Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 113/ШШ2019/0004

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хэрээд овогт Ш-ийн О (РД:), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 37 дугаар байр, 12 тоотод оршин суух;

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга;

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш. хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ш.О нь Сум дундын 29 дүгээр шүүх /тухайн үеийн нэршил/-ийн Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байхад тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Н нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал гаргаж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн юм.

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Т.Б нь 2017 оны 5 дугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсоноор тус шүүх нь 3 шүүгч, 3 шүүгчийн туслахтай болсон байхад Тамгын газрын дарга Л.Н нь 2017 оны 6 дугаар сард төрийн жинхэнэ алба хаах болзол, шаардлагыг хангаагүй Д.Д-г шүүгчийн туслахаар нэмж томилсон тушаал гаргаад зогсолгүй, үүнээс улбаалан орон тооны цомхотгол нэртэй илт хууль бус тушаалыг гаргаж иргэн миний хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Үүнийг миний бие эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гарган шалгагдаж байх хугацаанд Л.Н нь Д.Д-г төрийн жинхэнэ алба хаах болзол, шаардлагыг хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэр нь Б/14 дүгээр тушаалаа хүчингүй болгоогүй тул миний бие дахин Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн салбар зөвлөл хянан шийдвэрлэж Тамгын газрын дарга Л.Н-ийн ажлаас чөлөөлсөн Б/14 дүгээр тушаал үндэслэл бүхий байна гэж дүгнэжээ.

          Тус ажлын хэсгийн дүгнэлтэд миний гаргасан гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн миний маргаагүй үйл баримт болох үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний талаар дурдсан нь энэхүү дүгнэлтийг хууль, журамд нийцэж гаргасан гэдэгт эргэлзэхээр болжээ.

          Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасан журмыг үл биелүүлж өөрийн дураар авирлаж байгаа нь Тамгын газрын дарга Л.Н-г Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн албан хаагчийн үүргээ зөрчиж байна гэж үзэхээр байна.

          Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан тушаалыг хуульд заасан болзол журмын дагуу эрхэлж /хашиж/ байгаа төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарах заалт гэдэг нь тодорхой, мөн дээрх байдлыг хэлж мэдэгдсээр байхад Тамгын газрын дарга Л.Н нь дээрх хуулийн зохицуулалт, Д.Д нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шалгуурыг хангаагүй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр А/09 дүгээр тушаал гаргаж, шүүгчийн туслахуудын үйл ажиллагаа мэргэшлийн түвшингийн үнэлгээ хийж намайг хамгийн бага үнэлгээтэй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл тус шүүхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанчлан сонгон шалгаруулалт явуулах ямар ч нөхцөл шаардлага үүсээгүй байхад Л.Н нь Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж, хувийн сонирхлоор ажилдаа хандсан юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна. 2017 онд байгууллагынхаа захиргааны ажилтнуудын хувийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, зарим захиргааны ажилтныг Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолгүй /нөөцөөс нэр дэвшүүлэх санал явуулаагүй/ томилсон, мөн түр орон тоон дээр томилоод жинхэлсэн тушаал гаргаагүй зэрэг хууль тогтоомжид нийцэхгүй зүйлүүд илэрсэн.

Тиймээс шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан тоотоор хүсэлт хүргүүлсэн. Үүний дагуу нөөцөөс нэр дэвшүүлэх тухай салбар зөвлөлийн тогтоол гарсны дагуу шүүгчийн туслах Л.Х, Ш.О, Д.Д, Г.Х, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Э нарыг дээрх албан тушаалд жинхлэн томилсон. Тиймээс миний хувьд  Ш.О, Д.Д нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн. Тухайн үед 1 шүүгчийн орон тоог татаж дахин шүүгч томилох эсэх талаар ямар нэгэн чиглэл ирээгүй, харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1/44 дугаар “Орон тооны хязгаар хүргүүлэх тухай” албан бичгээр шүүгчийн туслахын 1 орон тоо хасагдаж ирсэн.

Шүүгчийн туслах Д.Д нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан учраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар 6 дугаар сард шүүгчийн туслахуудаас мэргэшлийн шалгалт авах комисс томилох тухай тушаал гаргаж, шалгалтын журмыг хавсралтаар баталсан. Харин шүүгчийн туслахуудаас шалгалт авах өдөр 4 туслахын 3 нь шалгалт өгөхгүй, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг гаргасан.

Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар шүүгчийн туслахуудын үйл ажиллагааны үр дүнгийн сүүлийн 3 жилийн үнэлгээний дундаж, ажлын туршлага, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан мэргэшлийн түвшин тогтоох шалгалтын сорилын оноо зэргийг харгалзан хамгийн бага оноо авсан Ш.О-ийг ажлаас чөлөөлж, мөн хуулийн 27.2.4-т зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Төрийн албан хаагчийн баталгааг эдэлсэн гэж үзэж байна.

Тухайн үед Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагч, хууль ёсны гэж үзэж дээрх хуулийн заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн. Ш.О нь энэхүү чөлөөлсөн тушаалд Төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан бөгөөд миний бие тайлбар өгөх, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж байхдаа манай байгууллагад орохоосоо өмнө Ш.О, Д.Д нарыг Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болохыг мэдсэн. Төрийн албанаас чөлөөлөгдсөн бол дахин төрийн албанд ороход төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж, нөөцөд бүртгэгдэх хуулийн шаардлагатай тул Ш.О, Д.Д нарын жинхлэн томилсон 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20, Б/21 дүгээр тушаалаар хүчингүй болгож, Д.Д-г ажлаас нь чөлөөлсөн болно.

Харин Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар чөлөөлөх ёстой байсан ба түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Үүнийг мэдсэний дараа Ш.О-ийг миний бие дуудан уулзаж буцаад шүүгчийн туслахын ажилдаа эргэн орох санал тавьсан боловч тэрээр “энэ хугацаанд би ажилгүй болж нэлээдгүй хохирч байна, ажилгүй байсан хугацааны цалингаа авмаар байна” гэсэн. Шалгалт зохион байгуулж шударгаар өрсөлдөх боломжоор хангасан, буцааж ажилдаа орох боломжоор мөн хангасан. Үүнийг Ш.О зөвшөөрөлгүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу чөлөөл гэж өөрөө хүсэлт гаргасан. Иймд Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 84  дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус шүүхийн “шүүгчийн туслах”-ын орон тоог 2018 онд нэгээр цөөрүүлж, “гурав” болгон тогтоосон талаар 01/44 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Үүний дагуу Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/09[1] дүгээр тушаалаар мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авах комисс байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслахуудын үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэжил ур чадвар, ажлын туршлага зэргийг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, нэгдсэн үнэлгээгээр хамгийн бага оноо авсан шүүгчийн туслах Ш.О-ийг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

Нэхэмжлэгчийн хувьд “шүүгчийн туслах Д.Д нь төрийн албаны болзол шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалт явуулах нөхцөл үүсээгүй, ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагч “Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн тогтоолын дагуу нэр бүхий шүүгчийн туслахуудыг албан тушаалд нь жинхлэн томилсон тул Д.Д, Ш.О нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулж дүгнэсэн, Ш.О-т хуульд заасан нэмэлт баталгааг эдлүүлсэн” зэргээр шаардлага ба татгалзлаа тодорхойлж, маргах тул тэдгээр үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт өгөв. Үүнд:

“Шүүгчийн туслахуудын дунд сонгон шалгаруулалт явуулах нөхцөл үүсээгүй” гэх шаардлагын үндэслэлийн тухайд;

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон хязгаарт нийцүүлэн тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслахын 3 орон тоонд сонгон шалгаруулалт явуулах үед Л.Х, Д.Д, Ш.О, Г.Х нар “шүүгчийн туслах”-ын албан тушаалыг эрхэлж байжээ.

Тодруулбал, Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Д-г, Б/06 дугаар тушаалаар Ш.О-ийг, Б/07 дугаар тушаалаар Г.Х-г, Б/09 дүгээр тушаалаар Л.Х-г тус тус уг албан тушаалд жинхлэн томилсон байна.

Энэ талаар хариуцагч “өмнөх Тамгын дарга нар шүүхийн захиргааны ажилтнуудыг ажилд томилохдоо төрийн албаны нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол аваагүй, Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гаргуулаагүй гэх мэт олон алдаа зөрчил байсан тул ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Салбар зөвлөлөөс 09 дугаартай дүгнэлт ирснээр шүүгчийн туслахуудыг жинхлэн томилсон. Ш.О-ийн хувьд анх туслах түшмэлийн орон тоонд төрийн албаны шалгалт өгсөн хэрнээ дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал эрхэлж байгаа нь хуульд нийцэхгүй. Энэ хоёр хүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж адилтгаж үзсэн” гэх бол нэхэмжлэгч “шүүхийн захиргааны ажилтнуудын тушаалд алдаа зөрчил байсантай маргахгүй. Д.Д төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй байхад сонгон шалгаруулалт явуулах ёсгүй байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарлана[2].

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “... гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 17.3-д “... энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ ...”, 17.4-д “... сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж,

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2-т “... аймаг ... /дахь/ салбар зөвлөл нь тус тусын харьяаллын дагуу дараах хэлбэрээр нөөцийн сангаас нэр дэвшүүлнэ:”, 6.2.2-т “... төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа ... иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг ...холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх” гэж,

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолын I хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг ... аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлд хүргүүлнэ”, 2.7-д “... нөхөгдөөгүй тохиолдолд сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхнө” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтын дагуу “нэр бүхий иргэдийг шүүгчийн туслахын албан тушаалд томилсон шийдвэрийн алдаа зөрчлийг арилгах, тэдний эрх ашгийг хамгаалж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх” гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс бүрдүүлэхээр гаргасан Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын хүсэлт /захиалга/[3]-ийн дагуу Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй” хэмээн дүгнэж, “шүүгчийн туслах”-ын албан тушаалд томилуулахаар Д.Д, Ш.О, Г.Х, Л.Х нарыг тус нэр дэвшүүлжээ.  

Улмаар хариуцагч нь Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс хуулиар олгосон эрх хэмжээнийнхээ дагуу гаргасан 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан журмаар шүүгчийн туслахын орон тоог нөхөж, Д.Д, Ш.О, Г.Х, Л.Х нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд /жинхлэн/ томилсныг буруутгах боломжгүй байна.

Учир нь хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргах үед шүүгчийн туслах Ш.О, Д.Д нар эрх зүйн байдлын хувьд адил, төрийн жинхэнэ албан хаагч байсан; Төрийн албаны салбар зөвлөлөөс тэднийг нэгэнт “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй” гэж дүгнэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн; Д.Д-г шүүгчийн туслахаар жинхлэн томилсон шийдвэр болон сонгон шалгаруулалтын явц, үр дүнгийн талаар Ш.О-ийн зүгээс тухайн үед эрх бүхий этгээдэд гомдол гаргаж маргаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлах тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Ш.О, Д.Д нарыг шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон тус шүүхийн Тамгын газрын даргын  2018 оны Б/05, Б/06 дугаар тушаалыг хариуцагч өөрөө 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20, Б/21 дүгээр тушаалаар тус тус хүчингүй болгосон, Ш.О-ийг сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн 2014 оны 25 дугаар тушаалаа Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн зэрэг нь цаг хугацааны хувьд “шүүгчийн туслах”-ын орон тоо цөөрсөн үндэслэлээр Ш.О-ийг уг албан тушаалаас чөлөөлснөөс хойш хийгдсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа болно.

Иймд энэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд дурдсан үндэслэлийг үгүйсгэх, тушаал гарах үеийн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг өөрчлөх  үндэслэл болохгүй.  

           Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “/төрийн жинхэнэ албан хаагч/... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлэн тайлбарлавал тэдгээр /шүүгчийн туслахууд/-ээс үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь шалгаруулж авах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэн илүү хангаж байгааг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын ажлын байрны тодорхойлолтоор[4]  уг албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг “бакалаврын боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэглээний программын мэдлэгтэй, дотоод сүлжээ болон интернет орчинд ажиллаж чадвартай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой”, тусгай шаардлагыг “нууц хадгалах, хариуцлага хүлээх чадвартай, тогтвор суурьшилтай, санаачилгатай ажиллах” зэргээр тодорхойлжээ.

Шүүхийн тамгын газрын даргын хувьд 3 гишүүнтэй сонгон шалгаруулах комисс байгуулж, мэргэшлийн түвшин (сорил, бодлого, ур чадвар, эссе бичих буюу илтгэх, сургалтанд хамрагдсан байдал), үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын туршлага гэсэн шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулалт явуулахад нийт үнэлгээгээр Д.Д 67.1 оноо, Л.Х 62.9 оноо, Г.Х 60.1 оноо, Ш.О 54.6 оноо тус тус авсан ба дээрх үндэслэлээр Ш.О-ийг ажлаас нь чөлөөлжээ.

Сонгон шалгаруулалтын эдгээр шалгуур үзүүлэлтүүд нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д тодорхойлон заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах үзүүлэлт”-д нийцэж байх тул “энэ үзүүлэлт надад ашиггүй байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх буюу хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын явц, үр дүнтэй маргаагүй болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн хамт олны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны “Ш.О: шалгалт авч хамгийн бага оноо авч гарснаас Төрийн албаны хуулиараа ингээд гарсан нь надад зүгээр байсан юм. Би таны гаргасан шийдвэрийг өөрчлөх гээгүй” гэх тэмдэглэл, Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар албан бичиг зэрэг[5] хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдав.

 

 “Ш.О-т төрийн жинхэн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлүүлсэн” гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлийн тухайд;

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан нь дээрх 3 төрлийн нэмэгдэл баталгааг эрэмбэ дарааллын дагуу бус, аль нэгийг нь сонгож эдлүүлэх агуулгатай байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Ш.О-ийг шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлсөнтэй нь холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг болох 2034000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон байх ба нэхэмжлэгч нь уг мөнгийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлт, ХААН банкин дахь Ш.О-ийн 5946047709 тоот харилцах дансны шилжүүлгийн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан түүний “.. тэтгэмж олгосон, би шууд банкны зээлээ төлсөн. Тэгэхдээ нэхэж аваагүй” гэх тайлбар зэргээр[6] тогтоогджээ. 

Дээрх үндэслэлээр Ш.О-ийг шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан түүнд дээрх хуулийн “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох” нэмэгдэл баталгааг эдлүүлсэн байх тул “хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг нэмэгдэл баталгааг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж аваагүй болно. 

 

“Ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд;

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргахдаа  шүүгчийн туслахуудаас шалгалт авах комисс байгуулж, сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, энэ талаар 2018 оны 6 дугаарсарын 29, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд шалгалтын болон хамт олны хурал хийсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн үйл ажиллагаанд хамаарна.

Харин тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтын үр дүнг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хамт олны хуралдаанд танилцуулснаар Ш.О-ийг “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд” гэж тодорхойлох тул энэ үеэс түүнд сонсох ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгчийн “2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд шалгалтын дүнг сонссон. 10 гаруй минутын дараа ажлаас чөлөөлөх тушаалаа гардаж авсан” гэх тайлбарыг тус шүүхийн хамт олны хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд Б/14 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан дээрх журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэхээр байна. 

Хариуцагчийн “сонгон шалгаруулалтыг ямар үзүүлэлтээр явуулах, хамгийн бага оноо авсан нь ажлаас чөлөөлөгдөхийг Ш.О мэдэж байсан” гэж  тайлбарлах боловч хуульд заасан шаардлага болох сонсох ажиллагааны мэдэгдэлд зохих мэдээллийг тусгаж өгөөгүй, нэхэмжлэгчид тайлбар, саналаа гаргах боломж, хугацаа олголгүйгээр хамт олны хуралдаанд сонгон шалгаруулалтын үр дүнг танилцуулсан өдрөө ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тайлбар, саналаа гаргах бодит хугацаа олголгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж хүргүүлсэн, үүнийг сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй.

Гэвч уг шийдвэрийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь түүнийг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр албан тушаалаас чөлөөлсөн эрх зүйн үр дагаврыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлын тухайд;

Нэхэмжлэгч нь “шүүгчийн туслах Д.Д төрийн албаны болзол шаардлага хангаагүй тул сонгон шалгаруулалт явуулах үндэслэл байгаагүй” зэргээр маргасан хэдий ч шүүх дараах үндэслэлээр Д.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Ш.О-ийг Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөх үед Д.Д тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан боловч Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдөж, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[7] тогтоогдоно.

Тэгэхээр өөр шүүхэд, “архив, бичиг хэргийн эрхлэгч” гэсэн төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа Д.Д-ийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн улмаас төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ойлголт үүсэхгүй.

Нэгтгэн дүгнэвэл, “шүүгчийн туслах”-ын орон тоог цөөрүүүлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, хамгийн бага оноотой үнэлэгдсэн Ш.О-ийг албан тушаалаас нь чөлөөлж, тус хуулийн 27.2.4-д заасан тэтгэлэг олгох замаар төрийн жинхэн албан хаагчийн нэмэлт баталгааг түүнд эдлүүлсэн байх тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал нь нэхэмжлэгч Ш.О-ийн “хөдөлмөрлөх, хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах эрх”-ийг зөрчөөгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан Ш.О-ийн гаргасан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 

 

[1] Энэ тушаал хэргийн 88 дахь талд, мөн өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” А/11 дүгээр тушаал хэргийн 40 дэх талд авагдсан.  А/09 болон А/11 дүгээр тушаал нь огноо, утга агуулгын хувьд зөрүүгүй.

[2] Хэргийн 198-213 дахь талд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан.

[3] Хэргийн 151 дэх талд

[4] Хэргийн 78-79, 114-121 дэх талд “шүүгчийн туслах”-ын ажлын байрны тодорхойлолтууд авагдсан.

[5] Хэргийн 142, 157 дахь талд

[6] Хэргийн 7, 22, 191, 211 дэх талд

[7] Хэргийн 123-124 дэх талд