Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 862

 

2020         11        09                                    2020/ШЦТ/862

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч С.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Нид холбогдох эрүүгийн 2011 00000 0982 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Их шарнууд овгийн С.Н, 1996 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.......” ХХК-нд түгээгч, ачигч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамтаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар Багахангай дүүргийн ... дүгээр хороо, Хөдөөний айлууд ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны .... тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:.................../.

 

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн... дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Ш-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хоншоорын түүшин сэртэнгийн зөрөөтэй хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруулд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр үед нилээн согтсон байсан. Тийм учраас надад хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч С.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28-29х/ “...тэр үед үлдсэн нэг нь надтай гадаа гарч уулзъя хоорондоо эр хүн шиг учраа олчихъё гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд тэр залуугийн урд нь гараад алхсан. Тэгээд яг Д баарны үүдний хэсэгт гармагц нь би юу ч хэлэлгүйгээр эргэж хараад уруул хэсэг руу нь гараараа нэг цохиж унагаасан. Тэгтэл тэр залуу нүүрээ дарж газар сууснаа чи миний үүдэн 2 шүдийг хугалж унагаачихлаа ш дээ гэж байсан. Тэгээд тэнд би болон тэр надад цохиулсан залуу болох Ш-ын хамт явж байсан найзууд нь гэх хоёр залуутай мөн муудалцахад манай найзууд намайг салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж намайг авч явсан юм. Манай найзын бүсэлхийгээр тэвэрч бүжиглэж байсан хүн эсэхийг нь мэдэхгүй. Гадаа гараад эр хүн шиг учраа олчихъё гээд байхаар нь гарч байхдаа юм хэлэлгүйгээр шууд уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж үүдэн шүдийг нь хугалж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч М.Ш-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-7х/ “Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 25-ны оройн 22 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д нэртэй бааранд өөрийн 2 найз болох Э-, Төгсөө нарын хамтаар орж үйлчлүүлсэн. Тэгээд тэнд ороод бид нийт 0,75 жак даниел виски хувааж уугаад талдаа орж байгаад бид нар тайзан дээр гараад бүжиглэсэн тэгтэл нэг залуу бид 3-ын дундуур орж ирээд учир зүггүй чичлээд бүжиглээд байсан. Тэгэхээр нь би тэр залууг “...чи хөгшөөн болио” гэж дуудаад хэлэхэд тэр залуу шууд манай найз Э-ын нүүрэн тус газар руу нь 1 удаа цохисон. Тэгтэл тэнд бүжиглэж байсан баахан охид салгасан бөгөөд би тухайн үед тэр залууд “...хөгшөөн гараад уулзчихъя” гэж хэлэхэд тэр зөвшөөрөөд миний урд түрүүлээд гараад явсан. Тэгээд би араас нь дагаад явж байгаад үүдний хэсэгт байрлах шат руу араас нь өгсөж байх үед над руу гэнэт эргэж хараад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд миний ам руу 1 удаа цохисон. Энэ үед өөр хэн нэгэн байгаагүй. Бид 2 хоёулхнаа байсан бөгөөд цохиулсаны дараа миний дээд талын үүдэн 1 шүд хугарч, харин бас 1 үүдэн шүд хөдөлж эхэлсэн бөгөөд түүнтэй хамт явж байсан охидууд нь түүнийг салгасан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Т-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-10х/ “...хэсэг хугацааны дараа Н гээд байгаа залуу Ш-ыг гараад ир гээд өөрөө урд нь Н ард нь дагаад явж байсан. Тэгээд тэр хоёрыг шатаар өгсөөд гараад явж байхыг Э- бид 2 харчихаад араас нь гараад очтол манай найз Ш- машин түшээд амаа дараад зогсож байхаар нь яасан юу болов гэтэл энийг хараа гээд шүдээ харуултал үүдэн шүд нь уначихсан байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э-гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15х/ “Н тэр залууг уурласан уурандаа үүдээр дөнгөж гараад нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Т-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16х/ “Манай найз Н гадаа гарч байхдаа Ш- гээд байгаа залууг эргэж хараад цохиод унагаачихсан байсан, очоод нүүрийг нь хартал үүдэн шүд нь уначихсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №11061 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-19-20х/ “М.Ш-ын биед хоншоорын түүшин сэртэнгийн зөрөөтэй хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна”  гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч С.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Ш-той маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хоншоорын түүшин сэртэнгийн зөрөөтэй хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруулд шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч М.Ш- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол барагдсан, гомдол саналгүй гэжээ.

Иймд шүүгдэгч С.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ноос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.