Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0114/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

  

   Нарийн бичгийн дарга                                М.Долгоржав,

   Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

   Шүүгдэгчийн нарын  өмгөөлөгч               С.Нарангэрэл, Д.Ганхуяг

  Шүүгдэгч                                                        А.Л , О.Э    нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л , О.Э  нарт холбогдох 2039... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Л ,  О.Э  нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн З.Э ын 14 тооны бог малыг хулгайлж 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Л ,  О.Э  нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн З.Э ын 14 тооны бог малыг хулгайлж 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            1. Хохирогч З.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай малыг Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт Мөнгөншагай гэх залуу хардаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр над руу утсаар яриад “өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр нэг хурга тасарчихсан байхаар нь гайхаад хурга ганцаараа тасрана гэж байхгүй дээ гэж бодоод ойрхон байсан А.Л  ахын хоньруу тууж аваачсан юм. Тэгтэл уг хонин дунд манай 10 орчим тооны дандаа эр хонь байсан тэгэхээр нь маргааш ирж авна гэж бодоод орой нь гэрт нь ороод манай хонинууд танай хонинд байна лээ маргааш өглөө авна шүү гэж хэлтэл гэрт нь байсан О.Э  сандраад гараад явсан араас нь маин дээр нь юу байгааг харах гээд гартал тэр чигтээ давхиад явчихсан юм тэгээд өнөөдөр ваах гээд иртэл нэг ч хонь алга миний нийлүүлсэн 1 хурга хүртэл алга байна. Лхагва ахаас асуухаар буцаад тасраад явсан юм шиг байна” гэж надад хэлсэн Тэгээд манай эхнэр Хэрлэн О.Э тай утсаар яриад Лхагва ахынхаас хонь ачиж ирсэн үү гэж асуухад писдакууд хулгайд сэрдлээ гээд уурлаад байсан тэгээд би хөдөө яваад А.Л  ахтай гэрт нь очоод уулзахад мэдэхгүй гээд нийлсэн бол тасраад явсан юм байлгүй би лав хараагүй гээд эхнэр нь хулгайд сэрдлээ гээд уурлаад байсан... 2019 оны 12 дүгээр сарын 22-ны үдээш хойш манай малчин Мөнхшагай надруу залгаад өчигдөр манай хониноос 1 хонь тасраад зүүн урд уулан дээр явж байхаар нь барьж авах гээд ойрхон байсан Лхагваагийн хонинд нийлүүлж барьж авах гэтэл Лхагвагийн хонинд манай эр хонь, эр ямаанаас нийлчихсэн байсан, тэгээд орой нь Лхагва ахынд очоод хэлэх гэсэн чинь Лхагва ах гэртээ байгаагүй гэсэн, тэгээд Лхагва ахын эхнэрт нь манай хониноос танай хонинд нийлчихсэн байна гэж хэлсэн чинь эхнэр мэдэхгүй байна Лхагваагаас асуу гэж хэлэхээр нь хүлээгээд жоохон суусан гэсэн, тэгээд Лхагвааг нь ирэхгүй болохоор нь гэрлүүгээ харьсан. Тэгээд харьж байж байгаад 21-ний орой эхнэр хүүхэдтэйгээ Лхагваагийнд очсон гэсэн. Тэгээд тэр оройноо уулзсан ч гэлүү яасан ч гэлээ би сайн санахгүй байна, тэгээд маргааш нь өөрийнхөө хонь, ямааг бөөгнүүлээд тоолж үзсэн чинь хонь, ямаанаас зүс зүсээрээ дутахаар нь Лхагваагийнд мөн очиж уулзсан гэсэн. Мөнхшагай 22-ны өдөр надруу утсаар ярихдаа өчигдөр манай хониноос 1 хонь тасарчихсан явж байхаар нь ойрхон байсан Лхагваагийн хонинд нийлүүлсэн гэж ярьсан, би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хурга гээд мэдүүлэг өгчихсөн байсан...Мөрөн сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт Лхагваагийнд очиж уулзаад хониныхоо талаар асуухад ах нь аваагүй тийм юм байхгуй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 23-ны өдөр эхнэр болон Мөнхшагай, түүний эхнэртэй бид хэд хонь, ямаагаа тоолж үзэхэд 21 тооны хонь. ямаа дутсан, тэрнээсээ Мөнхшагайгийн хэрэглэсэн 5 хонь, ямаа, миний хэрэглэсэн 1 хонь, 1 ямаа болон нийт 7 тооны хонь ямааг хасаад 14 тооны хонь, ямаа дутсан...Лхагва манай хониноос тасдаж тасдаж аваад гэрийнхээ гадаа ажиллаад, тэр орой нь О.Э  нүүрс авч ирж таардаг нь ч юу ч юм. Энэ хоёр харилцан тохиролцоод л манаи малнаас хулгайлсан. Лхагва манай хониноос тасдаж авсан хонь, ямаанаас заримыг нь ажиллаад амьд үлдэснийг нь машин дээр ачуулаад л явуулсан байх, О.Э  Мөнхшагайг ирэхэд нь санд мэнд машинаа асаагаад хөдөлсөн гэсэн. Тэгэхэд Мөнхшагай машин дээр нь амьд хонь байгааг харсан юм байна лээ. Тэгээд О.Э  замаараа Ганбат гэх айлаар ороод хоёр хурга хүртэл буулгасан гэсэн. Өөр хаагуур ч мал буулгасныг мэдэхгуй шдээ, тэгээд 22-ны орой хэсгийн төлөөлөгч О.Э ынд очиж уулзаад О.Э ыг цагдаа дээр авч ирэхэд би О.Э тай уулзаад яагаад манай хонь малнаас ачаад байна гэхэд би ямар ч хонь мал ачаагүй, би нуүрс буулгачихаад л ирсэн гэж надад худал хэлсэн, тэгээд би гарахдаа машиных нь тэвшин дээгүүр гэрэл тусгаад харахад машиных нь тэвшин дээр хонины хоргол байсан. Тэгээд сүүлд надтай уулзахдаа би мэдэхгүй аччихсан юмаа. Лхагва ах намайг ачаад суман дээр буулгачих гэхээр нь би ачсан юм гэж худал хэлж байсан. О.Э  хэрэв хулгай хийгээгүй бол тэр орой намайг болон, манай эхнэрийг утсаар яриад чи юун мал ачаад байгаа юм гэж асуухад би ямар ч мал ачаагүй та муусай нар намайг хүлгайд сэрдлээ гээд уурлаад байсан. Хэрэв мэдээгүй ачсан бол үнэн учраа хэл нь биздээ, тэгэхээр энэ О.Э  Лхагва хоёр хамтран хулгайлсан гэж үзэж байна...би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Мөнгөншагай гээд мэдүүлсэн байна лээ Мөнхшагай гэдэг ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 100 тал/

            2. Гэрч Д.Мөнхшагайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт Элдэв-Очир гэх хүний малыг малалдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хонио бэлчээчихээд Пүрэвцогзол ахын гэрт очиж байж байгаад буцаад хонин дээрээ иртэл халтар хүзүүтэй хонь ганцаараа явж байхаар нь ойрхон байсан хонь руу нийлүүлсэн. Тэгээд хэний хонь руу нийлүүлснээ мэдэх гээд хартал дунд нь манай 10 гаран тооны хонь, 2 тооны ямаа харагдсан. Тэгээд би эргэж ирээд хэлнэ дээ гэж бодоод шууд өөрийнхөө хонь руу явсан. Тэгээд хонио хашчихаад орой 20 цаг 30 минутын орчимд А.Л  ахынд хонио хэлэх гээд очоод гэрт нь ортол О.Э  ах байсан. Тэгээд мэнд мэдчихээд манай хэдэн хонь танай хонинд байна лээ шүү гэж хэлтэл О.Э  ах шууд гараад явсан. Намайг ирэхэд О.Э  ахын машин дээр хонь харагдсан бөгөөд би тоогоогүй, тэгээд намайг орж ирээд хонь ярингуут зөрөөд гарахаар нь хардаад тамхи асууя гээд араас нь гарах гэтэл А.Л  ахын эхнэр Бямбаа эгч наадах чинь тамхи татдаггүй гээд саатуулаад байсан. Тэгээд гартал тэр чигтээ цаашаа яваад өгсөн. Тэгээд би хоино маргааш өглөө авья даа гэж хэлтэл Бямбаа эгч одоо гэрэл тусгаад хар гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би зулын 25-ны өдөр хотондоо зул өргөчихсөн байхад айлын хотруу гэрэл тусгаад яахав дээ маргааш болье гээд явсан. Тэгээд маргааш нь иртэл манай хониноос нэг ч байгаагүй, бүр миний тууж ирсэн хонь хүртэл байгаагүй. Тэгээд А.Л  ахаас асуутал мэдэхгүй ээ тасраад явчихсан юм байгаа биздээ гээд, харин эхнэр нь хулгайд сэрдлээ гээд уурлаад байсан. Тэгээд би хонины эзэн болох Элдэв-Очирт утсаар юу болсон талаар хэлсэн. Тэгээд сая мал алдсаны дараа зарлагаа хасаад малаа тоолж үзэхэд 12 хонь 2 ямаа дутсан... Уг хонь алга болдогийн 2 хоногийн өмнө О.Э  ах ирээд нүүрс авчирна гэж яваад нүүрс авчраагүй бүр шөнөөр адуу авчирч үлдээсэн. Тэгээд их сэжигтэй байгаад байсан, ер нь энэ хоёр ярилцаж байгаад манай хонийг хулгайлсан гэж бодож байгаа, тэрнээс хэд хэдэн өдөр ирсэн. Зүгээр нэг нүүрс авчирсан бол хулгайлсан малаа ажиллаж  дуусаад ачаад явахаар тааруулж нүүрс авчирна гэж юу байхав дээ...   ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/

            3. Гэрч Ц.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх малаа Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт Мөнхшагай гэх хүнд маллуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мөнхшагай манай нөхөр Элдэв-Очир руу утсаар яриад хонь алга болсон. Тэгээд А.Л гийнд О.Э  байж байгаад явсан, машин дээр нь хонь байх шиг байсан, их сэжигтэй яваад өглөө гэж хэлсэн. Миний хувьд О.Э ын эхнэртэй нь нэг анги учраас утсаар нь залгаад “чи А.Л  ахынхаас хонь ачиж явсан юм уу?” гэж асуутал үгүй ээ ямар ч хонь ачиж яваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачиж явсан юм биш үү, чамайг ачиж явсан гэж байна ш дээ гэж хэлтэл дахин үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хэрэв ачиж явсан бол буруу юм хийж байна шүү гэж хэлсэн тэгтэл писдакуудаа хулгайд сэрдлээ гээд уурлаад байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/

            4. Гэрч О.Сундуйжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр адуунд явж байтал А.Л  ах 12 цагийн оричмд “Эрдэнэ” нэртэй уулнаас уруудаад богино шилбүүр барьчихсан морьтой явж байсан би уулзаад адуу сурахад мэдэхгүй гэж байсан түүнээс нэлээд хэд хоногийн дараа Шагай ах Эрдэнэ уулнаас хонь алдсан хүн байсан эсэх талаар асуухаар нь Лхагва ах уруудаад явж байсан гэдгийг нь хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

            5. Гэрчээр О.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр танил ах А.Л  утсаар яриад чи манай хөдөө гэрт ирээд машин чирээд өгөөч ээ гэж гуйсан. Тэгээд ирэхдээ замаараа Чандганы уурхайгаар ороод нүүрс аваад ирээрэй гэж захьсан. Тэгээд нүүрс авч Мөрөн сумын 1 дүгээр баг Цүнхээл гэх газар гэрт нь очоод нүүрсээ буулгах хооронд нь гэрт ороод унтсан. Тэгээд унтаж байтал А.Л  ах нүүрсээ буулгачихлаа гэж дуудаад ах нь хэдэн мал тавиад явуулчий тэгээд араас чинь очоод авчихна гэж хэлээд 5 ширхэг хонины гулууз мах толгойтой нь цуг машины ачаан дээр тавьсан. Тэгээд танай охинд нэг хурга, чамд нүүрс авчирч өгсөнд чинь баяраллаа гээд нэг хурга өгсөн. Тэдгээрийг ачаад сумын төв явсан. Би суманд очтол танил Элдэв-Очирын эхнэр Хэрлэн утсаар залгаад чи Лхагваа ахынхаас хонь мал ачиж явсан юм уу гэж асуухаар нь үгүй би юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд буцаад Лхагва ах руу залгаад хүн яриад байна ямар учиртай юм бэ гэж хэлэхэд буруу зөрүү юм биш ээ санаа зоволтгүй гэж хэлсэн...Намайг А.Л  ахынд байхад Элдэв-Очирын малчин Шагай гэх залуу ирсэн, тэгээд 20 орчим минут юм яриж сууж байгаад би гараад явсан. Шагай араас гарч ирээд тамхи асуугаад татдаггүй гэж хэлтэл өө нээрээ та татдаггүй бил үү гээд буцаад орсон, тэгээд би явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/

            6. Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай “...Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр алдагдсан 14 тооны бог малын зах зээлийн үнэлгээг нийт 1.620.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-н 32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бусдын малыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

2015 оны шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж  шүүгдэгч нарын бусдын малыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр байгаа бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ял нь хүндрэхээр байгаа тул шинэ өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байгаа болно. 

Шүүгдэгч О.Э ын өмгөөлөгч С.Нарангэрэлээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлсэн дүгнэлтэд О.Э ыг мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, мэдээгүй гэж дүгнэсэн боловч Гэрч Д.Мөнхшагайгийн: “...Пүрэвцогзол ахын гэрт очиж байж байгаад буцаад хонин дээрээ иртэл халтар хүзүүтэй хонь ганцаараа явж байхаар нь ойрхон байсан хонь руу нийлүүлсэн тэгээд хэний хонь руу нийлүүлснээ мэдэх гээд хартал дунд нь манай 10 гаран тооны хонь 2 тооны ямаа харагдсан. ...орой 20 цаг 30 минутын орчимд А.Л  ахынд хонио хэлэх гээд очоод гэрт нь ортол О.Э  ах байсан тэгээд мэнд мэдчихээд манай хэдэн хонь танай хонинд байна лээ шүү гэж хэлтэл О.Э  ах шууд гараад явсан. Намайг ирэхэд О.Э  ахын машин дээр хонь харагдсан бөгөөд би тоогоогүй. Тэгээд намайг орж ирээд хонь ярингуут зөрөөд гарахаар нь хардаад тамхи асууя гээд араас нь гарах гэтэл А.Л  ахын эхнэр Бямбаа эгч наадах чинь тамхи татдаггүй гээд саатуулаад байсан. Тэгээд гартал тэр чигтээ цаашаа яваад өгсөн. Тэгээд би хоино маргааш өглөө авья даа гэж хэлтэл Бямбаа эгч одоо гэрэл тусгаад хар гээд уурлаад байсан ...Тэгээд маргааш нь иртэл манай хониноос нэг ч байгаагүй, бүр миний тууж ирсэн хонь хүртэл байгаагүй ...Уг хонь алга болдогын 2 хоногийн өмнө О.Э  ах ирээд нүүрс авчирна гэж яваад нүүрс авчираагүй, бүр шөнөөр адуу авчирч үлдээсэн, тэгээд их сэжигтэй байгаад байсан, ер нь энэ хоёр ярилцаж байгаад манай хонийг хулгайлсан гэж бодож байгаа. Тэрнээс хэд хэдэн өдөр ирсэн. Зүгээр нэг нүүрс авчирсан бол хулгайлсан малаа ажиллаж  дуусаад ачаад явахаар тааруулж нүүрс авчирна гэж юу байхав дээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, гэрч Ц.Хэрлэнчимэгийн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мөнхшагай манай нөхөр Элдэв-Очир руу утсаар яриад хонь алга болсон тэгээд А.Л гийнд О.Э  байж байгаад явсан, машин дээр нь хонь байх шиг байсан, их сэжигтэй яваад өглөө гэж хэлсэн. Миний хувьд О.Э ын эхнэртэй нь нэг анги учраас утсаар нь залгаад “чи А.Л  ахынхаас хонь ачиж явсан юм уу?” гэж асуутал үгүй ээ ямар ч хонь ачиж яваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачиж явсан юм биш үү чамайг ачиж явсан гэж байна ш дээ гэж хэлтэл дахин үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хэрэв ачиж явсан бол буруу юм хийж байна шүү гэж хэлсэн. Тэгтэл писдакуудаа хулгайд сэрдлээ гээд уурлаад байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/-үүдээр няцаагдаж байгаа тул шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Эрдэнэ-Очирт  1.620.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн  207, 226 тал/ гэсэн, хохирол барагдуулсан баримт, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж, дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ”  гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Л , О.Э  нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.750.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 2 тооны хурган төлгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Л , О.Э  нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-г 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч О.Э-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, О.Э-ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Л , О.Э  нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.750.000 төгрөгийг, мөн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 тооны /200.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурган төлгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ба 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай 2 тооны хурган төлөг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Л , О.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ