэслэгч Б.Батсайхан гэрчийн мэдүүлэг авсан. /1хх-ийн 78/ Тэрээр “...06 цаг 40 минутын үед сэрэхэд талийгаач Мөнххишиг нь Ц-г наргиа маягаар цохисон гэж хэрэлдээд хоёулаа зогсоод байж байсан ... Мөнххишиг нь чанга дуугаар тоглоо л биз, ганц цохиур даахгүй эр хүн гэж юу байсын, намайг цохь гэж ярьж байсан ... би яг хэн цохисныг хараагүй. Гэхдээ бол Ц-эс өөр цохих боломжтой хүн байгаагүй ... би талийгаач Мөнххишиг газар цохиулаад шалан дээр байхад Ц- юу гэж хэлснийг сонсоогүй” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа мөрдөн байцаагчийн зүгээс “хорино шүү, та нар бүгд холбоотой шүү” гэх мэтээр айлгах, чиний хэлснийг л бичсэн, хурдан гарын үсгээ зур гэхчилэн шавдуулсан болохоор олигтой уншаагүй гарын үсгээ зурсан гэсэн хэл өгүүлэл гэрч нараас гарч байсныг холбогдогч хэлж байсан учир анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцуулж тодруулж, асуухад гэрч О.Алтантулга “... буцаад унтаад байж байсан чинь Ууганбаяр намайг сэрээсэн. Ц-, Бат-Өлзий 2 муудалцаад байна гээд ... Бат-Өлзий ... давж орж ирээд ... гуян дээр өвдөглөөд орох шиг болоход нь би сэрээд цагаа харсан чинь 06 цаг 40 минут болж байсан ... нэг цохиулъя, нэг цохилцчихъё, нэг цохих шанаа даах уу барих уу тиймэрхүү л яриа гарч байсан ... яг хэнийг нь сайн мэдэхгүй байнаа ... ард түс гэж чимээ гарахад ... Ц- ... цонхны дэргэд паар налчихсан зогсож байсан ... 2 удаа байцаалт өгсөн ... эхнийхтэй нь уншилгүй зурсан, 2 дахыг нь уншиж зурсан ... цохисон эсэхийг би хараагүй, цохих боломжтой хүн байсан уу гэж байцаагчийг асуугаад байхаар нь өөд өөдөөсөө хараад зогсож байсан болохоор ганц Ц- л байгаа, өөр цохих тийм хүн байхгүй гэж л хэлсэн ... Бат-Өлзий намайг харахад цаашаа хараад хэвтчихсэн, Ууганбаяр нөгөө өрөөнд байсан гэж хэлээд л байцаалт төгссөн ... Ц- л нэг цохиулсан юм шиг байгаа юм, Бат-Өлзийд ч юмуу аль нэгэнд нь, тэр сууж байхдаа л нөгөө өрөөнд намайг унтаж байх хооронд л нэг цохиулаад нөгөө муудалцах үедээ л тэр 2 муудалцсандаа л Ц- Бат-Өлзийдөө л тэгж хэлсэн юм шиг байгаа юм миний бодлоор ... Ц-, Бат-Өлзий хоёрыг тоглоом дээрээсээ маргалдсан гэж бодсон ... тухайн үед согтуу хүмүүсийн яриаг нь би сайн ойлгохгүй байхдаа эхнийхээ байцаалтаар ... талийгаач Мөнххишиг нь Ц-г наргиан маягаар цохисон гэж хэлээд хоёулаа зогсоод байж байсан ... тиймэрхүү мэдүүлэг өгсөн. Хэл яриа нь ойлгогдохгүй согтуу хүмүүсийн ярианаас Мөнххишигийг л цохисон гэж ойлгож буруу мэдүүлэг өгсөн. Хоёрдох мэдүүлэгтээ хоорондоо маргалдаагүй, муудалцаагүй байсан гэдгийг хэлсэн ... Чи эцэг хүний толгойд хүрдэг хэн бэ гэж ярьж байсан, тэгвэл гомдолтой байгаа юм бол намайг нэг шанаадчихаач дээ, би шанаа даана шүү гэж хэлж байсан гэж мэдүүлсэн ... ийм яриа байсан. Ц- болохоороо Бат-Өлзийд цохиулсандаа гомдолтой байгааг нь нөгөөдөх нь согтуугаараа буруу илэрхийлээд, тайвшруулах маягтай хэлж байх шиг ойлгогдсон ... Анх ... 5.31-ний өдөр Ц-г Мөнххишигт цохиулчихаад эргүүлээд талийгаач цохь гэж хэлээд байгаа юм байна гэж ойлгосон ... талийгаач цохиогүй юм байна лээ, Бат-Өлзийд цохиулсандаа тийм яриа өрнөсөн юм байна лээ ... талийгаачийн эгч Хонгорзул, за мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт байдаг ... талийгаач, Ц- 2 өөд өөдөөсөө хараад, нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавьчихсан байсан юм гэж мэдүүлсэн байсан ... байгаагүй, тийм юм бол яриа ч үгүй ... өөд өөдөөсөө хараад мөрөн дээр нь гараа тавьсан явдал байгаагүй...нэг нэгнийхээ мөрөн дээр тавьчихсан чи намайг цохьчих л доо, цохьчих л доо гээд инээлдээд хоорондоо зогсож байсан юм гэж намайг хэлсэн гэж гэрч Хонгорзул эгч мэдүүлсэн байна ... би тэгж хэлээгүй ... Хонгорзул эгчид би өөрөө орж хэлсэн. Талийгаач өнгөрчихлөө гэдгийг хэлсэн гэж мэдүүлснийг хасаж, өөрчлөн найруулж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байсан учраас засвар оруулан түүний хэлсэн байдлаар нь нэг бүрчлэн тусгуулах гэсэн боловч шүүх хүлээж авалгүй ялтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан юм.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудыг зөрчсөн шийдвэр болсон.

3. Энэ талаар Авлигатай тэмцэх газарт Ц.Ц- гомдол гаргаж байсан юм билээ. Түүний гаргасан өргөдөл гомдлыг хэрэг нь шүүхэд шилжсэн байна гэх шалтгаанаар Багануур дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн байсан.

Шилжиж ирсэн өргөдөлтэй холбогдуулан хяналтын прокурор гэрч нарыг дүүргийн прокурорын газарт дуудан, байцаалт авсан талаараа “...за би бас өөрөөс чинь энэ гомдолтой холбоотой мэдүүлэг авсан л даа тэрэн дээр бол асуухад би бол байцаагч тухайн үед эрх үүргийг маань танилцуулаад байцаалтыг дуусгахад тэмдэглэлээ уншаад гарын үсэг зурсан гэж надад мэдүүлэг өгсөн байдаг юм...” гэж анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж  байсан.

4. Ц.Ц-д холбогдох Эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч Ц.Ц-, өмгөөлөгч хоёрт танилцуулахад /1хх-ийн 176 дугаар талд авагдсан/ “шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх нотлох баримт нь байцаалт авсан өдрийг нь бичээгүй, байцаалт авсан мөрдөгчийн нэр байхгүй, байцаалтыг дуусгасан цаг хугацаагүй, мэдүүлэг авсан эзэнгүй атлаа шинжээч эмч гэх С.Одончимэг гэсэн гарын үсэг зурсан байдалтай байхад нь би хуулбарлаж авсан юм.

Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулах гэтэл “шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ахлах дэслэгч Б.Мэндбаяр гэгч байцаалтыг авсан болгож, хэн нь мэдэгдэхгүй гарын үсэг зурсан, гарын үсгийн тайлалгүй баримт болж өөрчлөгдсөн байсныг нь хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж хасуулсан.

Энэхүү хуурамч баримтаар цогцост үүссэн хацар, духны шалбархай нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл мөн гэдгийг, дух, цээж, хацар, чамархайд үүссэн гэмтлүүд нь нэг удаа унахад үүсэх боломжгүй гэдгийг, ямар нэг хүч үйлчилж /цохиулж/ байж цус харвалт гэмтэл үүсдэг гэдгийг нотолсон болгож харагдуулахын тулд улайрч, шинжээч эмч С.Одончимэгийг байцаасан мэт хуурамч баримт хэрэгт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1, 8 дахь заалтыг зөрчсөн.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч гэх цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхманлайн бичсэн гэх “Илтгэх хуудас” нэртэй хуурамч баримтыг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хасаагүй юм.

5. Шүүх хуралдаанд шинжээч эмч Бадрал онлайнаар оролцож, мэдүүлэг өгсөн. Анагаах ухааны ном сурах бичиг, гарын авлагуудад зөөлөн эдийн няцрал нь үүссэн, гэмтсэн хугацаанаас хамаарч янз бүрийн өнгөтэй байна. Шинэхэн гэмтэл улаан өнгөтэй, 1-2 хоносон гэмтэл хөх өнгөтэй /хөхөрсөн шинжтэй/, 3-4 хоносон гэмтэл хөх шөр өнгөтэй, 5-6 хоносон гэмтэл шаравтар өнгөтэй байдаг талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Мөнххишигийн цогцост тогтоогдсон духны баруун дээд хэсэгт үүссэн шинэ зулгаралт гэмтэл, баруун хацарын товгор дээрх хөхрөлт гэмтлийг хаван хавдартай шинжээр нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл гэж үзсэн, түүнээс цаг хугацааг нь тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд энэхүү ач холбогдолтой хэсгийг нь хасаж тусгасан байсан тул тэмдэглэлд өөрчлөлт оруулах санал гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

Цогцосны духны зулгарсан улаан өнгөтэй гэмтэл, хацрын хөхөрсөн шархыг шинжээч нар нэг цаг хугацаанд үүссэн гэдгийг зөвхөн хаван хавдартай байгаа шинжээр нь тодорхойлсон гэдгээ, 1-3 хоногийн дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үздэг гэдгээ тодорхой хэлсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй орхигдуулсан байсан. Тэмлэглэлтэй танилцаад, өөрчлөлт оруулах саналдаа шинжээч эмч Ц.Бадралын шүүх хуралдаанд мэдүүлж хэлснээс нь орхигдуулсан хэсгүүдийг тусгаад анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн ч санал, хүсэлтийг хангалгүй орхиж, үүгээрээ ялтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Шүүгдэгч, амь хохирогч нар 1-3 хоног хамт байгаагүй. 6-7 цагийн хугацаанд хамт байсан. Зөөлөн эдийн гэмтэл 1-2 хоногийн хугацаанд хөхрөх шинж тэмдэг илэрдэг гэж шинжээч эмч хэлсэн бөгөөд Ц.Ц-г амь хохирогчтой хамт байсан 7 цагийн хугацаанд амь хохирогчийн хацар дээрх шарх хөхөрч амжихгүй гэдэг нь тодорхой байсан учраас анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлдээ шинжээч эмчийн хэлсэн бүгдийг тусгаагүй, тусгаагүй орхисон зүйлүүдийг тусгуулахаар өөрчлөлт оруулах санал гаргаад байхад өмгөөлөгчдийн санал хүсэлтийг хангахыг хүсээгүй гэж бид үзэж байна.

6. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр шинжээч эмч С.Одончимэг, Н.Туяа, Ц.Бадрал нарын хамтран гаргасан 921 дугаартай дүгнэлтээр талийгаачийн амь хохирох гол шалтгаан болсон “тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт" гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих /хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйлээр эсхүл гараараа цохих/, цохигдох /хаалга, шал, өөр бусад эд зүйлийг мөргөж унах/ хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнээд, мэдүүлээд байхад зөвхөн Ц.Ц-д л цохиулны улмаас амь хохирлоо гэж анхан шатны шүүх үзэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлйн 1 дэх хэсгийн “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн, 13 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн, 14 дэх хэсгийн “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр болсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Ц- нь М.Мөнххишигийг цохьсон, түлхсэн байдлыг харсан, үзсэн гэрч байхгүй, цохьсон ул мөр цогцост байхгүй байгаа, мөн хэргийн нотлох баримтуудад эргэлзэх олон шалтгаан байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц-г цагаатгаж өгөхийг хүсье...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад тодорхой гэрчүүдийн мэдүүлгийг нэмж, хасаж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд ач холбогдол бүхий хэсгүүдийг хасаж бичсэн байсан. Энэ талаар хуульд заасны дагуу санал, хүсэлтийг гаргахад шүүх хүлээж аваагүй. Шүүгдэгч Ц.Ц- нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон хангалттай нотлох баримт байхгүй. Хэрэгт нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц-г цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ц.Ц-н гэм бурууг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц-г цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач хүү маань хэрэг гарсан өдрөөс өмнө биедээ ямар нэгэн гэмтэл, шарх аваагүй, эрүүл саруул байсан. Би аль аль талдаа хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл миний хүүг өөрөө нас барчихсан юм ярьж байгаад гомдолтой байна. Шүүхээс Ц.Ц-д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргалын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийг дарамталж, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан, хэлээгүй зүйлийг нэмж бичсэн гэдэг байдлаар мөрдөгч Батсайханд холбогдуулан гомдол гаргасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд мөрдөгч Батсайханыг оролцуулсан. Тэгэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэзээ, ямар байдлаар гэрч нарыг дарамталж, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан талаарх асуудлыг тодорхой тавиагүй. Мөрдөгч Батсайханы үйл ажиллагаанд хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогддоггүй. Мөн шинжээч Одончимэгийг шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Батбаяр түүнийг таньж, харилцаж асуултаа тавьсан байдаг. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан. Гэтэл давж заалдсан гомдолдоо дээрх асуудлуудыг дахин дурдаж, маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр талийгаач Мөнххишиг гаднаас орж ирэхдээ ил харагдах шарх, гэмтэлгүй байсан талаар гэрч Ууганбаяр, Бат-Өлзий, Алтантулга нар тодорхой мэдүүлсэн. Иймээс талийгаачийн биед хуучин гэмтэл байгаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Бат-Өлзий, Ууганбаяр, Алтантулга нарын мэдүүлгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Дээрх гэрч нараас мэдүүлэг авахдаа тухай бүрт нь хууль сануулж авсан бөгөөд тэдний зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тул шүүхээс үнэлж дүгнэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач М.Мөнххишиг нь гавал тархины битүү гэмтэл, малгайлсан цус харвалтын улмаас нас барсан болохыг тогтоосон бөгөөд уг гэмтэл нь нүүр, толгойд хүчтэй цохилт үйлчилсэний улмаас үүснэ, харин өөрөө унахад үүсэх боломжгүй талаар шинжээч Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж, мэдүүлсэн байдаг. Шинжээч Одончимэгийг шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцоход нь шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнхдэлгэр түүнийг таньж, түүнтэй харилцсан байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээч Одончимэгийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан бөгөөд шинжээч Одончимэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, мэдүүлгийг нь авсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 29-ний орой хүү Мөнххишиг нь зааланд тоглож байгаад гэртээ орж ирээд “Манай найз аав болчихож” гэж хэлээд гараад явсан байсан. Маргааш өглөө нь ажил дээрээ байж байхад манай гэр бүлийнхэн ирж хүү Мөнххишигийг бурхан болсон байна гэдгийг надад дуулгасан... манай хүү найзуудтайгаа нийлж архи уусан ... нэг хүүхэдтэй маргалдаж байсан, гадны нөлөөтэй нас барсан гэдгийг сонссон. Хүүд маань архаг хууч өвчин байгаагүй... оршуулгын зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /1хх-ийн 69-70, 2хх-ийн 145-146/,

- гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ц- нь манай ээжийн төрсөн ахын хүүхэд бөгөөд бид хоёр үеэлүүд юм. Тухайн өдөр манай гэрт ... Ц-, Бат-Өлзий, талийгаач Мөнххишиг нар архи уучихаад бие биенээ шоглоод инээлдээд байсан... Алтантулга бид хоёр маргааш нь ажилтай байсан учир архинаас уугаагүй... “пид пад” гэх чимээ гарахаар нь тухайн өрөөнд яваад ортол талийгаач Мөнххишиг доошоо хараад, ухаан алдчихсан юм шиг хэвтэж байсан. Ц- цонхны тавцаны хажууд зогсож байсан, тэгээд би түүнд хандаж “Чи хүн ухаан алдтал нь цохьчихсон юм биш үү” гэхэд “наадах чинь тоглож байгаа юм, зүгээрээ босоод ирнэ” гэж хэлсэн... тэгэхэд орон дээр Бат-Өлзий цаашаа харсан байдалтай хэвтэж байснаа толгойгоо өндийлгөөд эргээд харж байсан... бид нар хэсэг харж зогссон чинь талийгаач амьсгаагаа хүчтэй гаргаж байгаа юм шиг дуугараад байхаар нь Бат-Өлзий дээш харуултал баруун талын дух хэсэгт овойгоод цус гарчихсан байсан... талийгаач тухайн шөнө манайд орж ирэхдээ хэн нэгэнтэй маргалдсан талаар огт юм яриагүй. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Талийгаачийн духанд үүссэн зулгаралт нь газарт уначихсан байхад нь очиж үзэхэд байсан. Тэрнээс өмнө уг гэмтэл үүсээгүй байсан...” /1хх-ийн 71-74, 2хх-ийн 158/,

- гэрч Н.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаач Мөнххишиг, Ц- нар юм яриад сууж байсан... намайг хэвтэж байтал гэнэт хүн газар унах шиг дуу гарсан... Ууганбаяр юу болсон бэ гэхээр нь хэвтээгээрээ толгойгоо эргүүлээд хартал талийгаач Мөнххишиг доошоо харсан байдалтай, толгой нь үүд рүү чиглэсэн хэвтэж байсан. Ц- нь талийгаачийн хөлний доод талд сууж байсан ба ... “наадах чинь тоглож байгаа юм” гээд хэлж байсан... талийгаач цээж дүүрэн амьсгаа авч байгаа юм шиг цээж нь хөдөлсөн... нүүр хэсгийг нь өнгөц харахад нүүр нь бага зэрэг хөхөрчихсөн духны хэсэгт булдруу үүссэн байдалтай нэлээд муудсан байхаар нь Ууганбаяр бид хоёр суганаас нь сугадаж өргөөд гудас авчраад өрөөний гол хэсэгт дээш нь харуулаад хэвтүүлээд түргэн дуудсан...” /1хх-ийн 75-77, 154/,

- гэрч О.Алтантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...унтаж байгаад үүрээр 06 цаг 40 минутын үед сэрэхэд Мөнххишиг нь Ц-г наргиа маягаар цохисон гэж хэрэлдээд хоёулаа зогсож байсан. Тэгээд би “Больцгоо” гэж хэлчихээд 00-ын өрөө рүү орсон. Тэгэхэд Бат-Өлзий орон дээр буруу хараад хэвтэж байсан. Намайг 00-ын өрөөнд сууж байсан чинь Мөнххишиг чанга дуугаар “Тоглоо л биз, ганц цохиур даахгүй эр хүн гэж юу байсын, намайг цохь” гэж ярьж байсан... 00-ын өрөөнөөс гартал Ц-, Мөнххишиг хоёр өөд өөдөөсөө харчихсан маргалдсан шинжгүй зогсож байсан... би “Та хоёр битгий маяглаад бай” гэж хэлчихээд оргүй өрөөнд орсон... ард хүн унах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь эргээд хартал Мөнххишиг жижиг өрөөний хаалганаас толгой нь жаахан ил гараад доошоо харсан байдалтай хэвтэж байсан... Ууганбаяр очоод зүгээр үү хөгшөөн гэж асууж байсан. Мөнххишиг жаахан хөдлөөд яраглаж дуугарч байсан болохоор нь босч ирэх гэж байна гэж бодоод би ажил руугаа явсан... талийгаачийг хэн цохисныг нь хараагүй, гэхдээ Ц-эс өөр цохих боломжтой хүн байгаагүй... талийгаач бид нар дээр ирэхээсээ өмнө хүнтэй маргалдаж муудалцсан гэж ерөөсөө яриагүй... биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй гэж бодож байна...” /1хх-ийн 78-82, 2хх-ийн 149/,

- гэрч О.Алтантөгсийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг дуудлагаар тухайн айлд ороход талийгаач том өрөөнд дээшээ харсан, толгой нь цонхруугаа харсан, духан дээр нь шалбархай байсан. Талийгаачийн хажууд нь Ц- сууж байсан бөгөөд нас барсныг нь хэлэхэд Ц- нь “найзаа, андаа бос л доо” гээд татаж чангаагаад балмагдсан байдалтай байсан. Харин Бат-Өлзий, Ууганбаяр хоёр нөгөө өрөөндөө суугаад айсан гайхсан байдалтай байсан. Би Бат-Өлзийгөөс юу болсон талаар асуухад тэрээр талийгаач Мөнххишиг, Ц- хоёр ноцолдож байхдаа түлхэж унагаагаад талийгаач юм мөргөөд унасан талаар хэлсэн...” /1хх-ийн 88-89, 2хх-ийн 146-148/,

- гэрч М.Мөнхсүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай дүүг хамт архи ууж байсан нэг найз нь цохьсон гэж сонссон… Тулга гээд хамт байсан найз нь надад хэлэхдээ намайг 00-ын өрөөнд байж байхад “чи намайг яаж байгаа юм бэ” гээд орилоод байсан. Тэгээд намайг 00-ын өрөөнөөс гарч ирээд сандал ширээ байдаг өрөөнөөс цамцаа авах гээд ороход “пэд” хийгээд унаад өгсөн гэж ярьсан...” /1хх-ийн 83/,  

- гэрч М.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутаас хойш гэртээ байж байхад талийгаач дүү Мөнххишигийн найз Тулгаа гэж дуудаад байдаг найз нь ирээд дүү чинь нас барчихлаа гэж хэлсэн. Би байрны гадаа очоод Тулгаагаас өчигдөр юу болсон талаар асуухад “манай нэг найзын эхнэр нь төрөөд бид нар нийлсэн юм. Би Ууганаатай хамт орон дээр унтаж байсан. Талийгаач нэг залуутай нөгөө өрөөнд архи ууж байсан. Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй, талийгаач нөгөө залуутай нэг нэгнийгээ мөрөн дээр гараа тавьчихсан “чи намайг цохьчих, чи намайг цохьчих” гэж хэлээд инээлдээд зогсож байсан, ямар нэг зодоон болоогүй гэж хэлсэн” юм...” /1хх-ийн 84-85/,

- гэрч М.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед талийгаач дүү маань хотоос ирээд гэртээ байж байгаад орой манай нөхөр Анхбаяртай зааланд тоглож байгаад орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад найз нар дуудаад байна гээд 23 цаг өнгөрч байхад манай нөхөр Анхбаяр бид хоёр хүүхдүүдээ аваад, ах Хишигт болон талийгаач Мөнххишиг бид нар гарцгаасан. Тэгээд талийгаач маань Отгонтэнгэр зочид буудлын гадаа буугаад бид нар цаашаа хадам ээжийнх рүүгээ явсан…” /1хх-ийн 86/,

- гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 5 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед талийгаач Мөнххишигтэй зааланд тоглохоор гарч явсан. Тэгээд спорт зааланд 1 цаг гаруй тоглож байгаад гэртээ харихаар яваад гэрийн гадаа ирсэн чинь Мөнххишиг гэртээ оролгүй, Мини Макс орж хүнтэй уулзана гээд үлдсэн. Тэгээд байж байгаад 20 минут орчмын дараа гэртээ орж ирсэн. Гэртээ ирээд хоол унд идчихээд 23 цаг өнгөрч байхад би эхнэр хүүхдээ аваад талийгаачийн том ахаар нь ээжийндээ хүргүүлсэн. Тэгээд явж байхад талийгаач замд Отгонтэнгэр зочид буудлын урд буугаад найзындаа хононо гэж хэлсэн. Талийгаач зааланд тоглож байхдаа нуруугаараа унаагүй. Хүнээр цохиулах үйлдэл гаргаагүй, би талийгаачтай ээлжилж тоглож байсан болохоор би сайн харсан...” /1хх-ийн 87/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-20, 93-96/, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан Н.Бат-Өлзий, О.Алтантулга, М.Ууганбаяр, Ц.Ц- нарын согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 23-25/, М.Ууганбаяртай ярилцсан гэх эрүүгийн төлөөлөгчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас /1хх-ийн 27/,

- талийгаач М.Мөнххишигийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09/012 дугаартай “Талийгаач М.Мөнххишигийн биед тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт, духны баруун хуйханд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын цээжний гялтанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, учирсан үедээ амь биед аюултай. Талийгаачид магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь АВО системээр 1 дүгээр бүлгийн цустай байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байна. Нас бараад 0-6 цаг болсон байх боломжтой байна” гэх, /1хх-ийн 102-103/,

- хэргийн материалаар давтан магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 921 дугаартай “Шинжээчийн 09/012 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М.Мөнххишиг тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гавал тархины гэмтлийн үед түргэн хугацаанд үхэлд хүрэх боломжтой. Дээрх тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлийг авсан даруйд үхэлд хүрэх боломжтой. Талийгаачийн цогцост тогтоогдсон духны баруун хуйхны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын цээжний гялтанд цус хуралт гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна. М.Мөнххишигийн бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр архины хордлогын шинж илрэхгүй байна. Дух, цээж, хацар, зулай, чамархай гэх мэт өөр өөр байрлалд гэмтлүүд тогтоогдож байгаа тул олон удаагийн үйлчлэл гэж үзсэн байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байх боломжтой. Талийгаачийн 2 талын цээжний гялтанд үүссэн гэх цус хуралт нь аль ч үед үүсэх боломжтой” гэх дүгнэлтүүд /1хх-ийн 109-111/,

- шинжээч С.Одончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №921 дугаартай дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины цус харвалт нь малгайлсан цус харвалт байгаа. Уг гэмтэл нь цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн нүүр болон толгойд хүчтэй цохилт үйлчилсэн тохиолдолд малгайлсан цус харвалт явагддаг. Талийгаач архаг хууч өвчингүй, 26 настай залуу хүн байсан учраас өөрөө унах эсвэл өөрөө унаж юманд цохигдох үед малгайлсан цус харвалт үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл малгайлсан цус харвалт нь өөрөө унах үед уналтаас үүсэх боломжгүй гэж хэлж болно. Талийгаачийн дух, цээж, хацарт үүссэн гэмтлүүд нь харагдах байдлаараа буюу байрлалаараа өөр өөр газар үүссэн байгаа. Гэхдээ үүнийг олон удаагийн хүч үйлчилсэн байна гэж үзэж болохгүй юм...” /2хх-ийн 152-153/,

- шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...талийгаачийн баруун талын духны зулгаралт болон баруун талын хацар дээрх цус хуралтыг нэг цаг хугацаанд үүссэн гэж үзсэн. Учир нь баруун хацар дээрх цус хуралт нь хаван хавдартай байсан тул духан дээрх зулгаралттай нэг цаг хугацаанд үүссэн гэж үзсэн юм. Талийгаачийн тархины цус харвалт гэмтэл нь толгойн тус газарт нь цохих эсвэл юм мөргөж унах үед аль алинд нь үүсэх боломжтой ...  2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №921 дугаартай дүгнэлтийг хэргийн материал дээр үндэслэж хийсэн. Нүүр болон толгойн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн толгойн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохиход дээрх гэмтлийг үүсгэх боломжтой...” /1хх-ийн 173, 2хх-ийн 152-153/ гэсэн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Ц.Ц- нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 07 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 17 тоотод бусадтай нийлэн архидан согтуурч, улмаар М.Мөнххишигтэй хамт үлдсэн үедээ нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчсөн санаатай үйлдэл хийн түүнийг цохиж, газарт унагаасны улмаас М.Мөнххишиг нь гавал тархины битүү гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Амь хохирогч М.Мөнххишигийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь Ц.Ц-н цохих үйлдлийн улмаас үүссэн байна. Харин энэ үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ М.Мөнххишиг нь Н.Бат-Өлзий, О.Алтантулга, М.Ууганбаяр нартай болон өөр бусадтай маргалдан, цохиулж, зодуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ, Ц.Ц-н үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Ц.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, агуулга, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Ц.Ц-н гэмт үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжид нийцэж тохирч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ багассан байна.

Дээрх байдлыг үндэслэн Ц.Ц-г хүнийг алах буюу 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ц.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүх амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Мөнхжаргалын гаргасан шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хохирлын хэмжээг тооцож, гэм хорын хохиролд 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц-эс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасанд тус тус нийцжээ. 

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргасан шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаярын нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Ц- нь дээрх гэмт хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсон байхад, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад түүнийг “...92 хоног цагдан хоригдсон...” гэж цагдан хоригдсон хоногийн тооцооны алдаа гаргасан байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 4 дэх заалтад “...Ц.Ц-н цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “...Ц.Ц-н цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж зөвтгөн өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН