Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0388

 

“ЭБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо

Нэхэмжлэгч “ЭБУ” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭБУ” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын 186333233548613 дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18633323395608 дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18633323436832 дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18633323548613 нэгж талбарын дугаартай газрыг 20822 м.кв, 18633323395608 нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18633323436832 нэгж талбарын дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин

Хэргийн индекс: 128/2021/0736/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭБУ” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “ЭБУ” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын 186333233548613 дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18633323395608 дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18633323436832 дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18633323548613 нэгж талбарын дугаартай газрыг 20822 м.кв, 18633323395608 нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18633323436832 нэгж талбарын дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдуулан гаргасан нэгж талбарын 18633323395608 дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв газрыг, нэгж талбарын 18633323436832 дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 18633323395608 нэгж талбарын дугаартай газрыг 51717 м.кв, 18633323436832 дугаартай газрыг 57926 м.кв буюу эзэмшил газрыг хуучин хэвээр сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахыг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох нэгж талбарын 18633323548613 дугаартай газрыг 20822 м.кв газраас 17 м.кв газрыг хасаж 20805 м.кв газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгажшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс үзэхдээ "Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь уг 20822 м.кв газрыг ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих зорилгоор буюу мод тарих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан хамгаалалтын бүсийн ойд хориглосон үйл ажиллагаанд хамаарахааргүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 18633323548613 Нэгж талбарын дугаартай газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус байна" гэж дүгнэсэн.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Эс үйлдэхуй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан. Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч “ЭБУ” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй биш юм.

3.3. Мөн нэхэмжлэгч гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.2 дахь 37.2-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана" гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрт хуулиар олгосон үүргийнхээ дагуу тухайн маргаан бүхий гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, Газрын тухай хуулийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно". Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж тус тус заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.4. Нэхэмжлэгч “ЭБУ” ХХК-ийн 18633323548613 нэгж талбарын дугаар бухий 20805 м.кв газар нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан нехен сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх уйл ажиллагаанд хамаарахгуй гэж үзсэн тул хугацаа сунгахаар татгалзаж шийдвэрлэхдээ холбогдох хурлаар оруулж, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах ажиллагаа хийгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн дагуу явагдсан болно.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар шүүхийн шийдвэрийн 20805 м.кв газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхуйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “ЭБУ” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ..... нэгж талбарын 18633323548613 дугаартай газрыг 20822 м.кв газрыг бүхэлд нь сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдлыг ирүүлсэн.

3.2. Гомдлын үндэслэлд ”...Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч “ЭБУ” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй биш юм. ... нийслэлийн Засаг дарга нь өөрт хуулиар олгосон үүргийнхээ дагуу тухайн маргаан бүхий гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д тус тус заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн...” гэж дурьдсаныг хүлээн авч, хангах боломжгүй байна.

3.3. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана" , 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно". Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж тус тус зааснаар ойн хамгаалалтын бүсийг захиргааны байгууллагаас хамгаалах, нөхөн сэргээх чиг үүргийг тодорхойлсон.  

3.4. “ЭБУ” ХХК-ийн Баян-Уул амралтын газар нь 1964 онд анх Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяанд байгуулагдаж, 2000 оноос тус компанийн харъяанд үйл ажиллагаа тасралтгүй явуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 541 дүгээр захирамжаар анх амралтын газрын зориулалтын талбайг эзэмшүүлснээс хойш хариуцагчийн 2012 оны А/40 дүгээр захирамжаар 128366 м2 талбайг, 2015 оны А/53 дугаар захирамжаар 111566 м талбайг, 2015 оны А/861 дүгээр захирамжаар 111566 м2 газрыг амралт, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар, 20822 м2 газрыг ойн хамгаалалтын бүс хэмээн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг баталгажуулсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх ба энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

3.5. Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар “ЭБУ” ХХК-ийн эзэмшил газрын нэгж талбарын 186333233548613 дугаартай 20822 м.кв газрыг бүхэлд нь, нэгж талбарын 18633323395608 дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18633323436832 дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгалгүй  хасч үлдэх хэсгийн газар эзэмших эрхийг сунгасан байна.

3.6. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээнд 20822 м.кв газрыг хамгаалалтын бүс, зөвхөн мод тарих, хамгаалах зорилгоор байгуулсан ба нэхэмжлэгч нь уг 20822 м.кв газрыг ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжих зорилгоор буюу мод тарих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан хамгаалалтын бүсийн ойд хориглосон үйл ажиллагаанд хамаарахааргүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 18633323548613 нэгж талбарын дугаартай газрыг сунгахаас татгалзсан эс үйлдэхгүй хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.7. Хэрэгт авагдсан баримт, газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хашаалж, гэрээнд заасан зориулалтын дагуу буюу мод тарих, байгалийн унаган төрх алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд Ойн тухай хуулийн зорилго, зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж ирсэн, энэ ч зорилгоор хариуцагч нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан атлаа Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг шалган тогтоолгүйгээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус байна.

3.8. Харин хариуцагч нэхэмжлэгчийн хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүйгээр зориулалтын бусаар ашигласан нөхцөл байдал тогтоогдвол газар эзэмших эрхийг цуцлах эрх хэзээд нээлттэй.

3.9. Хэдийгээр хариуцагчаас ойн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх эрхгүй гэх үндэслэлээр нэгэнт өмнө эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалснаараа, ойн хамгаалалтын бүсийг хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг хэн, хэрхэн хийх урьдчилсан төлөвлөгөөгүйгээр эзэнгүйдүүлж орхих нь сөрөг үр дагавартай болохыг дурьдах нь зүйтэй.

3.10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 18633323395608 дугаартай 51717 м.кв газраас 42 м.кв, нэгж талбарын 18633323436832 дугаартай 57973 м.кв газраас 47 м.кв газрыг тус тус сунгалгүй  хасч шийдвэрлэснийг газрын хэмжээ, түүний бүртгэл үнэн зөв бодиттой байх ёстой бөгөөд Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолыг баталж, хариуцагчаас уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА